Карантины 8 сарын хугацаанд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ

2020-09-09 456

Хүүхэд багачуудыг аливаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хамгаалах нь улс үндэстний нэн тэргүүний ажил. 

Энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсон бөгөөд эдгээрээс 82 хүүхэд нас барж, 290 нь гэмтсэн аж. Мөн тус хугацаанд улсын хэмжээнд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болжээ. 

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл зэрэг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрхийг нь хамгаалах, эцэг , эх асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх,  олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, нийгэмд хүүхдийн эрхийг хамгаалах эерэг хандлага төлөвшүүлэх зорилгоор “Сүүдэр бүү тусга” нэгдсэн арга хэмжээг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон “Дэлхийн Зөн-Монгол”, “JCI-Монгол” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн билээ. 

Иймээс хүүхэд гэмт хэргийн хохирогч болж ялангуяа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж, хохирсон хүүхэдтэй холбоотой хэргүүд хэрхэн шийдвэрлэгдэж байгаа зэрэг асуудлаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.



– Сайн байна уу. Энэ жил хүүхэд гэмт хэргийн улмаас хохирогч болсон тохиолдлуудын тоо 700-г давжээ.  Хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой холбогдох хуулиудын хэрэгжилт ямар байгаа талаар яриагаа эхлүүлмээр байна?  

– УИХ-аас Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд хүүхдийн эрх хамгаалалттай холбоотой бүлэг, зүйл заалтыг тусган баталсан хэдий ч хуулийн хэрэгжилтийг хангах ажил төдийлөн хангалтгүй байгаагаас хүүхдийн эрх зөрчигдөх, гэмт хэргийн улмаас хохирох байдал буурахгүй байна. Иймд хуулийг хэрэгжүүлэх шаардлага нэн түрүүнд тулгарсан тул “Сүүдэр бүү тусга” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгааг хэлье.

– Ер нь энэ төрлийн аян, арга хэмжээнүүд хэр дүнтэй байдаг бол?

Аяны хүрээнд гэмт хэрэг 10-50 орчим хувиар гэмт хэрэг буурдаг. Гэхдээ аян явагдсан тухайн сард нь буураад, дараагийн саруудаас нь гэмт хэрэг өсөж байгаа нь ажиглагддаг. Иймд аян зохион байгуулагдаж буй тухайн сард өгөх мэдээ мэдээлэл нь гэр бүлүүд болон нийгэмд соёл болон үлдэх нь л чухал.

Хүүхэд 24 цагийн бараг 80 хувийг гэр бүлдээ өнгөрөөдөг тул хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил, аюулгүй орчинд амьдрах олон зүйл нь гэр бүлийн хүрээнд хамгаалагдах ёстой. Гэтэл энэ хугацаанд хариуцлагагүй ээж, аав, асран хамгаалагчийн буруугаас болж, хүүхдийн эрх зөрчигдөх, хохирох явдал буурахгүй байгаа нь харамсалтай. Энэ удаагийн аяны хүрээнд эерэг мэдээлэл түгээхээр хамтран ажиллаж байгаа байгууллагуудтайгаа тохирч, урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.

– Өнгөрсөн онд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон хэдэн хүүхэд байсан бол?

Монгол Улсын хэмжээнд 2019 онд 253 хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон.  

Бага насны хүүхдийг /4 хүртэлх нас/ хүчиндэх гэмт хэргийн талаар “Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 12.4-т Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12 жилээс 20 хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. 

Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял шийтгэлтэй гэмт хэрэгт тооцогддог.

Гэтэл үүнийг зарим үед торгох ял шийтгэлтэй гэж буруу ташаа ойлгогдохоор мэдээллийг цацдаг.  Нөгөө талд энэ ташаа мэдээллийг сонссон янз бүрийн санаа зорилготой хүмүүс гэмт хэрэг үйлдэхээр зэхэж байдаг юм.

Жишээ нь нэг аймагт 10 настай охин хүчиндүүлсэн гэх мэдээг “ийм хэрэг гарчээ” л гэж мэдээлдэг бөгөөд уг хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар огт мэдээлдэггүй. Тухайн этгээд нь Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдээд, хариуцлага хүлээж байхад хариуцлагын асуудал яригддаггүй.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хүлээсэн шийтгэлийг мэдээлэхгүй байх нь дараах сөрөг талтай.

  1. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж болдог юм байна. Хариуцлага хүлээдэггүй гэх ойлголт төрүүлдэг.
  2. Тухайн дүүрэг, аймаг, суманд хохирогч болсон 10 настай хүүхдийнх шиг гэмт хэрэг өдөр бүр гарахгүй ба жилд нэг, хоёр удаа л гардаг. Гэтэл тухайн  хүүхэд цацагдсан мэдээллийг сонсоод “Намайг бүх хүн ярьж байна” гэх мэт ойлголт аваад амиа хорлох, гэмт хэрэг үйлдэх, дахин хохирогч болох.

– Бас 2020 он эхлээд цар тахалтай холбоотойгоор улс оронд хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм үйлчилсэн. Энэ хугацаанд хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдлууд хэр зэрэг байсан бэ?

– Энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэх нэг төрлийн сувгууд болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, боловсролын байгууллага нь сая хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор хэсэг хаагдсан.

