Гарцан дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол 20,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай

2020-09-21 89

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, амралтын хоёр өдөрт ослын улмаас 14 хүн гэмтсэний дөрөв нь хүүхэд байгаа бол орон нутагт гурван хүн амиа алджээ.

Орон нутагт амиа алдсан ослуудын хоёр нь онхолдох, нэг нь мөргөлдөх хэлбэрээр гарсан байна.

Харин нийслэлийн хэмжээнд хүн гэмтсэн гэх дуудлага мэдээллийн дийлэнх хувь нь явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр гарчээ. Тухайлбал, явган зорчигч мөргөсөн 11 осол бүртгэгдсэн байна.

Иймд явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүний гарц гарамтай хэсгээр гарах, гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах бол ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн өнгөрөөгөөд өөрийн аюулгүй байдлыг хангасны дараа зам хөндлөн гарахыг анхаарууллаа.

Жолооч нарын хувьд явган хүний гарцаар гарч байгаа хүнд зам тавьж өгөх үүрэгтэй гэдгээ мартахгүй байхыг зөвлөв.

Мөн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг илрүүлж, давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 278 жолоочид хариуцлага тооцжээ.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д:

Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр/20,000Т/ торгоно хэмээн заасан байдаг.

Холбоотой мэдээ