Х.Отгончимэг: 11 сартай хүүгээ орхиод хоёр удаа халдварын голомтод ажилласан

2020-06-29 56

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед, ачаалалтай ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих зорилгоор түрээслээд, өмчлөх орон сууцны дэмжлэг үзүүлэхээр болсон.  Тэгвэл өнөөдөр эмнэлгийн байгууллагын 400 ажилтанд орон сууцны батламж гардуулах үйл ажиллагаа болов.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны сайд Э.Сарангэрэл “ДЭМБ-аас нэгдүгээр сарын 3-ны өдөр “Ковид-19” бүртгэгдсэн тухай албан ёсоор мэдэгдсэн. Тэр цагаас хойш эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнөөдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласны үр дүнд хүн амын дунд халдварыг тараахгүй хагас жил хориглож чадлаа. Үүнийг төр засаг өндрөөр үнэлж, төрийн албан хаагч, төрийн үйлчилгээний ажилчдыг орон сууцанд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох шийдвэр гарсан юм” хэмээв.

Засгийн газраас одоогийн байдлаар 1000 орон сууцийг төрийн албан хаагчдад өгөхөөр бэлдсэн бөгөөд тэдгээр орон сууцнууд нь ашиглалтад бүрэн орсон байрнууд юм.

ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү “Манайх энэ удаад жолооч, асрагч, сувилагч хийдэг 30 ажилтандаа батламж гардуулж байна. Энэхүү төрийн албан хаагчдын орон сууцаар хангах үйл ажиллагаа цаашид үргэлжлэх учраас айлын хаяа түшсэн, гэр түрээсэлж амьдардаг, боломж тааруу хүмүүсээ хамруулахыг зорьсон юм. Бид заавал ажилласан жилээр хязгаарлан байранд оруулалгүй, “Ковид-19”-ын үед халдвартай бүсэд ажиллаж буй залуу хүмүүсээ ч хамруулж байгаа” гэлээ.

Ийнхүү байраар шагнуулсан албан хаагчдын сэтгэгдлийг сонирхуулъя.

“ХАЛДВАРЫН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙХДАА ХҮҮХДЭЭ САНААД УЙЛЖ БАЙСАН ҮЕ БИЙ”

ХӨСҮТ Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн ариутгагч, Эрүүл мэндийн тусгай хог хаягдлын ажилтан Х.Отгончимэгийн баярт мөчийн сэтгэгдлийг сонслоо.

-Та хэдэн жил ажиллаж байна вэ. Байртай болсон сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-ХӨСҮТ-д 19 дэх жилдээ ажиллаж байна. Манайх боловсон хүчний хүрэлцээ бага байдаг болохоор цар тахлын үед дарга нартаа хэлж байгаад, санаачилгаараа халдварын бүсэд орж, ажилласан байгаа. Миний хичээл зүтгэлийг үнэлж, байраар шагнаж байгаад маш их баяртай байна.

-Та ам бүл хэдүүлээ вэ. Хаана амьдардаг вэ?

-Аав, ээж болон гурван хүүгийнхээ хамт амьдардаг. Том хүү 15, дунд хүү10 настай, бага маань 11 сартай. Би айлын хашаанд гурван хүүтэйгээ амьдарч байгаад хэдэн сарын өмнөөс аав, ээжтэйгээ хамт зургуулаа амьдарч байна.

-Халдвар бүртгэгдсэнээс хойш хэдэн удаа халдвартай бүсэд ажилласан вэ?

-Би хамгийн эхлээд дөрөвдүгээр сарын 8-нд, дараа нь тавдугаар сарын 20-д халдвартай бүсэд ажилласан. Ингэхдээ 14 хоног өвчтөнүүдийнхээ хажууд, 14 хоног тусгаарлах байранд байсан бөгөөд 56 хоног гэрээсээ хол байлаа. Тэр үед хүүхдүүдээ л хамгийн их санасан даа. Хааяа уйлж байсан ч үе бий.  Өнөөдөр бидний хувьд маш сайхан мөч тохиож байна.

