Тулаанч Н.Чингүнжав: Тулааны спорт ширүүн харагддаг ч бодит байдал дээр тэр чигээрээ хүндлэл байдаг

2020-09-23 101

 Н.Чингүнжав: Тулааны спорт ширүүн харагддаг ч бодит байдал дээр тэр чигээрээ хүндлэл байдаг

Мөрөөдлийнхөө төлөө алхам алхамаар урагшилж байгаа нэгнийг хүмүүс хараад тэр оргилд хэрхэн хүрснийг огтхон ч анзаарч хардаггүй. Цөөн хүн амтай Монголууд бидний хувьд ч дэлхийд эх орныхоо нэрийг гаргахаар хөдөлмөрлөж буй залуусаа дэмжих нь зүйтэй. Дэлхийн боксын холбоо /World Boxing Council/-ны муай тай боксын тэмцээнд оролцож аваргын бүсийг Монголд анх удаа авчирсан Спортын мастер Намсрайн Чингүнжавыг энэ дугаарт онцолж байна. Таеквондогын улсын зургаан удаагийн аварга, бүх Японы аваргад шүүтбоксоор дөрвөн удаа ялалт байгуулсан түүний хувьд ялалт бүр хүндлэл, тэвчээр, уйгагүй бэлтгэл дэр тогтож байдгийг дурьдлаа.

Таны хувьд спортын олон төрлөөр буюу таеквондо, кикбоксинг, шүүтбоксинг, муай тай бокс зэргээр хичээллэдэг. Хэзээнээс эхэлж спорт сонирхох болсон юм бэ?

-Би анх долоон настайгаасаа хойш каратегийн спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед Брюс Ли, Жэки Чан гэх мэтчилэн зодооны урлагтай кинонууд үздэг байсан болохоор их нөлөөлсөн. Хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан учраас эцэг эх маань намайг спортын зам мөр хөөлгөсөн юм.

-Эдгээр спортоор хичээллэхэд хоорондын ялгаатай байдлаас шалтгаалаад хүндрэлтэй зүйл гардаг уу?  

-Мэдээж спорт бүр өөр өөрийн  онцлог шинжтэй. Анх миний суурь болсон спорт бол таеквондо дараа нь кикбокс, шүүтбоксинг гээд яг шат дарааллаар нь сурсан.  Таеквондо гэхэд 80 хувь нь хөл, 20 хувь нь гарны чадвар шаарддаг бол кикбокс хөл, гар хоёулаа 50 хувийн оролцоо шаарддаг. Харин шүүтбоксинг хөл гараас гадна авч шидэх, боох мэх, тохой өвдөг оролцдог байх жишээний. Нэг спортоос нөгөө рүү нь хөрвөж ороход надад амар байсан. Учир нь хөлний тал дээр асуудалгүй учраас шууд гараа хөгжүүлэх гэх мэт сууриа зөв тавьснаар дараа дараагийн спортруу хөрвөх боломж нээлттэй байсан.

-Спортоор хичээллэж эхэлснээс хойш өөрт тань гарсан хамгийн том өөрчлөлтөөсөө яриач?

-Магадгүй надаас өөр олон тамирчдад адилхан өөрчлөлт гардаг байх. Зан чанарын хувьд хүнийг хүндлэх зөв төлөвшил суусан. Ахмад хүн ч бай, өрсөлдөгч, аав ээж, багш гээд бусыг хүндэлж байх хэрэгтэй. Хүнээс үг сонсох нь хамгийн чухал. Сэтгэл зүйн хувьд бол хөдөлгөөн, бэлтгэл хийхгүй л бол нэг зүйл дутагдаад байгаа юм шиг санагдаад бэлтгэлээ байнга хийхийг эрмэлздэг болсон. Ер нь спорт хүнд олон эерэг төлөвшил өөрчлөлтийг бий болгож байдаг шүү дээ.

-Саяхан WBC холбооны муай тай бокс төрлөөр аваргын бүсийг эх орондоо авчирсан анхны тамирчин болсон. Эх орноо төлөөлөн олон улсын тэмцээн уралдаанд оролцоход тэмцээний зардал, санхүүгийн дэмжлэгээ улсаас авдаг уу эсвэл хувиасаа гаргадаг уу?

