Жүжигчин Ж.Алтаншагай: Хорин настайдаа хоёр ихэр охинтой болж нэг ч удаа хариуцлагаас бултах бодол төрж байгаагүй

2020-09-01 149

ФАНТАСТИК продакшны жүжигчин Ж.Алтаншагай ’37 дугаар точка’, ‘Маш нууц’, ‘Байтаг Богд’, ‘Зүрхний хилэн’, ‘Миний ах атаман’, ‘Том толгойтын романс’ киноны гол дүрүүдэд тоглосон сайн жүжигчин. Үүнээс гадна хувийн амьдрал нь жигдэрч, дөрвөн хөөрхөн охины аав. Жүжигчин Ж.Алтаншагайгийн гэргий Алдарт эхийн одон авч, ‘Алдарт эцэг’ болсон. Ж.Алтаншагай 1986 оны 6 дугаар 17-нд төрсөн, анх 20 насандаа ихэр охины аав болжээ.

Тэрээр энэ тухайд: Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё нь аав болох мэдрэмж. Би маш их айж байсан. Хорин настайдаа хоёр ихэр охинтой болсон. Нэг ч удаа хариуцлагаас бултах бодол төрж байгаагүй. Эцэг болох амархан, аав болох хэцүү” гэжээ. Ингэхдээ ‘Эр хүн бол маш тэвчээртэй байх хэрэгтэй. Амьдралд юу эс тохиолдох билээ. Бид хоёрт анх амьдрах байр байгаагүй. Мөнгө ч байгаагүй, юу ч байгаагүй. Би өөрөөсөө маш их ичиж байсан. Заримдаа айлын банз хулгайлах үе ч гарч л байсан. Хүүхдэдээ хэрэглэсэн памперсыг нь эргүүлээд хэрэглүүлж байхдаа би маш их харамсаж байсан. Гэхдээ хичээсэн, болсон. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөх болсон. Хүүхдүүдээ амгалан унтаж байхыг нь харах хамгийн сайхан. Найз охиноо хүүхэдтэй нь хаячихсан залуу харж байвал нэг л юм хэлье. Хүүхдээ гаргаад хоол идээд сууж байгааг нь л хар. Чи тэндээс маш том юм мэдэрнэ дээ. Өөрөө ээжээс төрсөн бол эргүүлээд эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй. Аав болж чадахгүй юм бол яах гэж айлын охиныг эргүүлээд байгаа юм бэ? Энэ надад их эмзэг тусдаг. Миний эхнэр хамгийн том ажил хийдэг. Хүүхдүүдээ хардаг. Биеэ хувааж дөрвөн охин төрүүлж өгсөн хүнээс би юу хүсэх билээ. Түүний хажууд миний хийж байгаа ажил өчүүхэн жижиг зүйл. Би түүгээр маш их бахархаж явдаг’ хэмээн ярьж байжээ.

Холбоотой мэдээ