Цэцэрлэгийн хүүхдүүдэд санаатайгаар нитрит өгч хордуулсан багшид цаазын ял өгчээ

2020-09-29 128

БНХАУ-ын Жяозуо хотын нэгэн цэцэрлэгийн 25 хүүхдийг санаатайгаар хордуулж, нэг хүүхдийн амь насанд хүрсэн багшид цаазаар авах ял оноожээ.

Ван Юн гэгч хамт ажилладаг багштайгаа муудалцаж, өш хонзон авах зорилгоор өнгөрсөн оны гуравдугаар сарын 27-нд ангийнх нь хүүхдүүдийн хоолонд нитрит их хэмжээгээр хийж хордуулсан хэргээр баривчлагдаж, энэ хэрэг нь дэлхийн нийтийг цочирдуулж байв. Тухайн үед өглөөний унд уусан 23 хүүхэд бөөлжиж, ухаан алдаж унасан байна. Хэргийг шалгасны дүнд Ван Юн хүүхдүүдийн өглөөний унданд нитрит их хэмжээгээр хийсэн болох нь тогтоогджээ.

Есдүгээр сарын 28-нд Жяозуо хотын шүүх Ван Юнд цаазын ял оноолоо гэж “Global Times” сонинд мэдээлжээ. Тэрбээр хамт ажилладаг багштай хүүхдийн хүмүүжлийн асуудлаар маргалдаж, муудалцсаны даараа хүүхдүүдийнх нь хоолонд их хэмжээний нитрит хийсэн гэж шүүх онцолжээ. Нитрит амт оруулагчийг хүнсэнд өргөнөөр хэрэглэдэг ч их хэмжээгээр хэрэглэх нь амь насанд аюултай аж.

Энэ нь Вангийн хүн хордуулсан анхны хэрэг биш гэж Жяозуо хотын шүүх мэдэгджээ. Үүнээс өмнө тэр цахим худалдаанаас нитрит авч, нөхрөө хордуулж байсан байна. Азаар аминд нь хүрээгүй гэнэ.

Шүүх амиа алдсан хүүхдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Хятад улсад цаазын ялыг хортой тариа хийх эсвэл буудан хороох замаар гүйцэтгэдэг гэж тус сонин тодруулжээ.

Холбоотой мэдээ