-Манай улсын хувьд спортын төрлөөсөө хамаараад янз бүр байдаг. Ер нь дэмждэг спорт маш цөөхөн. Эх орныхоо нэрийг гаргасан тамирчдад зарим хувийн компаниуд дэмжлэг үзүүлээд явдаг. Олимпийн төрөлд Монголынхоо нэрийг өндөрт гаргадаг чөлөөт бөх, жудо, бокс гэх спортуудыг бол улсаас дэмждэг. Харин тулааны спорт сүүлийн жилүүдэд дөнгөж хөгжиж эхэлж байгаа болохоор мэдэх хүн цөөхөн бий. Тийм болохоор зардлаа хувиасаа гаргадаг. Харин  Япон, Солонгосын өмнөөс оролцоход зардлыг нь маань даадаг ч чансаа өндөртэй эсэхээс хамааран хувь нь өөрчлөгддөг.

-Спорт гэдэг бол маш их хөлс, хүч, хөдөлмөр шаарддаг зүйл. Тэр хэрээрээ цаг хугацаа ч бас шаардагдана. Хамгийн их тэсвэр тэвчээр гаргаж тулалдсан мартагдашгүй тулааны тайз байдаг уу?

-Хүнд мартагддаггүй сэтгэлд хоногшсон тулаан гэж байдаг. Японд одоогоос хоёр жилийн өмнө Тайландын дэлхийн аваргатай хийсэн тулаан бол яахын аргагүй мартагдашгүй. Тэр хүн намайг бодвол 80 гаруй тулаан хийсэн туршлагатай мундаг хүн. Дотроо ялагдаж болохгүй шүү гэж бодсон хирнээ сэтгэлд нэг л яанаа гэсэн түгшүүр, айдастай байсан. Тэр үед сэтгэл санаагаар дэмжиж зоригжуулж байсан хүмүүс бол гэр бүл, дасгалжуулагч багш Ариунбаяр маань байсан. “Зүгээр л урагшаагаа яв, өөрт байгаа бүх зүйлээ гарга, цохиулаад унана гэж айх хэрэггүй” гэж хэлсэн нь зоригжуулсан. Тайзан дээр гараад бүтэн таван үеийн турш ухралгүй урагшилсаар тулалдаж ялсан. Тэр тэмцээний дараа Японд миний чансаа дунд хавьцаа байсан нь өсөж шууд нэгт орж байсан.

-Монголд сүүлийн үед хүүхэд, залуус кикбокс буюу холимог зодооны төрлийг сонирхох болсон. Хэр их хүмүүс хичээллэж, амжилт үзүүлж байгаа вэ?

-Аюултай гэдэг утгаараа эцэг эхчүүд заримдаа цааргалаад байдаг. Энэ жил би Монголдоо ирээд клубууд дээр очиж бэлтгэл хийхэд сонирхогчид маш ихэссэн байналээ. Хичээллэж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэх тусам үзэгч сонирхогч нэмэгдэнэ. Миний мэдэхээр арав гаруй мэргэжлийн тамирчин бий. Тэд бүгд эх орондоо аварга болчихсон. Одоо олон улсад нэрээ гаргахаар хичээж байгаа. Мөн манай улсаас төрсөн олон мундаг тамирчид бидний замыг тавьж өгсөн байдаг. Тэд зөв үлгэр дууриалал үзүүлж олон улсын хэмжээнд гарах бололцоо байгаа гэдгийг, өшөө олон боломж нээлттэй байгааг бусдадаа харуулж үүд хаалгыг нь нээж өгч байна гэж би хардаг.

-Тулааны тайзан дээр гарах мөчид юу мэдэрдэг вэ. Мэдрэмжээсээ хуваалцаач?

-Тамирчдын хувьд тулааны тайзан /ринг/ дээр гарах нь хамгийн их зориг шаардсан зүйл. Яагаад ч юм би өрсөлдөгчөөсөө айхгүй байгаа боловч эх орныхоо тугаа аваад гарахад маш их сандардаг. Яг тэр мөчийг би жүжигчин, урлагийн хүн учраас урлагийн тоглолт мэтээр төсөөлдөг. Энд тулаан үзэхээр ирсэн хүмүүс мөнгөө төлж сонирхолтой зүйл үзэхээр ирсэн учраас би тэднийг уйдаах эрхгүй гайхалтай, огшоосон тулаан үзүүлэх ёстой гэж боддог. Тухайн тамирчин тулаан бүр дээр өөрийн чадах бүхнээ харуулж үзүүштэй тоглолт хийхгүй бол дараа нь гэрээ хийх боломж нь багасдаг. Тиймээс өөрт байгаа бүх зүйлээ дайчлах л хэрэгтэй. Нөгөө талаас би хувьдаа тулааны өмнө хийх ёстой бэлтгэлээ бүрэн хийсэн тохиолдолд юунаас ч айх хэрэггүй гэж боддог. Тоглолт эхлэхэд бэлтгэл сайн бол бүх зүйл зүгээр.

