СУРАГЧ ОХИДОД ӨМД ӨСГӨЕ!

2020-09-09 102

Саяхны нэгэн өдөр автобусны буудал дээр зогсож байтал ахлах ангийн бололтой хөх өнгийн дүрэмт хувцастай хоёр охин хажууд ирээд зогсов. Тэд хэзээний төгсөх курсын оюутнууд шиг нүүрээ будаж, хумс хуруугаа янзалсан байв.

Дүрэмт хувцас өмсөөгүй бол охидыг нас биед хүрсэн оюутнууд гэж харахаар байлаа. “Одооны хүүхдүүд том хүн болох гэж яасан эрт яардаг юм бэ дээ. Банзал нь хэт богинохон юм” гээд бодох зуур замын хажуугаар өнгөрч буй жолооч, автобусны буудал дээр зогсож байсан эрчүүд тэднийг цоо ширтэж байв.

Бүгд л шүлэнгэтсэн харц шиднэ. Эр хүний ноён нуруу энд хүрээд хугарлаа гэдэг шиг хижээл насны хоёр эр бие биенээ нударч, шивнэлдэн ярилцаж байгаад нөгөө хоёр охиноос фэйсбүүк хаягийг нь асууж байх жишээтэй. Бусдын охид руу шүлсээ гоожуулан хардаг эрчүүдэд ч гэсэн охин үр бий.

Угтаа сурагчийн дүрэмт хувцасны банзал үйлдвэрээс гарахдаа өвдөг хүрсэн урттай гардаг чохид өөрөө дээш нь шуугаад өмсчихдөг аж. Энэ талаар Нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн сурагч Ж.Удвал “Бид дүрэмт хувцсаа худалдаж авахад урт банзалтай ирдэг. Хэтэрхий урт санагдаад охид өөрсдөө, эсвэл ээж, ааваараа дороос нь хасуулдаг. Норм ёсоороо өвдөгнөөс дөрвөн хуруу дээгүүр байдаг юм билээ. Гэсэн ч энэ хэмжээнээсээ урт ирдэг болохоор хасуулдаг” гэлээ.

Үүнийг уншиж буй зарим хүн “Сурагч хүн ч гэсэн өөрт таалагдсан хувцсаа өмсөх эрхтэй” гэж хэлж магадгүй. Гэвч сурагч охид хэт задгай хувцаслаж, богино банзалтай явж байгаад муу хүмүүстэй тааралдаж дайралтад өртвөл яах вэ. Орой үдэш гэлтгүй гэгээн цагаан өдрөөр охид, эмэгтэйчүүдийг айлгаж ичээдэг гаж донтой этгээдүүд олон болсон энэ цагт сэрэмж хаана ч илүүдэхгүй.

Иймд эцэг, эхчүүд болон багш нар охидод “Хүүхэд нас богинохон, хүүхэд хүүхдээрээ л байхдаа хамгийн хөөрхөн харагддаг. Хүссэн хүсээгүй цаг нь ирэхээр нүүрээ будаж, нөгөө хувцсаа өмсөнө” гэдгийг сайтар зөвлөж, тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй юм. Тиймээс БСШУСЯ болон сургуулийн захиргаа сурагчдын дүрэмт хувцасны стандартыг эцэг, эх, асран хамгаалагч нартай нь хамтраад хатуу мөрддөг, хяналт тавьдаг болмоор байна. Эсвэл сурагчийн дүрэмт хувцасны банзлыг өвдөгнөөс дээгүүр хоёр хуруу, эсвэл өмд өмсдөг болгосон ч болно шүү дээ.

Холбоотой мэдээ