Ц.Мөнхсаруул: Би бол Монголын хоёр дахь ерөнхийлөгч

2020-09-25 44

Ц.Мөнхсаруул: Би бол Монголын хоёр дахь ерөнхийлөгч

Анх 1986 оны тэр нэгэн өвөл Дархан хотын Полийн дээд сургуулийн тайзан дээр урлагт дуртай тэрээр хөгжим тоглож байгаад тархинд нь цус харваж хөгжлийн бэрхшээлтэй болсон ажээ. Хэзээ ч өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй болчихлоо хэмээн гутралгүй яг л эрүүл хэвээр байгаа мэтээр боддог хэмээн ярьж буй тэр нэгэн эрхэм бол Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч Цэрэндашийн Мөнхсаруул юм. Залуудаа авсан энэ бэртлээс хурдан хугацаанд сэхэл авч ажлын гараагаа эхлүүлэн 30 гаруй жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө зүтгэж яваа юм. Бэртэл авахаас өмнө дээд сургуулиа геологийн өрмийн инженерээр төгсч дараахан нь Удирдлагын академийг нийгмийн удирдлагын менежер мэргэжлээр төгсч байжээ. 2011 онд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгчөөр томилогдсон түүний ажил үүргийг Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч хэмээн үнэлэгдэх хэмжээнд хүрчээ. Түүний энэ хүч хөдөлмөрөө гарган зүтгэж яваа ажил үүргийнх нь талаар өрнүүлсэн ярилцлагыг хүлээн авна уу.  

-Өдрийн мэнд хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу, би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн. 1980 онд найман жилээ төгсөж гурван жилийн дараа цэргийн албанд явсан. Хөгжлийн бэрхшээлтэй болсноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажиллаж байна. Тухайн үед /1986 он/ мэдрэлийн тасгийн эмч нарын хяналт маш сайн байсан. Эмнэлгээс залгаж ирж хэвтээрэй гэдэг бүх юм бэлэн сайн үйлчилгээтэй байсан шүү. Үүний хүчинд л хурдан сэхэл авч хөл дээрээ боссон доо.  

-Яриагаа таны албан тушаалын талаар эхлүүлье гэж бодлоо. Одоогийн ажиллаж буй албан тушаалыг хэрхэн эрхлэх болсон юм бэ?

-2011 онд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч гэх суудалд суухаас өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог хуучнаар тахир дутуугийн нийгэмлэг гэдэг байсан юм. 1989 онд байгуулагдсан уг нийгэмлэгийн Октябрийн оройны салбар зөвлөлийн дарга болсноор ажлын гараагаа эхэлж байлаа. Дараа нь Нийслэлийн зөвлөлийн дарга гэж бүх дүүргийг нэгтгэдэг зөвлөл хэрэгтэй юм байна гээд 2003 онд байгуулж өөрөө дарга нь болж байсан. Ингээд 2011 онд энэ холбоог байгуулагдахад шууд ерөнхийлөгчөөр томилогдсон. НҮБ-ын дэргэдэх олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага /DPI/ гэж байдаг. Тус байгууллага таван жилд нэг удаа хуралддаг, улс орон бүрийн ерөнхийлөгч нар ирж оролцдог хурал юм. Хурлаар дэлхийд тулгамдаж буй хамгийн том асуудлуудыг хэлэлцэж, гарах арга замыг ярилцдаг бөгөөд энэ нь цаашид Ази тив болоод улс орнуудад яаж хэрэгжих талаар хэлэлцдэг. Тиймээс ерөнхийлөгчийн үүргээ биелүүлж улс орноо төлөөлөн уг үйл ажиллагаанд оролцдог.

