Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери болон Монголын иргэнийг цагдан хорьж байгаа

2020-09-28 100

2020 оны есдүгээр сарын 25-ны өдөр олон нийтийн мэдээллийн зарим хэрэгслээр “Нийслэлийн шүүхээс сулласан Нигерийн иргэд их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад дахин баригджээ” гэсэн гарчигтай мэдээлэл олон нийтэд цацагдсан билээ.

Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотой хариу мэдэгдлийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас гаргажээ.

Мэдэгдэлд: 

“Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс У.Ариунзул, Адекола Олавасен, Азеез, Анози Дарллингтон Дон нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 955 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тухайн шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. 

Иймд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үнэн, бодитой мэдээллийг олон нийтэд түгээж, тус давж заалдах шатны шүүхийн нэр хүндэд илт үндэслэлгүйгээр халдахгүй байхыг анхаарна уу” гэжээ.

Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өмнө нь хар тамхины хэрэгт холбогдсон Нигери, Монгол Улсын иргэдэд 3-6 жилийн ял оноож байсан юм. Тэгвэл уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тус анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаасан аж.

Холбоотой мэдээ