Иргэдийн анхааралд: “Дансаа баталгаажуулаагүй бол ebarimt апп ашиглан, ногдол ашгаа авах боломжтой”

2020-09-04 80

Эрдэнэсавантолгой компани нэгж хувьцаандаа 90 төгрөгийн ногдол ашиг олгосон. Гэхдээ 10 хувийн татвар суутгагдаж, 81 төгрөгөөр бодогдож, иргэдийн дансанд өчигдөр (2020.09.03)-өөс орж эхэлсэн билээ. Бид 1072 хувьцаа тойрсон асуудлаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаагаас зарим зүйлийг тодрууллаа.


-“Эрдэнэсавантолгой компанийн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн данс руу шилжиж эхэллээ. Одоогийн байдлаар хэчнээн иргэн ногдол ашгийн мөнгөө аваад байна вэ?

-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны бичилтийг 2011 оноос хойш хийж эхэлсэн. Үүнтэй холбоотой бүх бүртгэл манай төвд бий. Өнгөрсөн онуудад оюутны сургалтын төлбөрийн 500 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөг, “Сайн хувьцаа” хөтөлбөрийн бүх мэдээллээр хасалтуудыг хийсэн. Өнөөдрийн байдлаар хоёр сая 300 мянган иргэн төвлөрсөн хадгаламж дээр данстай байна. Үүнээс нэг сая 888 мянган иргэн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшдэг данстай. Үлдсэн нь өөр хувьцааны данстай гэсэн үг.

Бид “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 2019 оны ногдол ашгийг тараах ажлыг зохион байгуулж, бэлтгэл хангасан. Тиймээс нэн тэргүүнд үнэт цаасны компанид дансаа нээлгэсэн нэг сая 170 мянган иргэний данс руу ногдол ашгийг шилжүүллээ. Бид шууд иргэдийн данс руу ногдол ашиг шилжүүлээгүй. Баталгаажуулахын тулд “Төрийн банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт” банк, “Капитрон” банк, “Хаан” банк зэрэг нэр бүхий зургаан банктай мэдээлэл солилцох гэрээ хийсэн. Бид нийт 13 арилжааны банктай хамтран ажилласан.

Үнэт цаасны компаниудаас ирсэн мэдээллийг арилжааны банк руу явуулснаар “Энэ хүний данс үнэн зөв, баталгаатай байна” гэж баталгаажуулсан. Наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 859.139 иргэний баталгаатай дансыг Төрийн сан дахь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн данснаас багцын гүйлгээгээр өчигдөр (2020.09.03) шилжүүлж дууслаа. Банкны тухай хуулиар гурав хоногийн дотор гүйлгээ амжилттай болсон гэсэн мэдээлэл бидэнд ирдэг учраас одоогоор хэчнээн хүн 1072 хувьцааны ногдол ашгаа авсан гэдгийг хэлэхэд эрт байна.

-Зарим иргэдийн хувьд үнэт цаасны компанид данс нээлгээгүй, дансаа нээлгэсэн ч банкны дансаа баталгаажуулаагүйгээс 1072 хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй байна. Ийм шалтгаантай хэр олон хүн байна вэ?

-Үнэт цаасны компанид дансаа нээлгэж байсан мөртлөө ногдол ашгаа арилжааны банкны ямар дансны дугаараар авах вэ гэдгээ баталгаажуулаагүй 644 мянган иргэн байна. Эдгээр иргэд үнэт цаасны компани дээрээ очиж, дансаа баталгаажуулж амжихгүй байгаа бол ebarimt аппликейшн ашиглан, ногдол ашгаа авах боломжтой. Уг аппликейшнээр дамжуулан өнөөдрөөс эхлэн иргэдэд санал асуулга очиж байна. Иргэд үнэт цаасны компанид данстай, дансгүй ч бай ebarimt аппликейшн ашиглан, ногдол ашгийн мөнгөө авч болно.

