14-р Далай лам : Шүгдэн эхэндээ та нарт эд баялаг өгөх атлаа дараа нь нөгөө ертөнц рүү дуудаж, зарцаа болгоод байна шүү

2020-09-15 22

14-р Далай ламын Найчүн Чойжин: “Далай багш хэдэн жилийн өмнө багш байсан Ёнзон Ринбүчигийн тухай айлдсан байдаг юм. Юу гэвэл Түвдийн ард түмэнд ямархуу сахиус шүтэж, бясалгаж байх талаар Далай багшийн айлдвар бий. Тэрэн дотор Шүгдэн буюу Монголоор бол хүч гэсэн сахиусыг шүтэж болохгүй , яагаад гэвэл энэ сахиусыг шүтэхээр муу ёрын үр дагавар их гарч байна гэсэн байдаг. Мөн Ёнзон багшдаа түүний шүтэж байгаа сахиус дотор чөтгөр шүглэсэн байна, болохгүй гэж анхааруулсан . Гэтэл тэр хүн өөрийнхөө эрх мэдлийнхээ хүрээнд үгнээс нь зөрж, Шүгдэнгээ шүтээд явсан.

Ёнзон бол Энэтхэгт Далай багштай хамт байдаг, ойрынх нь хүн нэгэнт биш болсон. Одоо АНУ-д байдаг хүн.Мөн Далай багшийг АНУ болон Европоор морилох үед түүний үүсгэн байгуулсан төвийнх нь улсууд Далай багшийн эсрэг жагсаал, цуглаан хийж, үг хэлээр доромжилдог. Уг мөн чанартаа Ёнзонгийн юу шүтэх эсэх нь өөрийнх нь эрх боловч нэгэнтээ Далай багшаас нүүр буруулсан бол Монгол оронд 14-р Далай ламын багш гэж өөрийгөө зарлаж, сүсэгтэн олныг хуурах нь зохисгүй гэж би бодож байна. Яагаад гэвэл нэг талдаа Далай багшийн эсрэг бослого гаргадаг хирнээ нөгөө талаараа Монголд төдий л сайн мэдэхгүй хүмүүст өөрийгөө багш нь гэж ярих нь зүй бус юм.

Ер нь энэ Шүгдэн сахиус маань анх 5-р Далай ламын үеэс үүдэлтэй.Түүний үед энэхүү лам маань ерөөлөө буруу тавьж, өөрийнхөө амийг егүүтгэснээрээ чөтгөрийн төрөл олсон юм. Түүнийг олон жилийн турш дарах гэж яваад 13-р далай ламын үед овоо дарсан байдаг. Гэтэл эргэн тойронд нь байсан түшмэдүүд энэ сахиус баяжуулдаг гэсэн буруу мэдээлэл өгч, нийтэд тархаасан. 14-р далай лам бурханы шашины тэргүүний хувьд болгоогоод энэ сахиусыг шүтвэл хорлол үзүүлнэ гэж сануулсан. Эхэндээ эд баялаг өгч байгаа мэт хандаад эргээд нөгөө ертөнц рүү дуудаж, зарцлаад байна гэж анхааруулсан. Далай багшийн энэ үйлдэл нь шашин шүтэх эрхийг зөрчиж буй хэрэг биш, учир нь харин ч энэ сахиусыг шүтэгчид өөр шашин, сургааль сонсох нь хориотой байдаг.” гэв. Дашрамд дурьдахад энэ сахиусыг Монголд АПУ ХК-ий ТУЗ-ын дарга П.Батсайхан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар ихэд шүтэж, дэмждэг гэгддэг билээ.

Холбоотой мэдээ