Д.Цэрэнтогтох: Бэртлийг хурдан эдгээх үйлчилгээтэй гэж Д.Батням багш надад 10 ширхэг тариа тарьсан

2020-09-11 392

Бөхчүүдийн допингийн асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Асуудлын гол нь “Бөхчүүд хэнээс допингийн төрөлд багтаж буй эм тариа авч хэрэглэж байна вэ” гэдгийг бид эрж хайхаар оролдож байна. Яг энэ асуудал дээр 2019 оны үндэсний их баяр наадамд тав тавж, начин цолондоо “өсөх идэр” чимэг нэмсэн Баянхонгор аймгийн харьяат Д.Цэрэнтогтохоос тодруулга авлаа.

– Таны хувьд шинжилгээний хариуг эсэргүүцэж, шүүхдээгүй өнөөдөрт ирсэн. Эндээс допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна гэж харж болохоор. Та яг ямар төрлийн бодис хэрэглэсэн юм бэ?

– Өнөөдрийг болтол миний чимгийг хураасан гэсэн ямар нэг бичиг, мэдэгдэл надад ирээгүй байна. Хэрэв тийм шийдвэр гарсан бол тэр шийдвэрийг нь би бас олоод авчихмаар байна. Миний хувьд аймгийн цолтой бөх байгаад улсын цолонд горилж байгаа бөх биш учраас допинг хэрэглэх ямар ч шаардлага байгаагүй. Би 2018 оны наадмын бэлтгэлээ хангаж байх үедээ хөлөндөө бэртэл авсан. Гуяны булчингийн уут задарсан юм.  Энэ үед Д.Батням гэдэг багштай анх танилцсан.

Энэ хүн өөрөө эмч хүн. Д.Батням багш надад “Булчин, шөрмөс, зөөлөн эдийг бэхжүүлдэг, эдгэрэлтийг түргэсгэдэг #цагаан тариа хийлгэчих” гэж зөвлөсөн. Би тэр жил тухайн тарианаас хоёр ширхэгийг тариулсан. Тариа тариулахдаа “Энэ тарианд допингийн хориотой зүйлс ороогүй биз дээ. Шинжилгээгээр ямар нэг асуудал үүсэх үү” гэж асуухад “Ямар ч асуудалгүй” гэсэн.

Д.Батням өөрөө эмч хүн учраас би итгэсэн. Тэр жилээ допингийн шинжилгээ өгөхөд надаас ямар нэг хориотой зүйл илрээгүй. Тиймээс тухайн цагаан тариаг допингийн төрлийн хольцгүй гэдэгт итгэлтэй болсон. Харин дараа жилийнх нь буюу 2019 оны наадмын бэлтгэлийн үеэр ачаалал авч,  бэртсэн хөлөнд өвчин орж, бэртэл нь сэдэрсэн. Тиймээс бэлтгэлийн үе буюу 2019 оны зургаадугаар сарын 20-оос хойш нөгөө цагаан тарианаас дахин арван ширхэгийг Д.Батням багшаас авч тариулсан. Нэг ширхэг нь 100-150 мянган төгрөгийн үнэтэй тариа байсан. Би аль нэг компанийн нэр дээр барилддаггүй, цалин байхгүй. Тиймээс энэ мөнгө надад тухайн үедээ их л мөнгө санагдаж байсан.

– Тухайн цагаан тарианы нэрийг нь мэдэж байна уу? Хаанаас авч ирдэг юм бол

– Нэрийг нь би мэдэхгүй байна. Жижигхэн цагаан тариа байсан. Хаанаас авч ирдэг зэрэг нарийн ширийн зүйлсийг нь ч би мэдэхгүй. Гол нь Д.Батням багш өөрөө эмч хүн учраас би бүрэн итгэж байсан.

– Таны шинжилгээнээс илэрсэн допингийн зүйл тухайн цагаан тарианаас үүдсэн гэж та бодож байна уу?

– Тэгэлгүй яах вэ. Өөр би юу ч хэрэглээгүй.

– Энэ тариа элбэг байдаг уу. Д.Батням багшаас өөр хүн зарж, тарьдаг уу?

