Үнэн ба Зөв Намын дарга А.Отгонбаатар: Би гишүүн болж чадсангүй…

2020-06-29 198

УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгийн талаар Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар иргэдэд хандан мэдээлэл хийлээ. Түүний яриаг багцлан хүргэж байна.

Найзуудаа одоо уйлаад яах вэ? Гоншигноод яах вэ? Сонгууль болдгоороо болоод өнгөрлөө. Асуудал байгаа бол хууль шүүхээрээ явья. Зарим нэг ах нар 7 сарын 1 шиг хүмүүсийг уриалж, турхирч,  жагсаал цуглаан хийе гэж солиотой юм ярьж байна. Би үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Ард түмэн Сүхбаатарын талбай дээр гарч зогсоод хамгийн түрүүнд цагдаа нартай тулна. Тэр яриад байгаа хүмүүстэйгээ ч тулахгүй. Хэдэн цагдаа нар гэмтэж бэртэж, байшин барилга нурааж, үймээн самуун дэгдэнэ. Үүний шанд Монгол Улс, Монголчууд л хохирно. Би сонгуулийн өмнө энэ ах нарт “Бид нэг цул болж ажиллах ёстой. Тэгвэл ялна” зөндөө хэлсэн. Хэн нь ч тоож авч хэлэлцээгүй. “Би мундаг, би мундаг” гээд л сонгуульд орсон. Сонгуулийн үр дүнг харахаар нийт санал өгсөн иргэдийн 40 хувийг ньл  Ардын нам авсан байна. Үлдсэн 60 хувийг нь бусад нь хуваагаад авчээ. Бидэнд ялах боломж байсан.

Бид өөрсдөө л саналаа хуваасан. Сонгуульд ялагдсан. Сонгууль болохоор шаагилдаад л гараад ирдэг улс төрчид хэтэрхий олон юм байна. Сая бүүр 600 гаруй хүн гараад л ирээ биз дээ. Сонгууль  дуусахаар  алга болдог.  Шал худлаа л байгаа байхгүй юу? Ийм байж жагсая, цуглая гэдэг. Өмнө нь 7 сарын 1-нд жагсаал болоход таван гэм зэмгүй залуу амь насаараа хохирсон. Жагсаалыг зохион байгуулсан ах нар өөрсдөө зугатаад алга болсон ш дээ. Ийм байж битгий солиороод байгаарай. Энэ талбай дээр жагсаал боллоо гэхэд эгэл жирийн цагдаа нар, эгэл жирийн ард иргэд алалцаад л өнгөрнө. Ийм асуудал байж болохгүй. Одоо бид дөрвөн жил шахаж шаардаад л явах зам үлдлээ. Ирэх 4 жил бид дараагийнхаа сонгуульд бэлтгэнэ. Зүгээр суухгүй. Хуулийн дагуу бүх юмыг шийдээд явах ёстой. Сонгууль будиллаа гээд бүүр будлиан үүсгэж болохгүй. Ард түмнийг хооронд нь байлдуулах гэж турхирах хэрэггүй.  Нөхцөл байдлыг бид томоор харах хэрэгтэй, ард түмнээ, улс орноо бодох хэрэгтэй. Нөгөө алдартай Сири гэдэг улс яалаа.

Сонгуулийн маргаанаас үүдэж маргалдаад, жагсаж тэмцээд, эцэст нь улс нь өөрөө байхгүй болсон. Тиймээс 7 сарын 1 шиг асуудлыг бид дахиж үүсгэж болохгүй. Ард түмнийг ингэж өдөөн турхирч болохгүй.  Ард түмэн сонголтоо хийчихлээ. Үр дүн нь ингэж гарлаа. Маргаан байгаа бол хууль шүүхээрээ яваарай.  Би нэг зүйл хэлэхийг хүсч байна. 2021 онд бид Гэрэгэ  бондны 800 сая ам.доллар, 2022 онд Чингис бондны 1 тэрбум ам.доллар гээд нийтдээ 4  бондны асар их өр төлнө. Энэ өрийг төлөхийн тулд маш их хөрөнгө мөнгө олох шаардлагатай болно. Одоо улсаараа тоглохоо болье. Энэ улс оронд тогтворгүй байдал үүсээд эхлэх юм гадныханд л олз болноо. Тиймээс ялагдсан хүмүүс битгий бусдыг турхир гэж хатуухан хэлмээр байна. Үнэн ба зөв нам ялагдсан. Бид нарын хувьд ч гэсэн маш их зүйлийг алдсан. Бусад намыг бодоход бид дөрвөн жил ажилласан. Гэлээ гээд бид ялагдлаа гэж гоншигнохгүй. Одоо цаашид эвсэж нэгдэх, нийгмийг өөрчлөх, Үндсэн хуулийн 6-р зүйлийн 2-ыг өөрчлөхийн төлөө хамтран зүтгэе.  Бидэнд итгэдэг энэ намд итгэдэг бүх хүмүүсийн төлөө ажиллах болно. Өчигдөр анхан шатны шүүхээр Өвөрхангай аймагт хууль зөрчсөн гэдэг үйлдлийг нь тогтоосон. Энэ гурван нэр дэвшигчийг татах ёстой. Ийм л жишгээр хуулийн дагуу асуудлаа шийдүүлнэ.

“Би гишүүн болж чадсангүй. Миний өмнөөс  жагс” гээд байгаа ах нар хэний халуун амь, бүлээн цусаар тоглох гээд байгаа юм бэ гэдгийг би ойлгохгүй байна. Өөрсөддөө алдаа байхгүй юм шиг өрөөлд байнга бурууг чихдэг хүмүүс одоо боль. Өнөөдөр жагсаал цуглаанд уриалаад байгаа ах нар өөрсдөө л нэгдэж чадаагүй унасан, Биднийг ч бас унагасан. Дээрээс нь хууль шүүхийг гартаа атгасан МАНАН бүлэглэл биднийг унагаасан. Гэхдээ “Үнэн ба зөв” намынхан цаашдаа илүү их нэгдэж ажиллана. Биднийг дэмжиж байгаа бүх хүмүүсийг би хамтран ажиллахыг урьж байна.

Цөмөөрөө илүү хүчирхэг, илүү ухаалаг, илүү ажилсаг, илүү ухаалаг  байж тэмцье. Ах нар шиг хөшигний ард нуугдчихаад  араас нь  хүн түлхэж унагаадаг адгийн тамтаг нь байхгүй байя гэж уриалж байна. Төрийн гурван өндөрлөгийн бүх суудалд сууж үзсэн нэг өвөө, УИХ-д өчнөөн жил суусан, Улаанбаатар хотын дарга байсан бас нэг буурал толгойтой өвөө байна. Өвөө нар нийлээд олон түмнийг турхирах хэрэггүй.  Ийм өвөө нар одоо зайгаа тавьж өгөх цаг болсон. Залуучууддаа боломж олго. Ирэх сонгуульд ялагдал амсахгүйн төлөө одооноос ажиллах хэрэгтэй. Улс орноо бодож байгаа бол эв нэгдлийг сахиж, илүү хичээж ажиллая.

Холбоотой мэдээ