Өвөрмонголыг захирч буй Монгол хатагтай Бу Шо Лин эх хэлээ өмөөрч босох тэнхэл алга

2020-09-04 168

Зохиолч, нийтлэлч Б.Ойдов бичиж байна…

Эдүгээ Өвөр Монголыг монгол гаралтай Бу Шо Лин хэмээх хатагтай захирч байна. Гэвч тэр эх хэлээ өмөөрч босох тэнхэл алга. Ямар сайндаа л өвөрмонголчууд түүнд бухимдахдаа: “Та монгол хүний үр сад юм бол эх хэлийг минь устгах гээд байгаа хятад дарга нарын эсрэг үгээ хэлж болохгүй юу. Таньд Өвөр Монголыг захирч суух тийм бачим хэрэгцээ тулгарав уу? Тийм биш бол та өвөрмонголчуудынхаа өмнөөс шударга үг хэлээч. Өндөр албанаасаа хийсгэгдэнэ гэж айгаад байгаа бол тань шиг дарга бидэнд хэрэггүй. Бушуухан огцор” гэж шаардах болжээ.

Энэхүү Бу Шо Лин гэгч нь жирийн нэг монгол хүний үр сад биш, Өвөрмонгол болоод Дундад улсад ихэд алдаршсан Улаанхүү даргын ач охин юмсанж.

Өвөрмонголчууд Дэмчигдонров, Улаанхүү нарын эсрэг тэсрэг үзэл бодолтой хоёр удирдагчаа хоёуланг нь шүтэн биширдэг. Зарим нь энэ хоёрыг ерөөсөө нэг намын хамтран тэмцэгч гэж ойлгодог. Гэтэл цаанаа бол энэ хоёр удирдагч нэг нэгнийхээ үзэл бодлыг ямагт үгүйсгэн дайсагнаж ирсэн улс. Дэ ван хэмээх Дэмчигдонровын хувьд гэвэл 1934-1945 онд Өвөр Монголыг захирч байсан, тиймдээ ч Өвөр Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч гэдгээрээ их алдартай.

1915 оны Орос, Монгол, Хятад гурван этгээдийн Хиагтын гэрээгээр Өвөр Монголыг нийлүүлэх Монголын төлөвлөгөө үгүйсгэгджээ. Тэгэвч Өвөр Монголын ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө үргэлжлүүлэн тэмцсээр дэлхийн хоёрдугаар дайны үед Японыг түшиглэн Хятадын эзэмшлээс гарахаар хэсэг ноёд чармайсан байдаг. Энэ үеийн эрх чөлөөний тэмцлийг Дэмчигдонров ван оройлжээ. Гэвч төдөлгүй Мао Зе Дун Өвөр Монголыг эзэрхийлж, харин Дэмчигдонров болон бусад эх орончид хэлмэгдэж хохирсон түүхтэй.

Яг тэр үeд Улаанхүү босч иржээ. Тэрбээр тухайн үед Японыг дэмжиж байсан Дэ вангийн эсрэг чиглэж, Хятадын их удирдагч Мао Зе Дун-гийн бодлогыг баримталж, 1947 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны тэргүүлэгчээр сонгогджээ. Тэгээд дундаа хоёр ч удаа завсар аван байж 40 гаруй жил Өвөр Монголын нам засгийн чухал албан тушаалыг хашиж ирсэн байдаг. Яг л манай Цэдэнбал дарга шиг. Тэрбээр монгол хүний хувьд үндэстнээ нэгтгэх, улмаар Монгол улстай эргэн нэгдэх алсын бодолтой байжээ.

“Үндэстний тэмцэл бол ангийн тэмцэл мөн” гэж Мао даргыг хэлэхэд Улаанхүү дарга “Ангийн тэмцэл бол мөн чанартаа үндэстний тэмцэл мөн” гэж их удирдагчийн сод мэргэн онолын эсрэг бүлгэмдсэн гэх. Гэвч энэ хоёр үгэнд чанарын ялгаа байна уу? Хэлмэгдүүлэх шалтаг гэдэг л энэ байх. Мөн Хятадын Эв хамт намын зүгээс Түвдийн үймээнийг дарах гэхэд Улаанхүү дарга “Их гүрэн байж цөөн тоот үндэстэнтэй тулалдана гэдэг бол адгийн бодлого” гэж эсэргүүцэж байжээ.

