Хөл хорио сунгагдвал есдүгээр сард хичээл цахимаар орж эхэлнэ

2020-07-18 158

Дэлхий нийтээр тархсан коронавирусээс улбаатай Онцгой байдлын дэглэмд манай улс шилжээд зургаан сарын нүүрийг үзлээ. Энэ хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд бүх байгууллага, ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нөхцөл байдал ч өөрчлөгдөж зарим байгууллагуудыг үе шаттай нээх боллоо.

Улсын Онцгой Комисс /УОК/ болон Засгийн газар энэ сарын 9-нд хуралдаж улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдал, онцгой байдлын дэглэмийг долдугаар сарын 30 хүртэл сунгасан. Энэ мэтээр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасаар байвал ирэх намар буюу есдүгээр сарын 01 -нд цэцэрлэг, ЕБС-ийн хичээл хэрхэх вэ, БСШУЯ одоо ямар чиглэлтэй ажиллаж байгаа талаар тус яамны Хэвлэлийн төлөөлөгч Т.Сайхнаагаас тодрууллаа.

Тэрбээр “Одоогийн байдлаар бид шинэ хичээлийн жил хэвийн эхэлнэ гэсэн чиглэлтэй ажиллаж байна. Цэцэрлэг сургуулийн элсэлтийн үйл ажиллагааны шинэ элсэлтийн талаарх асуудлыг Нийслэлийн боловсролын газар хариуцаж байгаа. Их, дээд сургуулиуд элсэлтээ авч эхэлсэн.

Ерөнхийдөө УОКын гаргасан шийдвэрээр чиглэл авч ажиллаж байгаа. Нөхцөл байдал дээрдэхгүй, хөл хориог сунгасаар есдүгээр сар хүрвэл теле хичээл болон цахимаар орж эхэлнэ.

Цаг хугацааны хувьд тогтсон хуваарийн дагуу есдүгээр сарын нэгэнд эхэлнэ. Бид өнгөрсөн хавар намрын улиралд үзүүлэх теле хичээлийг бэлтгэсэн учир онцгой нөхцөл байдалд бэлтгэлтэй байгаа гэж хэлж болно. Цаашдаа дөрвөн улирлын теле хичээлийг бэлтгэж байнгын цахим сантай болгохоор ажиллаж байгаа” гэсэн юм.

Харин өчигдөр /20202.07.17/ ирэх хичээлийн жилд 2-5 настнуудын цэцэрлэгийн бүртгэл болон шинээр сургуульд орох зургаан настнуудыг элсүүлэх бүртгэл хэзээ эхлэх талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр элсэн орох хүүхдүүд буюу хоёр нас болон 3-5 настай хүүхдийн бүртгэл наймдугаар сарын 3-25-ны хооронд tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар буюу цахимаар явагдана. 

Бүртгэлийн сайтад одоогийн байдлаар хөгжүүлэлт хийгдэж байгаа тул нэвтрэх боломжгүй. Наймдугаар сарын 3-н гэхэд хэвийн ажиллана. Нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг наймдугаар сарын 15-наас цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн” гэж мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