Д.Одбаяр: Өгзөг базсаныг минь нотлочихвол өндөг шидүүлэхэд бэлэн байна

2019-12-12 245

Тэр ярилцлагадаа онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан эсэх болон Инчеоны цагдаагийн газарт болсон үйл явдал, ямар учраас торгууль төлөх болсон талаараа ийн ярьсан байна.

Д.Одбаяр: “Хэрвээ би үнэхээр өгзөг базах, биед нь хүрэх гэж оролдсон, тэр нь нотлогдсон, ядаж л камерын бичлэгээр байгаа бол өндөг байтугайг нь шидүүлэхэд бэлэн байна. Би хувь хүний хайхрамжгүй үйлдлээ зөвтгөж өмгөөлөхгүй. Гэхдээ би тийм үйлдэл хийгээгүй.

Байцаалтын явцад надад хоёр бичлэг үзүүлсэн. Гар утасны бичлэг. Нэг нь цагдаа дуудахыг зөвшөөрч гарын үсгээ зурж байгаа миний дүрстэй бичлэг. Нөгөө нь онгоцонд явсан монгол үйлчлэгчийг загнаж байгаа бичлэг. “Та энэ үйлчлэгчийг заналхийлсэн үү” гэж асуусан. “Заналхийлээгүй, загнасан. Гүтгүүлснээсээ болоод би ууртай байсан учир загнасан гэдгээ хэлсэн. “Монгол хүн байж чи, монгол хүнээ хамгаалсангүй, чи Монголдоо очно биз дээ гэж загнасан. Үүнийхээ  төлөө бол уучлал гуйж чадна аа” гэж хэлсэн. Гэтэл хэдхэн минутын дараа Солонгосын телевизээр “Уучлал гуйж эхэллээ” гэсэн мэдээ явсан. Орчуулагч хүлээх зуур өмгөөлөгчтэйгээ ярьж байсан үеийн зураг болон бичлэгийг телевизээр шууд гаргаж байсан.

Ер нь мөрдөн байцаалтын мэдээлэл хагас дутуу гадагш гарч байгаа,  хэвлэл, сошиалынхан нь ажиллаж байгаа зэрэг нь үнэхээр залхмаар, дарамтад оруулдаг юм билээ. Тэгээд би “За, та нараас нэг зүйл л хүсье. Би буруутан болъё оо. Та нар намайг буруутан болгоод аль. Харин Та нар эрүүгийн эрх зүйн олон улсын үндсэн зарчмын дагуу үүнийгээ хөдлөшгүй баримтаар нотлох ёстой. Онгоцны камерын бичлэгээ л гаргаад үзүүлчих” гэсэн. Байцаагч онгоцонд камер байхгүй гэсэн.

Би болохоор онгоцонд камер байгаа, бичлэг ч бий гэдэгт итгэлтэй байгаа. Солонгост энэ төрлийн хэргийг ихэнхдээ камерын бичлэгт үндэслэж  шийддэг юм билээ. Хэрвээ нотлогдвол шууд Эрүүгийн хэрэг үүсгэдэг юм байна. Миний нэр холбогдсон гэх хэргийн тухайд Эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж Инчеоны прокурорын төлөөлөгч телевизээр ярьсныг та бүхэн үзсэн байх.

Монголд аймгууд руу явдаг тендерийн машинууд камертай байхад, КАЛ шиг дэлхийн хэмжээний том авиа компанийн, тэгээд олон улсын нислэг нь камергүй явна гэж байхгүй. 

Цагдаагаас прокурорт хоёр санал хүргүүлсэн. Нэгдүгээрт хэрэгсэхгүй болгох, хоёрдугаарт торгох. Энэ хоёр саналыг алийг хүлээн зөвшөөрч байгаагаа би хэлэх ёстой болсон. Би “хэрэгсэхгүй болгох саналтай байна, хийгээгүй хэргийн төлөө торгуулах нь шударга ёсонд нийцэхгүй” гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь өмгөөлөгч “прокурор хэрэгсэхгүй болгоё гэхээр болохгүй байна. Урьдчилсан нөхцөл байдал, тэр талаар ямар нэг зүйл хийгдээгүй байна” гэсэн. Ямар нөхцөл вэ, гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд та эхлээд үйлчлэгчээс уучлалт гуйж зарим төлбөр төлсөн байх ёстой. Уучлалтыг та олон нийтийн өмнө буюу КАЛ-ын ажилтнуудын өмнө туганд нь мөргөж гуйх шаардлага тавьж магадгүй, та бодох хэрэгтэй” гэж өмгөөлөгч хэлсэн. Үнэхээр гэдэн хөдөллөө дөө, шууд бухимдсан.

Монгол ноёд, түшмэд худлын өмнө бөхийхгүй байсаар буудуулаад дуусч байсан болохоос үнэнийн эсрэг буулт хийж байгаагүй түүхтэй. Бодох юмгүйгээр, “тийм юм байхгүй” л гэсэн. Тэгээд аргагүйн эрхэнд торгуулахыг нь хүлээж авсан” гэх мэтээр ярьсан байна.

Сануулахад “Ялгаварлалыг хариуцлагажуулья” нэгдлээс өнөөдөр Д.Одбаярыг ҮХЦ-ийн гишүүнээс огцруулахаар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа билээ.

Холбоотой мэдээ