– Зөндөө л байгаа шүү дээ. Бараг фитнесийн багш бүхэнд байгаа гэхэд хилсдэхгүй. “Боломжтой бөхийн дэвжээнүүд энэ тариаг хангалтаар бөөнд нь авдаг” ч гэж ярьж байхыг сонссон. Бөхчүүд бүгд л мэддэг. Мөн барилдахаа больсон ахмад бөхчүүд, дасгалжуулагч нар, аймаг, улсын начингууд ч бэртэл гэмтэл авахдаа, хөл гар нь өвдөх зэрэгтээ хэрэглэцгээдэг. Гэхдээ хэн нь ч ярихгүй юм.

– Та Д.Батням багшид гомдолтой байна уу?

– Миний бөхийн бэлтгэл, хөдөлмөр энэ хүний үйлдлээс болж талаар болсон, нэр хүндээ алдсан ч гэлээ би гомдоод яах вэ дээ. Өөрөө л тариулснаас хойш. Харин цаашид бөхчүүд, тамирчид, залуус ийм зүйлд бүү итгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тийм ч учраас миний шинжилгээний дүнг танилцуулсан Хуульзүй дотоод хэргийн яамны хүмүүст анхааруулж хэлсэн. “Би ийм цагаан тариа хэрэглэсэн шүү. Би эмч хүнд итгэсэн шүү. Олон залуучууд над шиг итгэж алдах вий.

Тиймээс энэ тариа нь хүч тамир нэмдэггүй, допингийн төрлийн хольцтой тариа шүү” гэдгийг анхааруулаад, олон нийтэд заавал зарлаад өгөөрэй гэж хэлсэн. Харамсалтай нь тэд дуугарсангүй. Магадгүй энэ жил шинжилгээ нь асуудалтай гарсан бөхчүүд энэ тариаг над шиг мэдэхгүй хийлгэсэн байж болно шүү дээ. Бас нэг зүйлийг би нэмж яримаар байна, болох уу?

– Болно.

– Бөхчүүдээс допингийн шинжилгээ авахдаа гэрч болгож нэг хүн дагуулж оруулдаг юм. Өнгөрсөн жилийн шинжилгээний үеэр надаас бусдыг нь гэрчтэй оруулсан.

– Таныг яагаад гэрчгүй оруулсан юм?

– Мэдэхгүй. Энэ жилээс эхэлж гэрчгүй оруулж байгаа гээд ганцааранг маань оруулсан. Уг нь манай дэвжээний багш Батгэрэл надтай хамт очсон ч орж чадаагүй. Харин намайг шинжилгээ өгөх үед тэр жил улсын начин болсон Увсын Ж.Ням-Эрдэнэ бас ирсэн байсан. Гэтэл Ж.Ням-Эрдэнийг дагалдаад гэрчээр нь МУГТ Х.Цагаанбаатар ирчихсэн, спортын эмч Ч.Насанбаттай юм яриад л сууж байсан.

Тухайн үед би “гэрчгүй оруулна гэсэн яасан бэ” гэж асуусан, намайг загнаад л гаргасан.. Тийм учраас би Ж.Ням-Эрдэнийг хардаж явдаг. Танил талтай нь гэрчтэй ордог, танилгүй нь загнуулаад гардаг байж болохгүй шүү дээ. Ер нь шинжилгээ авдаг тэр хүмүүс ч “асуудалтай” Өөр бас нэг шалгамаар асуудал байгаа. Шөвгийн 16 бөхөөс л шинжилгээ авах нь тодорхой шүү дээ. Тиймээс шинжилгээний 16 ширхэг л шил байх ёстой гэж би бодож байна. Гэтэл шинжилгээ авдаг газарт тэр шилнүүдийг хураачихсан, олон байдаг.  Шээстэй шилний тагийг онгойлгох боломжгүй ч, тэр олон шилнээс солих боломж бол бий. Шилэн дээр наалттай байгаа цаасыг хаана ч хэвлээд дахиад наачихаж болно… гэх мэтээр шалгах, анхаарах ёстой олон асуудал бий…

Чухал мэдээлийг ил болгосонд баярлалаа. 

Эх сурвалж: tsahiur.mn

Холбоотой мэдээ