-Жүжигчин мэргэжилтэй гэсэн шүү дээ. Цаашид ирээдүйд мэргэжлээрээ ажиллах бодол бий юу аль эсвэл спортоороо хичээллэх үү?

-Миний хамгийн том зорилго бол мэргэжлээрээ дамжуулаад тулааны урлагтай кино буюу акшин киноны жүжигчин болох зорилготой. Хоёрт тулааны спортын ноён оргил болох UFC championship болон өөр олон аваргуудад өрсөлдөж нэрээ мөнхлөхийг хүсдэг. Нэг удаа Япон явахын өмнөхөн би өөртэйгөө ярилцан, нэгэн шийдвэрт хүрсэн юм. Яаж дэлхийн хэмжээнд нэрээ гаргах вэ гэвэл эхлээд би тулааны спортоор өөрийгөө гаргаж ирэх ёстой юм байна. Өөр улс орнуудад очиж тэмцээнд оролцсоноор өөрийгөө бага багаар таниулсаар байгаа юм. Дараа нь жүжигчнээр гараагаа эхэлэхэд хүмүүс таньдаг мэддэг болсон байвал маш чухал. Ийм л маршрутаар би мөрөөдөлрүүгээ явж байна даа.

-Заримдаа олон удаа тулалдсан, хүч сорьсон тамирчид хоорондоо найз нөхөд болох тохиолдол гардаг. Таны хувьд тийм зүйл тохиолдож байв уу?

-Хүн харахад тулааны спорт бие биетэйгээ тулалдах гэсэн ширүүн харцтай хүмүүс мэт харагддаг боловч бодит байдал дээр тэр чигээрээ хүндлэл байдаг. Тулааны үеэр цус, нөжөө гартал тулалдсан ч бие биенээ хайрладаг, хүндэлдэг. Үзэхээр ирсэн хүмүүс бие биенийгээ хэрхэн хүндэлж байгааг хараад бахархах сэтгэл төрдөг. Би Японд байхдаа нэг хүнтэй дөрвөн удаа өрсөлдөгч болж тулалдсан. Миний Японд хийсэн мэргэжлийн хамгийн анхны тулаанаар анх таарч би ялж байсан. Түүнд яг намайг л ялна гэсэн цагаан шар байдаг. Тэр хүнтэй би одоо маш сайн найзууд болсон. Хамт бэлтгэл хийсний дараа бие биедээ талархаад их зүйлс сурдаг. Таеквондо бол надад хүндлэл гэдэг зүйлийг зааж өгсөн бол Японд очоод нүд маань нээгдэж бүр илүү их бусдыг хүндэлж сурсан. Гаднаа хэрцгий харагддаг ч цаанаа бүгд л төлөвшилтэй хүмүүс байдаг шүү. Тиймдээ ч би Монголд ирэхдээ бусад тамирчид, хичээллэж буй хүмүүсдээ үлгэрлэхийг хичээдэг. Монголчууд чинь их омголон, хөөрүү цустай хүмүүс, өөрийгөө харуулах гээд огшоод байдаг талтай.

-Энэ чиглэлийн спортоор хичээллэх сонирхолтой олон залуус байдаг байх. Сонирхсон ч хичээллэх боломж бололцоогүй хүмүүс ч бас бий. Тэдгээр хүмүүст зориулж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Боломжгүй гэж бодох хэрэггүй. Бүх зүйл боломжтой. Зуун хувь тухайн хүний хүчин чармайлтаас шалтгаална. Дасгалжуулагч багш нар, олон улсын тавцанд гарсан тамирчидтай уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй. Би юу хийх ёстой вэ, туслаач гээд харилцаж эхэл. Мөн багшаа зөв сонгох чухал. Шантарч болохгүй шүү өөрийнхөө зорилгын төлөө тэмц гэж хэлмээр байна. Тамирчин хүн ер нь ямар байдаг, ямар нөхцөлд бэлтгэлээ хангадаг, тамирчдын тайзны ард юу өрнөж байгааг хүмүүс мэддэггүй шүү дээ. Жин хасалт, бэлтгэл гээд олон зүйлс өрнөдөг. Тэр бүх зүйлийг сонирхуулах гэж би влог хийж эхэлсэн байгаа. Эхний дугаараа саяхан цацсан. Тиймээс үзээд урам зориг аваасай гэж хүсч байна.  

-Ярилцсанд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсье. 

Эх сурвалж:Golden News сэтгүүл

 

 

Холбоотой мэдээ