Таны мэдлэгт

2020-09-15 19
“Насан Цаглашгүй” хэмээх Цэнд-Аюуш бурхан нь санскритаар Амитаюс эсвэл Амитаба /Монгол хэлнээ сунжирсан дуудлага нь Аминдаваа эсвэл Авид/ , төвөд-өөр Цэ-багмэд (Монголчууд Цэвэгмэд гэж дууддаг) хэмээн алдаршсан. /Цэнд, Аюуш зэрэг дээрхи бүх нэрс угтаа 1 л бурханы алдар юм./
Аюуш бурхан бадмаараг эрдэнийн улаан өнгөт лагшинтай, амирлангуй дүртэй, нэг нигүүрт, хоёр мутраа тэгш агуулан насны бумбыг галбирваасан модоор чимж барьсан, үсээ жинсэлж боосон, торгон цээживч ба хормогчтой, эрдэнэ хэлхсэн титэм, сонорын чимэг, хүзүүний чимэг, хоолойвч, хөл ба гарын бугуйвч, сугавчлуур тэргүүтэн чимэгтэй, гэрэл цаглашгүй цацарсан, очир завилгаагаар лянхуан саран дэвсгэрт залардаг. Хүний амьдралд аз жаргал, насан хутгыг оршоогч гадаад үйлийг эрхэмлэн зохиогч “Үйлдвэрийн үндэс” буюу “Жажүд” ёсны , цэцгийн язгуурын амирлангуй Ядам юм. Мутартаа залсан алтан бумбат рашаан нь үхэлгүй мөнх насыг, галбирваас зандан мод нь мөнх амьдралыг билэгдсэн бөлгөө. Цэвэгмид бурханыг шүтэгч хэн бээр:
“Жигдэн дэнби зову Цэбагмэд
Дүймин чива малүй жомзад жин
Гонмэд дүгнал жүрвэ намжи жав
Санжай Цэбагмэд ла чанцал ло” хэмээн гурвантаа мөргөл үйлдээд түүний зүрхэн тарни “Ум ама рани зиваан дэей суухаа” үүнийг 108 удаа урь.
Сүсэглэн залбирсан шавь нарынхаа оройн тэргүүнээ
Сүр жавхлант Цэвэгмид бурхан бээр баясгалантай оршигтун.
Язгуур үндэсний лам дээдэс нугууд бээр адистидлан соёрхоо.
Түмэн олон шавь биднийхээ биеийн өвчин, сэтгэлийн зовлон тэргүүтэн,
Түйтгэр барцад, гадна дотны харшлах нөхцөл бүгдийг амирлуулан,
Сайн хувь, насны буян хишиг, цог барилдлагын чуулганыг
Сайтар түгээн хотол төгсөөр арвижуулан дэлгэрүүлж соёрхоо.
Ахуй үесийн сайн буяны хүчээр диваажинд төрөхүй хийгээд
Аль санасан бүгд бүтэн, бурханы хутгыг түргэнээ олоход атистидлан соёрхо.
Аврал итгэлт Цэвэгмид бурханы “Ум”-ын гэрэл, рашааны хур бээр
Ашид шавь нарынхаа бие, хэл, сэтгэлнээ шингэх болтугай.
“Ум базар рагша рагша” хэмээн залбирал үйлдэх амой.
Тарни: “Ум намо багаа барийдий Авирмэдаа Аюурзанаа сувааний сизда зоро заяа аринза дата гади арилдий самниг самбудиа дадаяата, ум бунияа бунияа, маха бунияа, Авирмэдаа бунияа Авирмэдаа бунияа занаа самбару ваацэдий. Ум сарва сам гаарий баарий сэдадий, махани вари барий суухаа” хэмээн энхүү 108 нэрс үгсийг хэн бичвээс, бичүүлвээс, нэрийн төдий сонсвоос, урьж уншваас, гартаа барин үйлдвээс таван завсаргүй цөвүүн цагийн үйлс нь огоот арилж найман түм, дөрвөн мянган номын цогцсыг үйлдсэн үйлдсэний хутгыг оршоосон болъюу. Амьтны сүмбэр уул мэт овоорсон нүгэл хилэнцийн цогцос нь огоот арилах болъюу. Ад шулмас чөлөө хаалга эрвээс чөлөө хаалгыг олон зугтах болъюу. Аль дивангарын олон мянган бурхад гараа сунган татан авч бурханы улсад одуулж соёрхъюу хэмээн ерөөлийг талбиж гагцхүү саармаг цэцэн хийгээд алгасангуй найдангуйгаар бүү сэтгэгтүн хэмээсэн бөлгөө.
Цэвэгмид бурхан шарагчин могой, цагаан луу, харагчин могой, улаан бич, шарагчин гахай жилтний хамт мэндэлсэн бурхан, цагаан морь, шар бар, улаагчин гахай, хар луу, хөх бар жилтний үйлс бүтээх бурхан гэдэг ч хүн бүр нас буянаа даатган тахисаар ирсэн уламжлалтай.
Цэвэгмид бурханыг шүтэхүйн үйлийн эх нь насны авшиг хүртэх ёс юм. Насны авшигийг би бээр анх багшаасаа, дараа нь Далай багшаас Энэтхэгийн Бодьгаяад хүртсэнээ их хувь зохиол хэмээн залбирч явнам.
Цэвэгмид бурханыг Манал, Цагаан дарь эх бурхадтай Дарь эхийн мандалд найруулан өдөр бүр тасралтгүй шүтвээс насан хутаг оршдог учиртай гэж багш минь айлдсансан.
Залбирал ба тарнийг өглөө, өдөр, орой гурвантаа уншиж үйлдвээс насыг зөв хураадаг гэдэг. Нас хураах гэдэг таалал төгсөх агшин юм. Хөлөөс барин эцсийн амьсгал хураах хүртэл ухаан саруул аваас зөв хураах гэнэ. Толгой барин амьсгал хураах хүртэл ухаангүй байхыг буруу хураах гэнэ. Дороос хурааж буй агшинд багшаа орой дээрээ залах ёстой юм даа хэмээдэг бж билээ.
Манай багш Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн харъяат Боржигон овогтой Лувсандорж буюу Жамба хэмээн алдаршсан буянт буурал арван долдугаар жарны гал хулгана жил 90 насны сүүдэр зооглож суугаараа жанч халж сүсэгтэн олноо гайхшруулж билээ. Номын адис жинлав оршихуйн учир энэ ажгуу.

Холбоотой мэдээ