П.Батхуяг: Өвөрмонголчуудад тулгарсан асуудал бидэнд том сануулга өгч байна

2020-09-01 95

БНХАУ-ын ӨМӨЗО-нд анхлан сургуульд орж буй сурагчдад Хятад хэлээр хичээл оруулах шийдвэр гарсан нь Өвөрмонголчуудыг хоёр сарын турш эсэргүүцэхэд хүргээд байна. Тодруулбал өмнө нь ӨМӨЗО-нд сурагчдад Монгол бичгийн хичээлийг нэн тэргүүнд тавьдаг байсан бол энэ удаад Монгол бичгийн хичээлийн хүчийг сулруулж дагалдах хичээлд болгосон нь эсэргүүцлийн шалтгаан болсон. Бид үндэсний хэл бичгийн асуудлаар Зохиолч, судлаач П.Батхуягтай ярилцлаа.

Өвөрмонголчуудын тухайд Хятад хэлээр хичээл явуулахыг эсэргүүцэн тэмцэл өрнүүлсээр байна. Монголчууд энэ асуудалд хэрхэн хандах ёстой вэ? Судлаач хүний хувьд байр сууриа илэрхийлээч.

– Улс үндэстний хамгийн чухал зүйл бол үндэстний хэл бичиг. Улс үндэстэн өөрийн хэл бичиг байхгүй бол үндэстэн оршин тогтноход хамгийн боломжгүй гэдгийг хүн төрөлхтөн эртнээс мэднэ. Тиймээс ямар ч улс үндэстэн хэл бичгээ хайрласан. Өвөрмонголчуудын тухайд бид арай өөр байр сууринаас авч үзэх ёстой. Нэг улсын доторх бодлого. Нэг улсын доторх үндэстний асуудал яригдана. Тэр нь Монгол үндэстэн. Монгол хэл бичгийг хамгаалахад зайлшгүй тэмцэх ёстой асуудал үүснэ. Гэтэл улс үндэстний доторх асуудал үүнд яригдана шүү дээ. Өвөрмонголын зохиолчидтой уулзахад настангууд маш их эсэргүүцэж байгаа юм байна. Учир нь энэ жилээс анх сургуульд орж буй хүүхдүүдийн нэн тэргүүнд үндэсний хэл бичгийн хичээл байсныг БНХАУ-ын Засгийн газраас бодлогоор Монгол бичгийн хүчийг сулруулж Хятад хэл бичгийг нэн тэргүүнд тавьж үзэх ёстой гэсэн. Нэг талдаа аргагүй шүү дээ. Улс үндэстэн өөрийнхөө боловсролын бодлогыгг хэрэгжүүлж байна. Нөгөө талдаа үндэсний цөөнх байгаа хүмүүсийнхээ хэл бичгийг гадуурхаж байгаа нь түүний эсрэг үзэл бодлоо хэлэх шалтгаан болж байна. Өвөрмонголчуудад тулгараад байгаа асуудал нь ганц тэдний асуудал биш. Магадгүй бид нар энэ хэвээрээ хэл бичгээ хайрлаж, дээдлэхгүй байвал босоо бичиг мөхөх аюулын харанга дэлдэж байна. Монголчууд өөрийнхөө хэл бичгийг үргэлж хоёрт тавиад үр хүүхдээ хэлд ороогүй байхад нь гадаад хэл сургаад, хэл бичигтээ ийм хайхрамжгүй энэ байдлаараа явбал тодорхой цаг хугацааны дараа мартагнаж үймээн самуунтай асуудал үүснэ.

Холбоотой мэдээ