АНУ-аас Монголд суух ес дэхь Элчин сайд асан Ж.Эдлтон: Насаараа Монголтой холбоотой байсан мэт санагддаг

2020-09-22 189

Ж.Эдлтон: Насаараа Монголтой холбоотой байсан мэт санагддаг

Монгол улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш АНУ-аас Монголд суух ес дэхь Элчин сайдаар томилогдон 2009-2012 онд ажиллаж байсан, өдгөө Мерсерийн их сургуулийн Олон улс судлалын тэнхимийн эрхлэгч, Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Жонатан Эдлтонтой өрнүүлсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр Америк-Монгол улсын дипломат харилцаа номоо ажил үүргээ биелүүлснийхээ дараагаар хэвлүүлж хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд гүн туслалцаа үзүүлж, одоо ч үргэлжлүүлэн манай улсад хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.

-Таны тухай Монголчууд сайн мэднэ, ном зохиол бичдэг гэдгээр нь ч сайн мэддэг. Элчин сайдаар ажилласан гурван жилийн хугацаанд хийсэн хамгийн том ажлаасаа дурдаач?

-Элчин сайдын үүрэг нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Мөн элчин сайдын яамны үйл ажиллагааг хоёр улсын янз бүрийн үзүүлэлтээр хэмжиж болно. Тухайлбал энэ үзүүлэлтэнд дээд хэмжээний уулзалтуудыг хамааруулбал  намайг элчин сайдаар ажиллаж байх хугацаанд дэд ерөнхийлөгч Жон Байден мөн тэр үед гадаад харилцааны яамны сайд байсан хатагтай Хиллари Клинтон айлчилж ирсэн. Хатагтай Клинтон намайг энэ албан тушаалыг хашиж байхад хоёр дахь удаагаа ирсэн юм. Монголын талаас ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д албан ёсны айлчлал хийж хоёр орны чухал асуудлуудыг Америкийн ерөнхийлөгчтэй хэлэлцэхэд хамтран ажилласан. Чухал гэж боддог бас нэгэн зүйл бол мянганы сорилтын сангийн гэрээний хэрэгжилт эхлээд гурван жилийн хугацаанд хэрэгжээд дууссан. Үүнд цэвэр агаар , эрүүл мэнд, хот бэлчээрийн төсөл болоод мэргэжил сургалт боловсрол мөн дэд бүтцийн төслүүд хэрэгжиж байсан юм. Чойр, Сайншандын авто замын төслийг хэрэгжүүлэн засмал зам тавьж дуусгасан. АНУ-ын одоогийн ерөнхий сайд саяхан тэр замаар явж үзээд өндөр сэтгэгдэлтэй буцсан.

 

-Анх Монгол улсад элчин сайдаар томилогдож ирэх үед танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?  Аливаа улсын элчин сайдууд үүргээ гүйцэтгэж дуусаад буцдаг. Гэтэл таны хувьд монголчуудын төлөө хөрөнгө оруулалт хийж, ажилласаар байна. Үүний гол түлхэц, нөлөөлж буй зүйл юу вэ?

-Би анх Монголд ирэхэд 40 гаруй настай байсан. Гэтэл би насаараа монголтой холбоотой байсан мэт санагддаг. Учир нь коллежоо төгсөөд номын клубд элсэхэд нэг үнэгүй ном авах эрхээр шагнагдаж байсан юм. Миний сонгож авсан ном бол Монголын нууц товчоо байлаа. Залуу байхаасаа тэр номыг уншиж Монголд элэгтэй болсон. Анх 44 насандаа Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн тэргүүнээр гэр бүлийн хамт Бээжингээс ирж ажилласан. Түүнээс таван жилийн дараа дахин Монголд элчин сайдаар буцаж ирсэн. Миний хувьд улсынхаа элчин сайдаар томилогдоно гэдэг бол нэр төрийн хэрэг юм. МИАТ-ын онгоцонд суудлаа эзэлж байх үед хөгжмийн зохиолч Жанцанноровын Цагаан суварга хэмээх ая эгшиглэдэг. Сонсоод яг л гэртээ эргэн ирж байгаа мэт таатай сайхан байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

-Манай улстай найрамдалт харилцаатай улсуудын нэг бол АНУ шүү дээ. Энэ харилцаа таныг ажиллаж байх хугацаанд улам нягт болсон гэж ярьдаг. Энэ үзүүлэлтийн тухай яриач?