Энэ төрлийн бус үндсэн гэмт хэргийн мэдээллээс хэлбэл энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсон. Гэхдээ энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал,

  • Хохирсон хүүхэд 411 буюу 35%-аар,
  • Гэмтсэн хүүхэд 120 буюу 29.3 хувиар буурсан.

Мөн насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 390 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 223 хэргээр буюу 36.4%-аар буурсан.

Гэсэн хэдий ч ахуйн хүрээнд онц ноцтой, олныг айдаст автуулсан  хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэр бүлийн хайртай дотнын хүмүүс нь /хойд эцэг, хамаарал бүхий хүн/ үйлдэх асуудал буурахгүй байгаа.

– Буурахгүй байгаа гэлээ. Сая карантины хугацаанд яг хэдэн тохиолдол гарсан юм бэ?

2020 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9%-иар буурсан үзүүлэлт.

Өмнөх жилүүдэд нийт хүчиндэх гэмт хэргийн 20-30 хувийг хүүхэд эзэлдэг байсан. Харин одоо нийт хүчиндэх гэмт хэргийн 63 хувийг нь хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдэж байна.

– Энэ жил бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон 162 хүүхэдтэй холбоотой хэргээс нь хэд нь шийдэгдсэн юм бэ?

– Эдгээрийн 40 орчим хувь нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Үлдсэн 60 хувьд нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

“Салалтаас болж жилд 5,000-6,000 орчим хүүхэд өнчирдөг. Үүнээс 500 орчим нь бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн зонхилох хохирогч болж байна”

 – Хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлж буй гол шалтгаан нь юу байна вэ?

– Дийлэнх нь хараа хяналтгүй байдлаас болж байна. Жишээ нь гэр бүл салалт. 18-40 насны хүмүүсийн дунд гэр бүл салалт их байна. Жилд 3,000 орчим гэр бүл дунджаар салдаг ба үүнээс үүдэн жилд 5,000-6,000 орчим хүүхэд өнчирч үлддэг. Энэ хүүхдийн 500 орчимд нь эцэг эхийн хараа хяналт маш дутмаг буюу хайр халамжаас гадуур өсдөг. Энэ хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн зонхилох хохирогч болж байна.

Хамаатныхаа айлд үлдээдэг, хот суурин газар айлд суулгаж, сургуульд явуулдаг, хүүхдийн дэргэд архидан согтуурдаг зэргээс ихэвчлэн бодог. Түүнээс биш  огт танихгүй хүн, гудамж талбайд үйлдэгдэж байгаа зүйл биш шүү дээ.

Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн 58 хувь нь хамаарал бүхий буюу хамаатан садан, найз нөхөд, тэр айлаар орж гардаг таньдаг мэддэг хүмүүс үйлдэж байгаа юм.

Эдгээрээс урьдчилан сэргийлэх үүднээс хууль тогтоомжийг сурталчилж, ажлыг хороо, захиргаа, сум, баг сургуулиар дамжсан сургалт, нөлөөллийн ажлыг хийхийг аяны хүрээнд зорьж байгаа. Сарын хугацаанд үргэлжлэх хэдий ч цаашдаа ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн агуулгыг оруулж өгөх зорилготой юм.

– Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдүүдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх ажилд дэвшил гарсан уу?  

– СЭМҮТ-д тусгай тасаг нээгдэн зөвлөгөө өгч, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж байгаа. Цагдаагийн байгууллагын хувьд гэвэл

  1. Хохирогчийг хамгаалах, шаардлагатай бол гэрч хохирогчийг хамгаалах ажлыг явуулдаг.
  2. Иргэний нийгмийн болон төрийн байгууллагууд хохирогчийг хамгаалахад нь холбон зуучилдаг. Эдгээр газрууд нь нийгмийн хамгаалалтад авах, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилуулах зэрэг ажлыг хийдэг юм.

Нэмж хэлэхэд хэрэг шийдвэрлэх ажиллагаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүүхдийн эрхийг хамгаалах  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудын хүмүүс хийхгүй  хамаарал бүхий хүмүүс нь итгэмжлэгдсэн төлөөлөгч болох тохиолдол гардаг.

Жишээ нь хойд аавтайгаа амьдарч байсан хүүхдэд хойд аав нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдлээ гэхэд  ээж нь итгэмжлэгдсэн төлөөлөгч болчихдог.  Тэгээд  хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдээ ятгадаг, янз бүрээр дарамталж, хэргийг нотлох ажиллагаанд хүндрэл учруулдаг зүйл бий.

– “Сүүдэр бүү тусга” аянтай холбоотой нэмэлт мэдээллийг төгсөлд нь хэлэхгүй юу?

– Нэг сарын хугацаан “Сүүдэр бүү тусга” аяныг Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Дэлхийн Зөн, JCI байгууллагатай хамтран зохион байгуулна.  Тодруулбал,

  • Нийгмийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлийн мэдээ мэдээллийг өгнө.
  • Нөгөө талд хяналт шалгалтын ажиллагааг явагдана.
  • Сургалтыг үе шаттай зохион байгуулна.
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ мэдээлэл өгөх ажлууд хийгдэнэ.

Нэмж хэлэхэд энэ асуудлыг удаан хугацааны турш яриад явах боломжгүй байдаг. Яагаад гэвэл нөгөө талд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхээр зэхэж буй этгээд сэдэл авах магадлалтай тул богино хугацаанд тодорхой мэдээлэл өгч ажиллана.

Эх сурвалж: ikon.mn

Холбоотой мэдээ