Мөн тэрбээр “Та нарын мөлжигч гэж охор бүлгэмдсэн мөлжигч ангийн мал хөрөнгийг би дахин хураахгүй. Мөлжигч ангитай тэмцэхгүй, малчдыг анги болгож хуваахгүй” гэж Их Хятадын “Гурвыг үгүйсгэх” төрийн бодлогын эсрэг тэрслээд зогсохгүй “Хятадын дээрэнгүй үзэлтэй би хэдэн арван жил тэмцэлдэж ирлээ. Дахиад хорин жил тэмцсэн ч чадна” гэж зоригтойгоор мэдэгдэж байжээ. Түүнчлэн энэ хүн бидний удирдагч Ю.Цэдэнбалыг ослоор эмнэлэгт хэвтсэн үед ганцаараа эргэн очиж улс төрийн яриа өрнүүлж, үүний уршигаар Мао Зе Дун Хятад-Монголын бүх зурвас хилийг хааж байсан түүхтэй.

Улаанхүү дарга наагуураа бол Мао-гийн үзэл бодлыг дэмжиж байсан ч цаагуураа “Чингис хааны үеийн яруу алдрыг хамгаалж үндэстнээ мөхлөөс хэлтрүүлэхийн төлөө тэмцэнэ” гэж уриалж байсан байдаг. Гэвч тэр 1966 онд өндөр албан тушаалаасаа зайлуулагджээ. Харин 1976 онд Мао Зе Дун таалал төгсөж Хятад орон даяар Соёлын хувьсгал эцэс болоход Улаанхүү дарга эргээд өндөр албан тушаалдаа морилон суусаар 1988 онд таалал төгсчээ.

Өдгөө БНХАУ-ын нам засгаас түүнийг “Удаан жилийн шалгалтыг өнгөрөөсөн Эв хамт намын гарамгай байлдагч, нам төрийн шилдэг удирдагч, ангийн тэмцлийн шалгарсан хувьсгалч” гэх мэтээр маш өндөр үнэлдэг юм байна. Тиймдээ ч Бээжингийн удирдлага Улаанхүү даргын үр садыг Өвөр Монголын засгийн газрын тэргүүнээр үе улируулан сонгосоор ирсэн байх аж. Тухайлбал Улаанхүүгийн ууган хүү Бөхөө Өвөр Монголын Өөртөө Засах Орны тэргүүлэгчээр олон жил ажиллахын сацуу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Байнгын хорооны дарга хэмээх өндөр суудалд заларсаар иржээ.

Бөхөөгийн охин Бу Шо Лин эдүгээ ӨМӨЗО-ны тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд тэрбээр 1958 онд Өвөр Монголын Түмэд хошуунд төржээ. Чингээд 1976 онд Мао Зе Дунг таалал төгсмөгц Хятадын нам төрд зүтгэж эхэлжээ. Эдүгээ тэрбээр Өвөр Монголын засгийн ордныг толгойлохын зэрэгцээ Бүх Хятадын 19-р хугацааны Төв хорооны гишүүн хэмээх өндөр тушаалд заларч суудаг юм байна. Гэвч энэ хатагтай өдгөө эх хэлээ авч үлдэх гэсэн өвөр монголчуудынхаа төлөө амандаа ус балгачихсан мэт ганц ч үг дуугарч чадахгүй суугаа нь харамсалтай.

Өвөг эцэг Улаанхүү нь хэн хүнийг зүгээр л буудаж орхидог байсан Соёлын хувьсгалын хүнд үeд чанга хатуу Маогийн эсрэг аймшиггүй тэрсэлдэж яваад өндөр албанаасаа зайлуулагдаж байв. Харин албан тушаалд дуртай Бу Шо Лин хатагтайд ийм зориг дутжээ. Одоо бүр Бу Шо Лин хатагтай ирэх 10-р сард эцэг Бөхөөгийнхөө эрхэлж байсан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны даргаар тохоон томилогдож Бээжин тийш дэвшихээр болжээ. Албан тушаалд дэвшүүлээд амыг нь үднэ гэдэг л энэ байх даа.

Уг нь “Өөртөө засах эрх” гэдэг нь өвөрлөгч нар дотооддоо болж буй үйл явдлыг өөрсдөө засах, харин Өвөр Монголтой холбоотой гадаад асуудлыг хятадууд засах тийм зарчимтай. Тэгтэл өнөөгийн өвөрмонголчууд “Өөртөө засах” гэдэг хоосон нэрнээс цаашгүй, адгийн наад зах нь гэхэд л өөрсдийнхөө ярьж хэлж байгаа эх хэлээ ч “Өөртөө засч” чадахгүй суугаа нь эмгэнэлтэй.

Холбоотой мэдээ