Ж.Мягмар: Бэлтгэл ажлыг хангасны дараа хүүхэд харах үйлчилгээг эхлүүлнэ

2020-09-15 58

2020 оны улсын төсвийн тодотголд УИХ дахь эмэгтэйчүүдийн лобби бүлгээс “Хүүхэд харах үйлчилгээ”-нд 2 тэрбум төгрөгийн төсвийг батлуулсан билээ. Тэгвэл уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар Боловсрол, шинжлэх Ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмартай ярилцлаа.

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 батлагдсан. Тэгвэл энэ үйлчилгээний цэцэрлэгээс ялгарах давуу тал юу вэ?

-Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төслийг боловсруулах үед дэлхийн улс орнууд ямар хэрхэн зохион байгуулж байгаа, аль насны хүүхдүүдийг хамруулж байгаа вэ? давуу тал, сул тал нь юу вэ гэдэг тухай олон судалгааг авч үзсэний үндсэн дээр энэ хууль батлагдсан.

Хүүхэд харах үйлчилгээ бол сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаа биш. Энэ нь хүүхдийг харах, асрах, амраах, тоглуулах, хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэх зорилготой. Хамгийн гол нь хүүхэд хамгаалал, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйлчилгээ. Энэ хууль 2015 онд батлагдаад 2016- 2017 онд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам энэ ажлыг зохион байгуулж, 2018 оноос хойш Боловсролын яам хариуцаж ирсэн.

– УИХ дахь эмэгтэй гишүүдийн лобби бүлэг энэ оны төсөвт 2 настай хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах зорилгоор 2 тэрбум төгрөг батлуулсан. Энэ ажлын бэлтгэл ямар түвшинд явж байна вэ?

-Боловсролын сайдын тушаалаар хүүхэд харах үйлчилгээ эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан. Үүнд яамны холбогдох газар нэгж, Монголын хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран ажиллаж байна. Энэ жилийн хүрээнд шат шатны байгууллагууд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Ийм учраас бид нар “Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг бэлэн болгоод танилцуулах шатандаа явж байна. Бид цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэхдээ урт хугацаанд нэлээдгүй их бэлтгэлийг хангасан. Харин 2 настай хамгийн эмзэг, дархлаа сул насан дээрээ яваа хүүхдийг хүлээж авна гэдэг утгаараа орчин нөхцөл, ариутгал, халдваргүйтгэлдээ цэцэрлэг шиг шаардлагуудыг тавиад явж байгаа. Нэг хүүхдэд ноогдох талбай 2.5мкв хэмжээтэй, нэг хүүхэд харагчид 5 хүүхэд ноогдох, нэг хүүхэд харах төвд 15-аас дээшгүй хүүхэд байхаар зохион байгуулалтыг хийж байна. Нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харах төвүүдэд газар дээр нь очиж аюулгүй байдал, орчин  нөхцөлийг нарийвчлан үзсэний үндсэн дээр орчин нөхцөл бүрдсэн газрууд энэ үйлчилгээг явуулна. Ерөнхийдөө хүүхэд харах үйлчилгээг 9-р сарын 2-р хагаст эхлүүлэхээр төлөвлөж байна.

Орон нутгийн мэргэжлийн хяналт, боловсролын байгууллагын хамтарсан баг газар дээр нь ажиллахаас гадна эцэг эхчүүд хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ өгөхдөө орчин нөхцөл, үйлчилгээг үзүүлэх хүүхэд харагчтайгаа ярилцаж өөрсдөө сонголтоо хийхэд анхаарах хэрэгтэй.

Хүмүүсийн дунд 2 настай хүүхдийг цэцэрлэгт өгөх, хүүхэд харуулах үйлчилгээнд хамруулах хоёр ямар ч ялгаа байхгүй гэсэн яриа байна. Энэ тал дээр?

