Жанрайсиг бурханы тус эрдэм

2020-09-15 18
Бурхан багшийн энэрэн нигүүлсэхүйгээр амьтныг тэтгэж алив амьтны жаргалд харшлах шалтгаан бүхийг арилган, ариун бус, өвчин турхан, гай зовлон, нүгэл хилэнц, оюун ухааны хир, нүдний гэм бүхнийг ариусгах, эв зохисыг олох, буян хишиг дэлгэрүүлэх, онол сургаалын эрдэм бүхнээр гийгүүлэн, ариун бүхний шимийн дээд утгыг мэдүүлэн, шид бүтээлийг үүсгэхэд үтэр түргэн туслахын тангарагийг сахигч нь Жанрайсиг бурхан юм. Жанрайсиг бурхан гурван цагийн хамаг тэгүнчлэн ирэгсэд бүгдийн нигүүлсэнгүй дүрсэнд ургасан лагшин агаад амьтны тусыг үйлдэхийн тул амарлиулах, дэлгэрүүлэх, эрхэнд хураах, хатуу үйлийг бүтээдэг.
Маань тарни бүтээх
Жанрайсиг бурханы зүрхэн тарни бол маанийн 6 үсэг. Маанийн 6 үсэг бурхан бүгдийн мөн чанараас илүү. Илүү нь юу вэ гэхээр гурван ялгавартай. Хүнээр заалгалгүй сурдаг, мартагддаггүй, би их юм мэдсэн гэж омог төрдөггүй юм. Нийт даяараа өдөр бүр доод тал нь гурав уншиж байхад хичээвээс зохистой гэжээ.
Жанрайсиг бурхан хамаг амьтаны зовлонг арилгах “УМ МА НИ БАД МЭ ХУМ” тарнийг зүрхэндээ гэрэлтүүлсэн бөлгөө.
Та бүхэн энэхүү зургаан үсэгт тарнийг Хутагт Жанрайсигт чин сүжгийг үүсгэн уншаарай. Ийнхүү уншихдаа сэтгэлээ элдэвт сарниулалгүй гагц мааний зургаан үсгийн утгыг бясалгаарай.
УМ МА НИ БАД МЭ ХУМ-д бурханы хамаг ном хийгээд амьтныг зовлонгоос гэтэлгэх арга агуулагдаж байдаг юм.
УМ: нь Бурхан багшийн ариун лагшин, зарлиг, таалал, хийгээд бясалгагчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг бэлэгдэнэ.
МА НИ: энэрэл нигүүлсэл, асрал хайр хийгээд амьтны тусыг бүтээх үлэмж сэтгэлийг бэлгэдэх эрдэнэ болой.
БАД МЭ: бол билиг билгүүний билэгдэл болсон бадамлянхуа болой. Үлгэрлэвээс, бадамлянхуа хэдийгээр шавар намагт ургавч шавраас огтхон ч сэвтдэггүйн адилаар билиг билгүүн биднийг сансарын хамаг зовлонгийн ёзоорыг таслан таслан гэтэлгэх болой.
ХУМ: бол нигүүлсэхүй сэтгэл хийгээд билиг билгүүнийг хамтад нь дадуулан бүтээх ёсны бэлгэдэл юм.
УМ МА НИ БАД МЭ ХУМ хэмээх тарниа уншин мөргөхдөө: Аяа хамаг амьтаныг зовлонгоос аварч болгоо. “Их энэрэл Нигүүлсэлийн Бурхан минь намайг таалалдаа болгоон соёрхоо. Би тэргүүтэн хамаг амьтанд асрахуй хийгээд нигүүлсэхүйн сэтгэл төрж төгс бодийн хутагийг олохуйн адистэдийг соёрх оо” хэмээн сана.

Холбоотой мэдээ