
ОХУ-ын Санкт-Петербург хотын Петродворцов дүүргийн цагдаагийн алба хаагчид албаны эрэлч нохойн тусламжтайгаар 15 настай охиныг хүчиндэх гэж байсан халдагчийг саатуулсан гэж Дотоод хэргийн яамны Санкт-Петербург болон Ленинград муж дахь хэвлэлийн алба мэдээлжээ.
Хэргийг тодруулбал, энэ сарын 9-ний өдөр Ломоносов жижиг хотын нэгэн оршин суугч гэрээсээ гарсан охиноо алга болсон тухай цагдаад хандсан аж. “Цагдаагийн алба хаагчид тэр даруй охиныг эрэн сурвалжилж эхэлсэн. “Меркурий чоно” хочтой албаны нохой охины хувцасны үнэрээр мөшгөн, цагдаа нарыг Ломоносов хотын Александровская гудамж дахь орхигдсон байшин руу дагуулж ирсэн. Нохой мөн хэрэгтний байсан өрөөний хаалгыг яг зааж өгсөн” хэмээн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Халдагч охиныг хүчиндэхээс өмнө цагдаагийнхан амжиж ирэн, түүнийг баривчилсан байжээ. Хэрэгтэн эхлээд охиныг гал тогооны хутгаар заналхийлэн, ёс бус үйлдэл гаргасныхаа дараа охиныг уг эзэнгүй байшинд аваачсан аж. “Гэсэн хэдий ч цагдаа нар болон албаны нохой амжиж ирсний ачаар халдагч гэмт хэргийн санаагаа гүйцээж чадаагүй” гэж албаныхан мэдээлсэн юм.
Баривчлагдсан иргэн нь 36 настай, эрхэлсэн ажилгүй, орон нутгийн оршин суугч байжээ. Өмнө нь тэрээр хулгай, хэв журам зөрчсөн, бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан, хүний амь насанд хүрсэн зэрэг хэргээр ял эдэлж байсан байна.
Эх сурвалж: Риа Новости
0 cэтгэгдэлтэй