-Цэцэрлэгийн нэг ангид байх хүүхдийн тоо харьцангуй олон байдаг. Өнгөрсөн жил улирлын томуугийн дэгдэлтийн үеэр бид цэцэрлэгийн хүүхдүүдийн ирц, нөхцөл байдалтай танилцахад 2 настай хүүхдүүдийн бүлэг сүүлдээ хүүхэдгүй болсон. Ихэнх хүүхдүүд нь ханиад хүрээд явсан, ирсэн хүүхдүүд нь хоёр, гурав хоноод л өвдөөд явах тохиолдол маш их байсан. Өнгөрсөн жилийн хувьд улирлын томуугийн дэгдэлт хүнд байсан. Энэ жил ч гэсэн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн таамгаар улирлын томуугийн дэгдэлт их байх шинжтэй байгаа. Тийм учраас хүүхэд харах үйлчилгээнд нэг ажилтанд 5 хүүхэд ноогдож байгаа, цөөн хүүхэдтэй тул эрсдэл нь бага гэж бид үзэж байна. Мөн эцэг эхчүүд урьдчилсан сэргийлэх арга хэмжээнүүдийг сайтар мөрдөх шаардлагатай байгаа.

-Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хүмүүст ямар шаардлага тавьж байгаа вэ?

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль дээр энэ тухай тодорхой заалтууд байдаг. Үүний нэг нь бол 18-60 хүртэлх насны, бүрэн дундаас дээш боловсролтой иргэн хүн хүүхэд харах үйлчилгээг эрхэлж болно. Тусгай сургалтад заавал хамрагддаг. Энэ үйлчилгээний орчин нөхцөл, бэлтгэл байдлыг хуульд заасны дагуу хангасан иргэдэд сум, дүүргийн засаг дарга тусгай зөвшөөрөл олгодог. Энэ нь хүүхдийн амь нас, аюулгүй байдлын тухай асуудал учраас мэргэжлийн байгууллага, эцэг эхийн оролцоо хяналт чухал байна.

-Энэ жилийн хувьд энэ үйлчилгээг эрхлэх хүсэлтэй хүн хаана хандах вэ?

-Энэ жил бид шинээр хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл шинээр олгохгүй. Өмнөх жилүүдэд бид хүүхэд харагч нарыг тусгай сургалтад хамруулж бэлтгэж зөвшөөрөл олгосон байгаа. Тэгэхээр энэ жил хүүхэд харагчийг шинээр бэлтгэхгүйгээр өмнө жилүүдэд бий болсон нөөцдөө тулгуурлаад үйл ажиллагаагаа зохион байгуулна.

-Батлагдсан төсвийн хүрээнд хүүхэд харах үйлчилгээ үзүүлэхэд өнгөрсөн жилийн нөөц хангалттай хүрэлцэх үү?

Хүрнэ. Хүүхэд хүлээн авах аюулгүй байдал, орчин нөхцөлийг хангасан эсэхийг хүүхэд харах төвүүдтэй газар дээр нь танилцана. Хамгийн гол баримталж байгаа чиглэл бол хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан, орчин нөхцөл бүрдсэн газарт л хүүхэд харах боломж бүрдэнэ.

-Хүүхэд харах үйлчилгээ 2 настнуудыг эрсдлээс хамгаалж чадах уу? 2 настай хүүхэд  5 настай цэцэрлэгт явдаг эгч, ахтайгаа нэг гэрт байна шүү дээ.

-Эцэг эхчүүд гэр бүлийн аюулгүй байдлаа сайн хангаж, олон нийтийн газруудаар хүүхдээ дагуулж явахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг сайтар мөрдөх хэрэгтэй. Тэртээ тэргүй эцэг эхчүүд ажлаасаа тараад хүүхэд дээрээ очиж байгаа шүү дээ. Эрсдэл бол сургууль цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний төв, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааны асуудал. Ер нь хүүхдийг ээжээс нь өөр сайн харах хүн ховор. Тийм болохоор 0-3 хүртэлх насны хүүхдийг ээж нь харах нь хамгийн сайн арга зам. Гэхдээ энэ бол аав, ээжүүдийн сонголт. Хэрвээ хүүхэд харах төвийн үйлчилгээнд хамруулах гэж байгаа бол эцэг, эхчүүд өөрсдөө маш сайн судалж, сонголтоо хийх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвлж: “Улаанбаатар ньюс”- www.Ubn.mn

Холбоотой мэдээ