Монгол Улсаас ОХУ-ын Тува улсын Кызыл хотод сууж байсан Ерөнхий консул Б.Ганцэцэгт торгох ял оноов

2020-09-04 143

Монгол Улсаас ОХУ-ын Тува улсын Кызыл хотод сууж байсан Ерөнхий консул Б.Ганцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр (2020.09.03) Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, Монголд төрийн байгууллагад ажилладаг нөхрөө ажилд томилсон тушаал гаргаж, Консулын газартаа ажилладаггүй гэр бүлийнхээ гишүүнд цалин олгож байсан гэх үндэслэлээр шалгажээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс Б.Ганцэцэгт холбогдох хэргийг шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалан явуулсан шүүх хурлаас Б.Ганцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 5400 нэгж буюу 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Шүүгдэгч Б.Ганцэцэг нь улсад учруулсан хохирлоо шүүх хурлаас өмнө төлсөн байна.

Эх сурвалж: news.mn

Холбоотой мэдээ