-Монгол улсад 115000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий. Тэдгээр бүгд танай холбоонд багтдаг уу эсвэл гишүүнчлэлтэй юу?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалдаг учраас хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр манай гишүүн гэж явдаг. Гишүүн бүрийнхээ эрхийг хамгаалдаг хууль ёсны зэрэглэлтэй байгууллага. Энэ жилээс бид гишүүддээ шар үнэмлэх өгч эхэлсэн, үнэмлэх авсан хүн бол холбооны жинхэнэ гишүүн болно гэсэн үг. Бүх эрхүүдийг багтаасан багахан хэмжээний татвартай үнэмлэх юм. Гишүүдийн шар үнэмлэхийг дүүрэг, аймгуудын дарга нарт тарааж өгсөн.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гишүүн болсноор тухайн хүнд ямар өр өгөөжтэй байх вэ?

-Манайх ашгийн бус байгууллага. Гишүүн болсноор бид тэдний эрхийг хуулиар хамгаалж байна өөрөөр хэлбэл өөрийнх нь өмнөөс өөрийг нь хамгаалж байна гэсэн үг. Тухайн хүн ямар ч хүн байж болно шүү дээ. Өөрийгөө илэрхийлж чадахгүй хүн байвал өмнөөс нь ярина, эрхийг нь хамгаалж өгнө. Хуучин социализмын үед бол өөр байсан, одоо бол эрхийг нь зөрчих тохиолдлууд олширч байна. “Чи олон жил нийгмийн халамж авсан, одоо хасна группээс гаргана” гэх мэтчилэн эрхийг нь зөрчдөг. Тийм болохоор хүмүүс айгаад элсэж чаддаггүй. Группт орох ёстой иргэн эрхээ ч мэдэхгүй явж байдаг. Ийм хүмүүсийг нуугдмал хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж нэрлэдэг.

-Монголд ашгийн бус нэрэн дор ашгийн төлөө явдаг олон байгууллагууд байдаг. Та бүхний ажлыг бидний эрх ашгийн төлөө бус өөрсдийн ашгийн төлөө ажиллаж байж магадгүй гэсэн хардлага зарим хүмүүст төрөхийг үгүйсгэхгүй. Энэ талаарх бодлоо хуваалцаач?

-Хардах нь хүний л эрх, хардаж болно. Яг үнэнийг хэлэхэд би улсад олон жил ажиллаж байж өнгөрсөн жил 30 сая төгрөгийн төсөл бичээд 15сая төгрөг аван ажлынхаа байрыг нэг удаа засварласан. Засаг харж үзэж байгаа хэдий ч хэрхэн яаж зарцуулах арга замаа мэдэхгүй байна. Хэнд мөнгө очоод, хаагуур хэрхэн зарцуулагддаг нь маргаантай асуудал болдог. Нэгэн хэвийн горимондоо орох хэрэгтэй. Өөрөөр хэлэхийн бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага төлөвшихгүй байна, төр нь өөрөө нөхцөл байдлыг ойлгохгүй байна. Ингэхээр хөрөнгө, төсөв зөв хуваарилагдахгүй. Саяхан нэг шинэлэг зүйл гарч ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн агентлаг байгуулагдсан. Энэ байгууллага төрийн бус байгууллагуудтайгаа нягт уялдаатай ажиллах хэрэгтэй.  Нэг зүйл ажиглахад энэ төрийн бус, төрийнх гэж ялгаж харьцах хандлага. Төр гэхээрээ л бусдыг ойшоож үзэх ёстой юм шиг ханддаг. Харин ч төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаан дээр л төр оршин тогтож байгаа.

-Та өөрийгөө Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч гэсэн шүү дээ, яагаад тэгж хэлсэн шалтгаанаа хэлээч?

 -НҮБ-ын аливаа үйл ажиллагаанд манай улсын ерөнхийлөгч улсаа төлөөлж оролцдог шүү дээ. Харин би НҮБ-ын дэргэдэх олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага /DPI/-д Монгол улсыг төлөөлж очдог. Монгол улсад оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж, холбооныхоо ерөнхийлөгч гэсэн утгаар очиход Монголын ерөнхийлөгч ирж байна хэмээн хүлээж авдаг. Тэр талаасаа би өөрийгөө хоёр дахь ерөнхийлөгч гэж боддог юм.

-Ерөнхийлөгчөөр ажиллаж буй хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хийсэн хамгийн том зүйл тань юу вэ?

