Хөл хорионы үед өвөө, эмээ дээрээ байсан бяцхан охин таван сарын турш өвөөдөө хүчиндүүлж байжээ

2020-09-29 333

Бага насны хүүхдийн хүчирхийлэл… Энэ сэдэв Монголын нийгэм дэх хамгийн эмзэг асуудал болсныг ойрын үед гарсан хүний санаанд багтамгүй хэргүүд, тоо баримт харуулах боллоо. Есөн настай охин хойд аавдаа зодуулж нас барсан хэрэг хүн бүрийн сэтгэлд зүү шивэх шиг харуусал мэдрүүлснээс хойш бага насны хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг хууль журмыг чангатгах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх асуудал улам бүр чухал болж байна.

Хуульч Р.Булгамаа яг энэ асуудалтай холбогдуулан төрийн зүгээс үнэхээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг дорвитой алхам хийх цаг болсныг сануулсан ноцтой мэдээллийг олон нийтийн сүлжээнд байрлуулсан нь анхаарлын төвд орж ирээд байна.

Түүний өөрийн фэйсбүүк хаягтаа нийтэлсэн мэдээллийг хүргэж байна.


Хуульч Р.Булгамаагийн зурвас буюу ХҮНД ӨДӨР БАЙЛАА

ХҮНД ӨДӨР БАЙЛАА…

Яг өнөөдрийн байдлаар бусдын гарт амь насаа алдсан өсвөр насны гурван охин, бэлгийн хүчирхийлэлд өртсөн долоон охины хэрэг дээр хохирогч охидын өмгөөлөгчөөр ажиллаж байна.

Ковид-19 цар тахлын хөл хорионы үед өвөө, эмээ дээрээ байсан бяцхан охин таван сарын турш өвөөдөө хүчиндүүлж байжээ. Өнөөдөр бяцхан охины мэдүүлэгт хагас өдрийн турш хамт суулаа. Өглөө цагдаагийн хэлтэс дээр байцаагч руу орохын өмнө бяцхан охин би таньд 2 өдөр зурсан зураг, бүтээсэн цэцгээ бэлэг болгон авчирлаа. Та намайг хамгаалж чадна гэж надад амлаач гэсээр хоолой чичигнүүлэн бэлгээ өгөхөд ямар хүнд байв аа. Тэнгэр газар нийлэх шиг л сэтгэл сэмрээд явчихлаа. Бэлэгээ нээхээс зүрх шимшрэм. Бэргэж бэргэж ажлаа дуусган гэртээ ирээд аажуухан уутнаас нь гаргаад захианаас эхэллээ. Нандигнан боосон энэ захиаг унших агшинд нүдэнд нулимас бүрхээд үнэхээр амаргүй.

Энэ мөчид нэг л зүйл илүү их санааг минь зовоож байна. Яаж бид хүүхэддээ аюулгүй нийгмийг бий болгох вэ. Ядаж тэдэнд сэтгэлийн хүнд гэмтэл, шархаа даван туулах сэтгэл зүй, эрүүл мэндийн цогц үйлчилгээний талаар хуулинд нэн тэргүүнд тусгуулах юмсан. Гэмт хэрэгтэн хариуцлагаа хүлээгээд явлаа гэхэд хохирогч хүүхдүүдээ гэмт хэрэгтэн хэзээ нэгэн цагт гарч ирээд амь нас, эрүүл мэндэд минь эрсдэл үүсэх вий дээ гэсэн аюул айдасгүй, сэтгэл санаа нь амгалан байх тийм л орчныг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал юм байна.

Өнгөрсөн 7 хоногт мөн амаргүй захидал хүлээж авсан. Ээжийгээ 3 жил Солонгост ажиллах үед хамар хашааны ахын хүчирхийлэлд өртөж байсан охин. Захианыхаа төгсгөлд;

Ээжийн минь явуулж байсан 500$-с илүү ээжийхээ энгэрт 5 минут эрхлэх нь илүү үнэ цэнэтэй. Өнөөдөр би ээждээ ч гомдож, үзэн ядаж байна амьдрах ч хүсэл алга гэж сэтгэлийн үгээ төгсгөсөн байсан.

Миний дүү ухаантай байгаарай. Ээжийгээ үзэн ядаж болохгүй. Ээж нь амьдралын эрхээр чамайг орхин явж, хүний нутагт боолын боол болж ажиллаж байгаад ирсэн. Ээжийгээ битгий буруутгаарай гэж ятгаж аргадахын наагуур суухад ямар хүнд байсан гээч. Охин одоо ээжийгээ ойлгож эхэлснээ илэрхийлсэн. Ээж ч өмгөөлөгчөө яаж ингэж охины минь хандлагыг өөрчилж чадав аа. Та яг юу гэсэн вэ гэсээр мишээл тодруулан баярлалаа гэсээр ирсэн.

Хүүхдүүд ээж, аавтайгаа элэг бүтэн байх нь хамгийн эрхэм, аз жаргал юм.

Хуульч Ринзааны Булгамаа

Холбоотой мэдээ