Хойд аавынхаа гарт амиа алдсан охины хэрэгт сэжиглэгдэж буй М.Баттулга гэгч хэн бэ

2020-09-24 623

Энэ сарын 20-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хойт аавынхаа гарт есөн настай охин амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан билээ. Уг хэрэгт түүний хойт аав Б-г саатуулан шалгаж байгаа. Тэгвэл өчигдөр Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэхүү хэрэгт сэжиглэгдэж буй этгээд анхны байцаалтаар хэргээ хүлээсэн гэх мэдээллийг хэвлэлийнхэнд хандаж хэлсэн юм.

Түүнчлэн шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр амиа алдсан охин гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг байсан бөгөөд үүнээс гадна талийгаач охины биед нь шарх сорви илэрсэн гэсэн дүгнэлт гарчээ.

Өдгөө уг хэрэгт сэжиглэгдэж буй хойд аав М.Баттулга гэгчийн талаар та бүхэнд танилцуулая.  Тэрээр 1984 онд төрсөн 36 настай, бүрэн дунд боловсролтой нэгэн бөгөөд “Оюу-Толгой” компанид гэрээт ажилчнаар ажиллаж байжээ.

М.Баттулга нь хоёр жилийн өмнө ажлаасаа гарч, Улаанбаатар хотод барилгын засал чимэглэлийн ажил хийдэг байсан гэх бөгөөд тогтсон ажилгүй байх үедээ архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

Уг сэжигтэн 2016 оноос эхлэн талийгаач охины ээж Б-тэй хамтран амьдарч эхэлсэн бөгөөд бага насны хоёр дагавар охин, жирэмсэн эхнэр, өөрийн төрсөн 2, 8 настай хүүтэйгээ хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд амьдардаг байжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр бага дүүгээ “сайн харахгүй” байна гэдэг шалтгаанаар талийгаач охиныг удаа дараа зодож, гэмтээж байсан гэх бөгөөд ширүүн дориун, хурц зан ааштай нэгэн гэнэ.

 

Холбоотой мэдээ