Бэлчээрт мал хариулж явсан 9 настай охиныг 33 настай эрэгтэй хүчирхийлжээ

2020-07-05 198

уржигдар буюу долдугаар сарын 2-ны өдөр Булган аймгийн нэгэн сумын нутаг дэвсгэрт хонины бэлчээрт малаа хариулж явсан 9 настай охиныг тус сумын харьяат 33 настай залуу хүчирхийлсэн хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүчирхийлэгч этгээдийг саатуулан, шалгалтын ажиллагааг явуулахад тэрбээр архи согтууруулах төрлийн ундааг хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Тус хэргийн дуудлагыг хүүхдийн ар гэрийнхнээс цагдаагийн байгууллагад өгснөөр сэжигтэн этгээдийг цаг алдалгүй саатуулсан гэнэ. Хэргийг өдгөө Булган аймгийн цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байна.

-НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ ХҮЧИНДСЭН БОЛ 8-12 ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж; /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
  • 2.2.бүлэглэж;
  • 2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж;
  • 2.4.хохирогчийг жирэмсэн болгож;
  • 2.5.хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж;
  • 2.7.урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн;
  • 2.8.харгис хэрцгий аргаар;
  • 2.9.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж; /Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
  • 2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
  • 3.Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
  • 4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: -Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно.

Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, аль болох ганцааранг нь явуулахгүй байх, эргэн тойронд буй хүмүүсийг нь сайтар судлах хэрэгтэй юм. Учир нь бага болон өсвөр насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, бие болоод сэтгэлзүйгээр хохирсон хүүхдүүдийн ихэнх нь ойрын хамаарал бүхий гэр бүлийн гишүүн эсвэл хөрш зэргэлдээ айлынхаа хүнд хүчирхийлүүлсэн байх магадлал өндөр болохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсээр буй. Хүүхдээ том болсон хэмээн тайвширч, зөнгөөр нь орхилгүй, тавих хяналтаа сайжруулах нь болзошгүй эрсдлээс хамгаалах болно. Мөн хүүхэдтэйгээ найз нөхөд мэт нээлттэй илэн далангуй ярилцаж, учирч болох аюулаас биеэ хэрхэн хамгаалах аргуудыг зааж өгөөрэй.

Холбоотой мэдээ