Х.Баттулга: Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлт гаргажээ

2020-07-21 70

Ерөнхийлөгч Х.Баттулга прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцлоо.  Тэрээр Тавантолгойн ордыг 100 жилээр гаднынханд өгөх гэж оролдсон үйлдлүүдийг шалгаж өгөхийг хүссэн юм.

Тэрээр “Би жилийн өмнө прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байсан. Ингэхдээ төрийн албыг наймаалцаж байгаа “60 тэрбум”-ын гэх хэргийг шалгах үүрэг өгч байсан. Гэтэл бүтэн нэг жилийн хугацаанд ямар ч ахиц гарсангүй. “Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой асуудлаар ч ямар нэгэн хөдөлгөөн хийсэнгүй. Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой олон баримт, таамаг гарсан ч бодит ажил хийсэнгүй. Ингээд харахад жилийн өмнө ярьж байсан ажлууд шийдэгдсэнгүй. Прокурорын байгууллагад эрх мэдэл дутаагүй. Ерөнхий прокурортой хамтарч ажиллахаар хичээж байгаа. ЖДҮХС-аас зээл авсан гишүүд сайд нарыг чуулганаар оруулах үедээ “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байна тэр шударга ёс” гэж хэлж байсан. Энэ үгийг би давтаж хэлмээр байна. Шударга ёсыг та бүхэн энэ танхимаас эхлүүлэх хэрэгтэй. Тийм ч үүрэгтэй.

Олон жил бид утаа ярилаа. Олон зуун тэрбум төгрөгийг бид утааг бууруулахад зарцуулсан. Утаагүй зуух гэх мэт тодорхой эзэнтэй, гэхдээ огт үр дүнгүй ажилд зарцуулсан мөнгийг хариуцлагыг яагаад эргэж нэхэхгүй байгаа юм бэ. Зуухны эзэн нь тодорхой, зууханд зарцуулсан мөнгө нь тодорхой байгаа. УИХ-аар шийдсэн эрх мэдэлтэнгүүд нь ч тодорхой байгаа. Зарцуулсан мөнгийг нь харахаар утаагүй болчихоор харагдаад байгаа юм. Гэтэл хөгжлийн төслүүдийг зохион байгуулалттайгаар эрүү үүсгэн зогсоодог. Төмөр замыг яагаад гацаасан, Сайншандын аж үйлдвэр буюу баялгаа боловсруулах үйлдвэр баръя гэхээр тэнд ажиллаж байсан хүмүүст эрүү үүсгээд, шоронд аваачаад суулгачихдаг. Төмөр зам бариад нэг улсаас хараат байхаа болъё гэхээр эрүү үүсгээд шоронд суулгачихдаг. Дотоодоос 100 хувь хүнсээ хангадаг болъё гэхээр мөн л ажиллаж байсан хүмүүсийг нь шоронд хийчихдэг ийм жишиг тогтоогоод удаж байгаа. Нам дамнасан хэт цөөнхийн бүлэглэл буюу МАНАН бүлэглэлийн толгойлогч нар энэ бүхнийг хийж байгаа. Энэ бүхэндээ хуулийнхнийг нь оролцуулдаг. Явж байгаа төслүүдэд эрүү үүсгэдэг. Энэ бүхнээс чинь болоод шударга бусын хонгил гэдэг зүйл яригдаад байгаа юм. Үүнтэй та бүхэн тэмцээч ээ. Энэ хүмүүсийг ил болгооч ээ. Би утаатай холбоотой шинэ баримтуудыг та бүхэнд энэ долоо хоногт хүлээлгэж өгнө. Утаагаар мөнгө хийсэн хүмүүстэй хариуцлага тооцох ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Ийм тодорхой байгаа хэргүүдээ шийдэж чадахгүй бол тодорхой бус хэргийг шийдэж чадахгүй.