-Анх 1989 онд салбар зөвлөлийн залуухан дарга байхдаа ямар байгууллагад ажиллаж байгаагаа, юу хийхээ мэдэхгүй хэсэг хугацаа өнгөрсөн. Тухайн үед картын бараа тараадаг, улаан загалмайн нийгэмлэгээс өгсөн барааг иргэдэд хувааж өгдөг байсан. Олон жил ажилласны хүчинд ажил хэргээ ойлгохын дээдээр ойлгож хийдэг болсон. Намайг энэ ажлыг авахаас өмнө аймаг бүр салбар зөвлөлтэй байсан. Тухайлбал МХБИХ-ны Баян-Өлгий аймгийн салбар зөвлөл гэдэг байсан бол одоо Баян-Өлгий аймгийн холбоо гэх бие даасан хуулийн этгээд бий болсон. Холбоо засаг даргатайгаа хамтарч асуудлыг шийдэх, хянах өргөн эрхтэй болсон гэсэн үг. Хэрэв хуучнаараа байсан бол асуудал гарахад би заавал биеэрээ очиж салбарын зөвлөлийн даргатай уулзан асуудлыг шийдэх ёстой болдог байсан. 21 аймаг бүрийг салбар холбоотой болгосон нь миний хувьд чухал ажил байсан. Түүхэндээ бол НҮБ-ын дэргэд байдаг үүрэгдсэн хэлбэртэй конвенцод нэгдсэн түүх манай улсад байгаагүй. Уг конвенцыг DPI-ийн зөвлөлөөс гаргаж НҮБ-ээр батлуулдаг юм. Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө конвенцод нийцсэн ямар ажил хийж байгааг бид азируу мэдээлэлж, Ази цаашаа дэлхийрүү мэдээлдэг. Илүү хариуцлагатай болсон.

-2011 оноос хойш хэрэгжилт нь ямар шатанд явж байгаа вэ, хэр үр дүнтэй байна вэ?

-Энэ талаар бидэнд УИХ-тай ярих шаардлага байхгүй тэд чиглэл өгөөд үүргээ биелүүлчихсэн. Ерөнхийлөгч чиглэл өгөөд, гүйцэтгэчихсэн. Одоо бидэнд эхний ургуулсан модныхоо үр жимсийг хүртэх л үлдээд байна. Тэгэхийн тулд эрхийг бодит болгоё. Нийслэлээс эхлээд аймаг, дүүрэг, хотын дарга нар хэрэгжүүлэхгүй байна. Гэтэл Баянзүрх дүүрэг дээр жишээ авахад засаг дарга нь хүмүүстээ санхүү олгож, дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд санхүүжилт олгоод, байр орон сууцаар хангаж байгаа нь маш том амжилт. Ийм сайн үйл хийж байгаа хүмүүсээсээ үлгэр жишээ авах хэрэгтэй. Харин бусад дүүргүүд санхүүжилт олгохгүй, Багахангай жилдээ дөнгөж сая төгрөг олгодог. Ойр ойрхон лекц, семинар орох хэрэгтэй. Энэ мөнгийг юунд зарцуулах талаар мөн санхүүжилт авснаар тэр дүүрэгт  оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг тал дээр зөвлөгөө семинар өгөх хэрэгтэй байна. Гэтэл бид нарт санхүүжилт, семинарын зардал хэрэгтэй болдог.

-Таны хувьд байгаа байдалтайгаа эвлэрч, өөрийгөө хүлээн зөвшөөрч чадсан. Гэтэл өөрсдийгөө хөгжлийн бэрхшээлтэй гээд нийгмээс тусгаарлаж, хөдөлмөр эрхлэх чадамжгүй гэж боддог иргэд цөөнгүй. Сэтгэл зүйн хувьд тэдгээр хүмүүс яах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд өөрийнхөө байгаа нөхцөл байдлыг ойлгож хүлээн зөвшөөрөх юм. Нэгэнт тохиолдсон зүйлийг буцааж болохгүй. Үүнээс хойш яах вэ, юу хийх хэрэгтэй вэ гэж бодон цаашид тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Өсвөр насныхан ихэвчлэн өрөөндөө суугаад хаалгаа тайлахгүй зурагт ширтээд суучихдаг. Энэ нь өөрсдийгөө улам нийгмээс тусгаарлаж байгаа юм. Төр засгаас сэтгэл зүйчийг ажиллуулах, зөвлөгөө өгөх тал дээр анхаарч ажилламаар байна.