Бид эхний ээлжинд наймдугаар сарын 31-ний өдрөөр тасалж, Төрийн сан руу иргэдийн мэдээллийг явуулсан. Хувьцааны ногдол ашиг бэлэн байгаа учраас иргэдийн мэдээллийг явуулж, Монголбанкаар дамжин арилжааны банкуудаар иргэдийн дансанд шилжүүлж буй. Дараагийн ээлжийн иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг долоо хоногийн дараа дансанд шилжих юм. Хүмүүс 1072 хувьцааны ногдол ашгаа авах гэж яарч байх шиг байна.

Хэрвээ та арилжааны банкны дансаа баталгаажуулсан бол тодорхой цаг хугацааны дарааллаар дансанд тань шилжиж орно. Өнөөдөр банкны дансаа баталгаажуулаад л, маргааш нь шилжүүлнэ гэж байхгүй. Хэрвээ ebarimt аппликейшн ашигладаг иргэн санал асуулга бөглөвөл үнэт цаасны компани дээр очиж, данс нээлгэж, хураамж төлөхгүйгээр санал асуулгынхаа дагуу ebarimt системд бүртгэлтэй дансанд шилжин орох юм.

-Гэр бүлийн нэг гишүүн ebarimt аппликейшн ашигладаг бол өөрийнхөө 1072 хувьцааны ногдол ашгийг л авна гэсэн үг үү?

-Зөвхөн ebarimt системд бүртгэлтэй дансны эзэн л 1072 хувьцааны ногдол ашгаа авна. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа Монгол Улсын 2.5 сая 12 мянган иргэнд олгогдсон. Тийм учраас гэр бүлийн бусад гишүүн үнэт цаасны компанид дансаа нээлгэж, банкны дансаа баталгаажуулж болно.

Үнэт цаасны компанид та данс нээлгэснээр 1072 хувьцаа эзэмшиж байгаа. Ер нь хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд 1072 хувьцаагаа бусдад бэлэглэх, зарж борлуулах, зээлийн барьцаанд тавих, өвлүүлэх эрх нь үүснэ. Нас барсан иргэдийн хувьд үр хүүхдүүддээ бэлэглэж, өвлүүлэх эрх үүсэх юм. Тэр тохиолдолд та үнэт цаасны компанид данстай байх ёстой. Тэр дансаар дамжин бүх үнэт цаасны шилжүүлэг хийдэг гэсэн зөвлөмж өгье.

-Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг гэр бүлийнхэн нь авах боломжтой юу?

-Бид Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ байнга шинэчлэн авч байна. Дээр хэлсэнчлэн нэг сая 888 мянган иргэн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшдэг данстай гэсэн. Эдгээр иргэдээс одоогийн байдлаар 70 мянган иргэн нас барж, 13 мянган иргэн харъяатаас гарсан байна. Эдгээр иргэдийн үнэт цаасны бичилт хийгдсэн. Ямар нэгэн хасалт хийгдээгүй. Тийм учраас энэ иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө дансанд нь орсон байгаа. Засгийн газраас тогтоол шийдвэр ирнэ л дээ. Хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэхээр нас барсан иргэдийн хувьцааг бусдад бэлэглэх эрх нь үүсэх учраас одоохондоо ногдол ашиг нь хөдөлгөөнгүй байх болно.

Яагаад гэвэл Засгийн газрын 2012 оны 182 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ захиран зарцуулах эрхгүйгээр эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хувьцаа хөдөлгөөнгүй байсан. Харин Засгийн газарт худалдах эрхтэйгээр эзэмшүүлсэн учраас Засгийн газар тогтоол гаргаж, нас барсан иргэдийг бүртгэлээс хассан тохиолдолд энэ хөдөлгөөн үүснэ.

-Насанд хүрээгүй хүүхдүүдийн ногдол ашгийг хэрхэн олгож байна вэ?

-2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд 1072 хувьцааны ногдол ашиг олгож байгаа. Өнөөдөр найман настай хүүхэд энэ ногдол ашгийг авах эрхтэй. Эдгээр хүүхдүүдэд хүүхдийн мөнгөний данс болон ebarimt аппликейшн ашигладаг бол тэр дансаараа авч болно. Эсвэл үнэт цаасны компанид данс нээлгэж, баталгаажуулсан бол ногдол ашгаа авч байна.

Эх сурвалж: news.mn

Холбоотой мэдээ