“БАЙРТАЙ БОЛНО ГЭДГЭЭ СОНСООД НОЙР ХҮРЭХГҮЙ, БАЯРЛАЖ, ДОГДОЛЖ ХОНОЛОО”

УГТЭ-т 20 дахь жилдээ дулааны машинистаар  ажиллаж байгаа  А.Баттулга “Эхнэр гурван хүүхдийн хамт айлын хашаа дамжин гэрт амьдардаг байлаа. Харин Засгийн газраас орон сууц өгөхөөр болж, түүнд нь орох аз тохион, батламжаа гардаж байгаадаа баяртай байна” хэмээлээ.

УГТЭ-ийн Уушги судлалын тасагт сувилагчаар 35 дахь жилдээ ажиллаж буй Г.Хорлоо “Би гэр хороолол болон түрээсийн байранд сарын 700 мянган төгрөг төлж нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Уушги судлалын тасаг гэдэг утгаараа халдварын үед хамгийн түрүүнд ажиллах ёстой байдаг. Тиймээс ч манай хамт олон ачаалал ихтэй ажиллаж байна. Өчигдөр орой дарга утасдаад байрны батламж гардуулна гэж хэлэхэд нойр хүрэхгүй, хурдхан ажилдаа явмаар санагдаж, баярлаж, догдолж байлаа. Бид нар тав дахь өдөр гэхэд хувийн материалаа бүрдүүлж өгөх ёстой юм билээ” гэв.

 “АМЬДРАЛД ХЭЦҮҮ ЗҮЙЛ ОЛОН ТОХИОХ Ч, АЖЛАА ТУУШТАЙ, ҮНЭНЧ ХИЙСНИЙ ҮР ДҮН ГАРЛАА”

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушгины эмгэг судлалын сувилагч Т.Ариунаа “Би 1997 онд УНТЭ-т орж, 24 жил ажиллаж байна. Том хүү цэргийн албанд, бага хүү дөрвөн настай. Бид түрээсийн байранд амьдардаг байсан. Түрээсийн төлбөр өндөр байдгаас болоод шантрах, гутрах гээд хэцүү үе зөндөө гарч байсан ч, болно, бүтнэ гэж бодож, үнэнч, тууштай ажилладаг байсан. Тиймдээ ч өнөөдөр улсаас миний хөдөлмөрийг үнэлж, амьдралын асуудлыг шийдвэрлэж өгч байна” гэв.

Эрүүл энхийн манаанд тууштай зүтгэж, үнэнчээр ажилласан баатруудын нэг бол яах аргагүй сувилагч, жолооч, ариутгагч нар билээ. Тэд гэр бүлдээ цаг бага зарцуулдаг ч ажлаа хичээнгүйлэн хийсний үр дүнд хүүхдүүдтэйгээ дулаан байранд амьдрах боломжтой болж байгаа нь ёстой л нүдээ олсон шагнал гэлтэй. Түрээслээд өмчлөх хэлбэрээр урьдчилгаа төлбөргүй, ашиглалтад орсон байрны батламж гардан авч буй эмнэлгийн ажилчид “Бидэнд овор тохиох аз, завшаан ирлээ” хэмээн нулимс дуслуулан өгүүлж, бие биедээ баяр хүргэн хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан юм.

Холбоотой мэдээ

Малайзад хүний наймааны золиос болсон монгол охид эсэн мэнд олджээ

Малайз улсад хүний наймаа, хүчин зэрэг онц аюултай гэмт хэргийн золиос болж байсан монгол охидын нөх

2020-07-05

Бэлчээрт мал хариулж явсан 9 настай охиныг 33 настай эрэгтэй хүчирхийлжээ

уржигдар буюу долдугаар сарын 2-ны өдөр Булган аймгийн нэгэн сумын нутаг дэвсгэрт хонины бэлчээрт ма

2020-07-05

Урсгал сөрж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолоочийг 2.9 сая төгрөгөөр торгожээ

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин урсгал сөрж яваад цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолооч эмэг

2020-07-02