-Би 2009-2012 онд нэг зүйлийг анзаарч харсан. Монгол улсын эдийн засаг сайжирч өссөнийг анзаарсан. 2001 онд Монголд ирэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн нэг сая доллар, улсын төсөв 3-4 сая доллар байсан. Энэ бол Америкт нэг их сургуулийн төсөвтэй л тэнцэх хэмжээнийх юм. Гадаадын зээл, тусламж улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг. Харин 2012 онд элчин сайдын үүргээ гүйцэтгээд буцахад 12 сая доллар болсон. Тэр үеэс дахиад бага хэмжээгээр буурсан ч одоо бол сайн өссөн байна. Эдийн засаг хөгжсөний хэрээр гадаадын зээл, тусламж гурван хувь болж багассан нь том үзүүлэлт. Миний хэлэх гэсэн бас нэгэн зүйл бол монголчуудад маш олон даваа гарч ирдэг. Нэг давааг давахад цаана нь таван даваа байх жишээний. Харин нэг давааг давчхаад санаа амар суухгүйгээр өмнөхөөсөө суралцан цааш тэмүүлэх хэрэгтэй.

-Одоо байгаа АНУ-ын элчин сайдтай холбоотой ажилладаг уу? Хийсэн ажлыг тань хэр үргэлжлүүлэн хийж байгаа вэ?

-Сайхан асуулт байна. Бид хоёр Казахстан дахь Америкийн хөгжлийн агентлагт хамт ажиллаж байсан. Тэр хүн дэд тэргүүнээр ажилладаг байсан юм. Элчин сайд Клечески бол нийтэч, хүмүүстэй сайн харилцаатай байж чаддаг. Олон нийтийн харилцааг дээгүүрт тавьж чухалчилдаг. Би ч мөн тэгэхийг эрмэлздэг. Ажил үүргээ эрхэмлээд олон улстай харилцаагаа зузаатгаад явж байгааг нь би хүндэлдэг. Байгууллага, институтийн дотоод журмаар бол харилцаагаа хэрхэн үргэлжлүүлэн авч явах талаар ярилцдаг. Хүний хувийн онцлогоор цааш үргэлжилж байгаа боловч ганц миний хийсэн ажил бус миний арга барил дээр дөрөөлөн дараагийн хүн шинийг хийж, бүтээж байгаа юм.

-Хоёр орны сайн сайхны төлөө ажиллаж байгаа хүний хувьд улс хоорондын соёл, иргэншил, зан заншлаас АНУ, Монгол улс харилцан суралцмаар ямар зүйлс байдаг вэ?

-1920 онд хамгийн анх Америкийн элчин монголчуудтай дипломат харилцаа тогтоож Өргөөд Монголын консулыг байгуулах хүсэлт тавьсан ч бүтээгүй түүхийг бид мэднэ. Тэгсэн ч тэр хүн Америкруу холбоо тогтоогоод “бид монголчуудтай дипломат харилцаа тогтоож, консул байгуулах хэрэгтэй. Энэ харилцаа бол маш гайхамшигтай улсыг хөгжүүлэхэд тус дэм болно” гэсэн мэдээг илгээсэн. Би энэ үгийг байнга санаж эрхэмлэн ажилладаг. Монголчууд үе үеэрээ тусгаар тогтнол, ертөнцийг үзэх үзэл, өв соёлоо хамгаалж үлдэхийн тулд олон сорилтой тулгарч, тэмцэж чадсан улс. Үүнээс бид суралцаж харилцан бие биенээ дэмжин суралцах хэрэгтэй гэж боддог.

-Манай улсын сайн сайхан зүйл юу вэ? Аливаа зүйлд сайн муу хоёр тал байдаг шиг мөн дутагдалтай зүйл байгаа байх. Таны зүгээс засаж сайжруулаасай, хөгжүүлээсэй гэж хүсдэг зүйл байдаг уу?