-Холбооны зүгээс хөрөнгө төсөв шаардахгүйгээр улсаас байр гаргуулаад энэ талаар сургалт орох боломжтой юу?

-Боломжтой. Өмнө нь дүүргийн засаг дарга, нийгмийн хөгжлийн хэлтэстэй ярилцаад заал гаргуулж сургалт орж байсан. Миний зүгээс хүсэх хоёр л зүйл байдаг. Нэгдүгээрт заал, хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэл хүргэж, зар түгээхийг хорооны хүмүүсээс хүсдэг. Нөгөө талаар цугласан хүмүүс чинь сургалтын дараа юу тараах бол гээд хүлээгээд байдаг талтай. Хуучин цагт хувцас, бараа тарааж өгдөг байсан.

-Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн хөдөлмөрлөж буй залуус олон бий. Гаргүй мөртлөө машин бариад мөнгө олж буй бүсгүй байдаг. Харин нөгөө хэсэг нь хүмүүс надад тусалж, өрөвдөх ёстой гэсэн хандлагатай байдаг. Алийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм бол?

-Хүн болгон өөр бүгд нэг хайрцагт хайрцаглагддаггүй. Хөдөлмөр эрхлэх чадваргүй хоёр хөл, гаргүй ч сэтгэл зүйн хаттай хүн намайг зорьж ирээд ажил хийе гэдэг. Боломжгүй зүйл шүү дээ. Тэгэхээр манай нийгмийн халамжийн систем доголдолтой байгааг илтгэж байна. Энэ хүнийг ажил хийх шаардлагагүй болтол тэтгэмжийг нь сайн өгч, байр орон сууцаар хангах хэрэгтэй. Зарим нь ажил хийгээд явах боломжтой хүмүүс ч бий. Тэдгээр хүмүүсийг тусад нь ангилж хөдөлмөр эрхлүүлдэг болгох шаардлагатай. Ажил хийж чадахгүй, ганц бие асран халамжлах хүнгүй хүмүүст ахмад настны асрамжийн газар байдагтай адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар байгуулж өгөх нь зүйтэй.

-Энэ бүтээн байгуулалтыг хийхгүй байгаа шалтгаан нь төр засагт хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ойлгох нэгэн гарахгүй байгаад юм. Хэрэв дэвшээд гарч чадвал өөрчлөлт хийж чадах болов уу?

-Бие даасан нэг хүн гарахад хэцүү УИХ-д нэр дэвшсэн хөгжлийн бэрхшээлтэй найман хүн байдаг. Тэрний оронд хууль санаачлаад намуудтай гэрээ хийн “бидний хүссэн хуулийг батлуулж өгөөрэй” гэх хүсвэл амьдралд хамаагүй ойр. Бид нарын төлөө гэж гарчхаад юу ч хийхгүй байвал шүүмжлэх эрхтэй.

-Ажлаа сайн мэддэг тань шиг хүний хувьд ирэх жилийн иргэдийн нийтийн хурлын сонгуульд нэр дэвших бодол бий юу?

-Өрсөлдөнө гэж төлөвлөж байна. Хийсэн бүтээсэн зүйлүүд дээрээ тулгуурлаад бодсон зүйлээ бодит болгохын төлөө зүтгэнэ. 2004 онд УИХ-д нэр дэвшиж үзсэн. Суудалд суучхаад хууль батлаад суух биш тэрнээс доод түвшний хэрэгжүүлэх байгууллагад нэр дэвшиж ажиллавал илүү хэрэгтэй гэж боддог болсон. Мөнгө тарааж гарснаас хийсэн бүтээснээ ард түмэндээ илтгэж, өөрчлөлт хийхийг би хүсдэг.

Эх сурвалж: Golden News сэтгүүл

 

Холбоотой мэдээ