Залуус маргалдсаны улмаас нэгнийгээ авто машинаар мөргөж, гурван удаа дээгүүр нь гарчээ

2020-09-15 178

Энэ сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  20 орчим настай залууг машинаар мөргөж унаган, гурван удаа дээгүүр нь дайрч гарсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, хохирогч өглөөний 06.00 цагийн үед Тэнгис кино театрын орчим явж байхдаа үл танин залуутай маргалдсан байна. Гэтэл маргалдсан залуу нь “Приус-41″ маркийн авто машинаараа хохирогчийг мөргөж, дээгүүр нь гурван удаа дайрч гаран, зугтжээ.

-МӨРГӨЖ УНАГААН БОСОХ ЗАВДАЛ ӨГӨЛГҮЙ, ДЭЭГҮҮР НЬ ГУРВАН УДАА МАШИНТАЙГАА ДАЙРЧ ГАРСАН ГЭВ-

Хэргийн газар байсан эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хэсэг залуус маргалдаж байгаад нэг нь машиндаа сууж, нөгөө залуугийн араас нь мөргөсөн. Дараа нь залууд босох завдал өгөлгүй  дээгүүр нь машинтайгаа гарч ухран, дахин хоёр удаа дайрч гарсан” гэж байлаа. Тус хэрэг маш хурдан болж өнгөрсөн тул, хэргийн газар байсан хүмүүс ямар нэгэн хариу арга хэмжээ авч чадаагүй байна. Мөн ойрын эх сурвалжийн мэдээлснээр цагдаагийн байгууллагаас хэрэгтнийг баривчлаагүй явуулсан. Хэргийг шалгаж байсан цагдаа солигдсон төдийгүй уг хэрэгт шинээр томилогдсон цагдаа нь “Хэргийг нотлох камерын бичлэг байхгүй. Та нар өөрсдөө олж ир” гэжээ.

-ХЭРГИЙГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭД СОГТУУ, МАНСУУРСАН
БАЙДАЛТАЙ БАЙСАН-

Хэргийг үйлдсэн этгээд нь тус өдөр авто машинаа өөр хүнээр бариулж явсан бөгөөд согтуу, мансуурсан байдалтай байсан гэж эх сурвалж мэдээлж байна. Түүнээс мансууруулах бодисын шинжилгээ авсан гэж буй ч одоогоор хохирогчийн гэр бүлд үзүүлэхгүй байгаа аж.  Хохирогч залуугийн дунд гуя нь бэртэж, сүүжний яс нь хугарснаас гадна хэвлийн хөндий орчим хүнд гэмтэлтэйгээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Одоогоор биеийн байдал нь хүнд байгаа бөгөөд удахгүй мэс засалд орох гэж байгаа аж.

Холбоотой мэдээ