-Монголчуудын өөрсдийнхөө агуу түүхээр бахархдаг түүгээрээ дамжуулан бусад улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэх чадвартай, эерэг бүтээлч байдлаар хэлэлцүүлэг өрнүүлдэг чадварыг би өндрөөр үнэлдэг. Энэ бол эерэг сайн чанар шүү. Дипломат хүний хувьд алдаатай талыг хэлэх нь надад эвгүй санагдаж байна /инээв/. Нэгэнт ажил үүргээ гүйцэтгээд, тэтгэвэрт гарсан болохоор нэг сонирхолтой түүх ярья. Гол сэдэв нь монголчууд нэгнийхээ амжилтаар бахархаж, урамшуулах ёстой гэтэл заримдаа атаархаж бие биенийгээ доош татахыг оролддог. Энэ түүхийг надад нэг монгол хүн ярьж өгсөн юм. Тал дунд ан цав гараад тамын нүх үүссэнийг уулан дээрээс хүмүүс харж байв. Тэр талаар дүүрэн 200 улсын том тогоо байх бөгөөд тогоон дотор хүмүүс чанагдаж байлаа. Нэг улсын тогооноос нэг нь гарах гэхээр бусад нь доош татаад унагачихлаа. Уулан дээрээс харсан хүн юу болсон бэ гэтэл нөгөөх нь монголчууд л байна гэж гэнэ. Энэ түүхийг буруугаар битгий ойлгоорой зөвөөр тусгаж аваарай, энэ үлгэр шиг битий байгаасай гэж хүсч байна.

-Америк улс эрх чөлөөт орон. Монгол улс ч ардчиллаа тунхаглаад нэлээдгүй жил өнгөрсөн.  Таны нүдээр харахад хэр их эрх чөлөөт орон харагддаг вэ?

-Би хичээл зааж байхдаа нэг ишлэлийг байнга хэрэглэдэг. Английн ерөнхий сайд байсан Уинстон Черчилл “Ардчилал бол бусад засаглалын хэлбэр0үүдтэй харьцуулахад хамгийн сайн нь боловч одоогийн байгаа хамгийн муу засаглал” гэж хэлсэн байдаг. Ардчилал бол нээлттэй маш өргөн цар хүрээтэй. Асуудлыг нээлттэй авч хэлэлцдэг нь ардчиллын шинж. Сэтгүүлчдэд ч хүссэн хариултыг нь өгч ил тод байгаа нь ардчиллын гол тулгуур. Гэвч ардчилсан зарим улсууд өөрсдийн асуудлуудаа нууж хаадаг. Монгол, Америк гэлтгүй аль ч улсууд асуудлуудаа ард иргэдэд нээлттэй хэлэлцэж байвал ардчилал тэнд оршиж байгаа гэсэн үг харин нууж хаагаад эхэлбэл буруудаж байгаагийн шинж. Номтой зүйрлэвэл асуудал, бэрхшээлээ бичиж тэмдэглээд цааш түүнийгээ шийдэж гарц гаргалгааг нь гаргаж номынхоо түүхийг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй

-Нийт Монголд байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 30 хувь нь улс төрчийнх. Сэтгүүлчид асуудлыг нээлттэйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлдэг боловч ихэнх нь захиалгат байдаг. Хэрэв үнэнийг илчилбэл аюул учирч болзошгүй. Нэг талаараа нээлттэй мэт боловч хаалттай байгааг та юу гэж харж байна вэ? Үүнийг өөрчлөн сайжруулах боломж бий юу?

– Би сэтгүүл зүйн чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан болохоор сэтгүүлчдийг их хүндэлж ажлыг нь ойлгодог юм л даа. Энэ асуудал бол ганц танай улсад ч биш дэлхий дахинд тулгамдаж байгаа асуудал юм. Бид үүнд их санаа зовдог. Хэвлэл мэдээлэл болон эзэмшигч хоёрын хооронд улс төрийн холбоо байна уу гэдэг чухал нөлөөтэй. Хараахан шийдэгдээгүй асуудал. Сүүлийн үед сэтгүүл зүйд олон нийтийн сүлжээ, технологийн шинэчлэл нөлөөлж байна. Цахим ертөнцөд шүүлтүүргүй мэдээллүүд цацагдаж худал мэдээллүүд  хүмүүсийн чихэнд хүрч байна. Эдгээрийг сайтар хянах хэрэгтэй. Манай оронд цахимаар бие биенийгээ гутаан доромжлох нэр төрд нь халдсан нийтлэл, сэтгэгдлүүд маш их байдаг. Аль болох засаж сайжруулахыг эрхэмлэдэг. Би сөрөг гэхээсээ илүүтэйгээр юмсын эерэг талыг харж, итгэл найдвар тээдэг. Тиймдээ ч уг асуудал ойрын ирээдүйд хурдан шийдэгдэх байх гэж итгэж байна. Зориг агсны хэлсэн үг байдаг шүү дээ “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг”. Алдаа дутагдал оршиж байсан ч шийдэл заавал гарч ирнэ.

