Орон сууцтай болсон залуу багшийнд зочиллоо

2020-09-15 55

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн биеийн тамирын багш Ж.Итгэл бол орон нутагтаа ажиллаж, мэдлэг, мэргэжлийнхээ үр шимийг бяцхан шавь нартаа түгээж яваа Монголын мянга мянган залуу багш нарын төлөөлөл. Түүний гэргий О.Энхзул мөн сургуулийн түүх, нийгмийн ухааны багш. Тэднийх хоёр хүүтэй.

Ж.Итгэл, О.Энхзул нар хамт олон, удирдлагынхаа итгэлийг хүлээж, орон нутгаас багш нарт хуваарилсан орон сууцны зээлийн квотын эзэн болжээ. Шинэхэн байрандаа төвхнөөд удаагүй залуу багшийнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн зочилж, төрийн албан хаагчдаа орон сууцжуулах төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн орон нутгийн туршлагыг сонслоо. Бид “Зургаан жил гаруй түрээсийн байранд амьдарч байсан. Одоо өөрийн гэсэн байртай боллоо. Тогтвортой, урам зоригтой ажиллах боломжтой болсондоо баяртай байна” гэж залуус ярьж байна.

Сэлэнгэ аймгийн төвд хөнгөлөлттэй нөхцөлт 120 айлын орон сууцыг барьж, 40 гаруй байгууллагын 120 ажилтанд зээлээр авах боломжийг олгосон байна. Тэдний 15 нь багш гэнэ.

Гурван блок, зургаан орц бүхий таван давхар хотхонд 33.0-52.72 метр квадратын хооронд дөрвөн төрлийн сонголттой, 1-3 өрөө байрууд бий. Нэг метр квадратын үнийг 1.087.000 төгрөгөөр тогтоож, урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр найман жил буюу 96 сарын хугацаанд орон сууцны үндсэн төлбөрөө ямар ч хүүгүйгээр хувааж төлөх хөнгөлөлттэй зээлийг төрийн албан хаагчдад олгож эхэлжээ.

Эхний айлуудын эргэн төлөлтөөс хуримтлагдсан мөнгөөр дараагийн орон сууцыг барих зарчмаар энэ ажил үргэлжилнэ гэж орон нутгийн зүгээс УИХ, Засгийн газрын гишүүдэд танилцуулж байна. Иргэдээ орон сууцжуулж буй энэ туршлагыг Улаанбаатар хот, бусад аймагт хэрэгжүүлэх боломжийг судална.

Холбоотой мэдээ