“Чулуу” хочит Дуэйн Жонсон гэр бүлээрээ Ковидийн халдвар авчээ

2020-09-03 96

Холливудын алдарт жүжигчин Дуэйн Жонсон гэр бүлээрээ коронавирусийн халдвар авсан талаараа өчигдөр /2020.09.02/ 196 сая дагагчтай өөрийн “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Өдгөө 48 настай жүжигчин болон түүний эхнэр Лауран Хашиан, дунд охин дөрвөн настай Жасмин, бага охин хоёр настай Тиана нар бүгд халдвар авсан бөгөөд одоо эдгэрэх шатандаа орсныг дурдсан байна. Харин түүний анхны эхнэрээс гарсан том охин 19 настай Симоне нь ээжтэйгээ амьдардаг юм.

11 минутын урт бичлэгтээ тэрбээр “Эхнэр Лаурен, хоёр бага охин маань бас би коронавирусийн халдвартай гэж оношлогдсон. Энэ бол бидний даван тулсан хамгийн хүнд, сорилттой зүйлсийн нэг байлаа” гэжээ. Мөн Дуэйн Жонсоны гэр бүл халдвар тараах эрсдэл өндөртэй 14 хоногийн ард аюулгүй гарсан гэдгээ энэ үеэр дуулгасан байна. Жонсон дархлаагаа сайжруулахын тулд дасгал хөдөлгөөн сайн хийж, гэртээ хүмүүс урихдаа болгоомжтой хандан, амны хаалт тогтмол зүүхийг инстаграмын дагагчдадаа уриалжээ.

Алдарт жүжигчин гурван охинтой бөгөөд том охин Симон нь өдгөө 19 настай билээ. Тэрбээр эхнэр Лаурен Хашиантайгаа 2019 онд гэрлэсэн ба хос хоёр 4 настай Жасмин, 2 настай Тиана хэмээх хоёр охинтой юм.

Одоогийн байдлаар дэлхий даяар 25 сая хүн коронавирусийн халдвар аваад байна. Тэдний дунд Идрис Элба, Пинк, Лена Данхам, Антонио Бандерас, Кевин Харт, Кевин Дюрант, Том Хэнкс, Борис Жонсон зэрэг улс төр, урлаг, спортын алдартнууд багтжээ.

Эх сурвалж: CNET

 

Холбоотой мэдээ