-Таны бодлоор Монгол улсын хөгжлийн түвшинг хэр байна вэ?

-Саяхан би улаанчулуутын хогийн цэгийн ойролцоо байдаг хүүхдүүдэд тусалдаг ТББ-тай хамтран хүүхдүүдэд хичээл заасан. Уг сайн дурын ажлаар тоглоом хийж өгөн, янз бүрийн сэдвээр хичээл орсон. Тэдгээр өдрүүдийн нэгэнд би газрынхаа баялгаар эдийн засаг нь хөгжиж байгаа орнуудын талаар сурагчидтайгаа хэлэлцсэн юм. Вэнэсуэль, Замби, Ботсвани зэрэг улсууд баялгаараа эдийн засгаа явуулдаг. Эдгээр улсуудтай Монголыг харьцуулбал дундаас дээгүүр байранд байна гэж би дүгнэсэн. Урам хугалмаар шийдвэрүүд гаргадаг ч баялгийн хараалд өртөлгүй дээшилсээр байна. Вэнэсуэль шиг уналтад ороогүй учраас дээш хөгжих боломж байна

-2017 оноос хойш америкын монгол судлалын төвийн захирал хийж байгаа гэж сонссон. Энэ ажлынхаа талаар ярихгүй юу?

-Би тэтгэвэрт гарснаасаа хойш хагас цагаар ажиллаж байгаа. Мерсерийн их сургуульд багшилж байгаа мөн Пакистанд их сургуулийн удирдах зөвлөлд ажилладаг. Сүүлийн жилүүдэд аав, ээж хоёртойгоо хамт байж, гэр бүлдээ цаг зарцуулах хэрэгтэй болсон тул америкт байгаа. Америкийн монгол судлалын төвийг академчидийн элчин сайдын яам гэж нэрлэж болно. Ажлынхаа хөтөлбөөөс дурдвал монгол музейн ажилчдыг Америкт ажиллуулж мөн америк судлаачдыг монголд ирэхэд тусалж дэмжлэг үзүүлдэг. Тун удахгүй америк, монгол болон олон улсын оюутнуудын хээрийн сургалт явуулах гэж байгаа.  Гурван чиглэлээр сургалт явагдана.

-Америк болон Монгол улсын харилцаа боломжийн түвшинд байгаа юу, ямар түвшин байна вэ?

-Өмнө нь би элчин сайд байхдаа хэлж байсан улс төр, соёлын харилцааг сайжруулахад эдийн засгийн харилцаа хоёр улсын урт удаан хугацаанд харилцаатай байх гол тулгуур нь болно. Худалдааны харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Америк компани Монголд худалдаагаа өргөжүүлэх, монгол эргээд Америкт гэх мэтчилэн. Хүмүүс хоорондын харилцаа бас маш чухал. Манай охин Монголд долоон жил сурчхаад Америкт коллежид сурахаар очиход соёлын дасан зохицох асуудал тулгарсан. Америкт хүний хөл дээр санамсаргүй гишгэчхээд уучлалт хүсээд гар барих гэсэн боловч нөгөө хүн нь ойлгоогүй. Үүнийг яагаад жишээ болгон ярьж байгаа вэ гэхээр яг дээрх жишээ шиг Монгол, Америк хүмүүс хоорондоо бие биенийгээ ойлгодог хүндэлдэг харилцан ойлголцож байгаасай.

Эх сурвалж: Golden News сэтгүүл

 

Холбоотой мэдээ