Салхитын мөнгөний ордыг Монгол Улсын газрын зураг дээрээс хайгаад олохгүй. Зориуд юм уу, зориуд бусаар юм уу энэ ордыг газрын зураг дээр тэмдэглээгүй. Гэтэл 1983 онд хайгуул хийгээд 500 сая ам.доллартой тэнцэх алт, мөнгөний ордтой гэж тогтоосон. 2014 оноос хүдрийн баяжмалыг гадагш нь зөөсөн. Баяжмалыг хилийн цаана боловсруулж буцаагаад бидэнд зардаг. Ордод хяналтаа тогтоосон гаднын хөрөнгө оруулагчид нь хоорондоо маргалдаад энэ хэрэг цагдаад очсон.  Уул уурхай тойрсон иймэрхүү хэрэг маш их гарч байгаа. Төр авах ёстой татвараа заавал авах ёстой.

Би Ерөнхийлөгчийн хувьд бус Монгол Улсын иргэний хувьд Тавантолгойн орд газрыг гэрээгээр халхавчлан үнэгүй өгөх оролдлого гаргаж, эдийн засгийн асар их боломжтой өгөөжтэй компанийг гаднынханд 100 жилээр өмчлүүлэх оролдлогыг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсныг харсан. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь бүгд баримттай байгаа. Энэ бол “60 тэрбум”-ын адил албан тушаалын хэрэг мөнөөс мөн. Үүнийг одоо болтол яагаад шалгахгүй байгаа юм бэ. Гэмт хэргийн үр дагавар нь маш тодорхой. Энэ ордыг 1960-1990 он хүртэл төрийн хөрөнгөөр хайгуул, хийж нөөцийг тогтоож, орон нутгийн чанартай компани байгуулан ажиллаж байсан. Төрийн өмчөөр хайгуул хийж, тогтоогдсон, төрийн өмчийн ордыг хууль бусаар хэн нэгэнд өгч хэрхэвч болохгүй. 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулсан Засгийн газар Тавантолгойг дахиад гаднынханд өгөхөөр зүтгүүлсэн. Гаднынханд 100 жилээр өгөх оролдлого дахиад хийсэн гэсэн үг. Төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс орд газрыг гаднынханд өгөх, мөнгө цөлмөх гэсэн, хөгжлийн хөтөлбөрүүдийг улс төрийн зорилгоор гацаасан оролдлого бүрийг шалгаж, гэм буруутай хүнийг шалгаж тогтоох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Тиймээс Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтийг тавьж, баримтуудыг Ерөнхий прокурорт өгч байна.

Монгол Улсын бүх сонгууль мөнгөнд явдаг болсон. Мөнгө хаанаас гарч байгаа вэ. Уул уурхайгаас гарч байгаа. Ард түмний өмч хаа хамаагүй зарагддаг болсон. Учир нь иргэд ядуу байх ёстой. Сонгуулиар мөнгө хийдэг зарчим өнөөдөр үйлчилж байна” гэсэн юм.

Би хэн нэгнийг хэлмэгдүүлж чадахгүй, хэн нэгнийг хариуцлагаас мултлаж чадахгүй

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан

-Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Монгол Улсын прокурорын байгууллага хэн нэгнээс хараат бус зөвхөн хуульд захирагдаж ажиллана. Хэн нэгэн гэмт хэрэг гээд ярихаар шалгадаг, хэн нэгийг буруутай байх ёстой гэж хэлэхээр тэр хүнийг шалгадаг асуудал миний үед гарахгүй. Би үүнийг та бүхнийхээ өмнө, Ерөнхийлөгчийн өмнө хариуцлагатайгаар мэдэгдье. Би хэн нэгийг хэлмэгдүүлж чадахгүй, хэн нэгэн хүнийг хариуцлагаас мултлахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” гэв.

Холбоотой мэдээ

Ө.Энхтүвшингийн шунал дарагдсангүй гэж үү

Шадар сайд асан Ө.Энхтүвшин Франц улсад суух Элчин сайд болохоор зүтгэж яваа талаар чих дэлсэх болов

2020-07-30

Ч.Сайханбилэг: Би Х.Баттулгыг буусан өдөр очно

Дубайн гэрээ гэж нэрлэж заншсан “Оюу толгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны төлөвлөгөө”-г ба

2020-07-30

C.Баярцогт Оюутолгойн хөрөнгө оруулагч компаний хувьцаанаас 1,8 тэрбумын ашиг олжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 17-нд Сангийн сайд асан

2020-07-29