Х.БАТ-ЯЛАЛТ 461 ДҮГЭЭР ХОРИХ АНГИАС ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ

2020-06-21 72

Монголд хуулийн засаглал, шударга ёсыг тогтоож, эрх мэдэлтэн иргэн хоёрт ялгаатай ханддаг хоёр нүүртэй хонгилын шүүхийг нураахын төлөө би тэмцэж ирсэн. Гэвч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан тэмцлээс минь айсан шинэ хонгилын гар хөлүүд “хов зөөж” дахин намайг хууль бусаар хориуллаа.

 

Бүр УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогчидтойгоо уулзалт хийхийг минь хүчээр зогсоож, хар гэрт хорилоо. Би ялж явсан. Сонгогчид маань намайг дэмжиж байсан. Судалгаа ч нотолно. Нэр дэвшигч Х.Бат-Ялалтыг хорьсон биш 28 дугаар тойргийн сонгогчдын сонголтыг ч, иргэнийхээ үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг нь ч хуулийн шинэ хонгилынхон хамт хорьж байгаа юм.

 

Сонгогчид маань ар гэрээр маань дамжуулж, “Хамт байгаа шүү, таныг сонгоно” хэмээн хэлүүлжээ. Шоронгийн хүйтэн, харанхуй өрөөнд түгжигдэн суух надад энэ үгс нарны дулаан элч, халуун хоол мэт санагдав. Тиймээ, сонгогчдын зөв. Нэгэнт эхэлсэн шинэчлэлийн давлагааг зогсоох хүч эрх баригч нарт, шинэ хонгилын шүүгч нарт байхгүй. Хуулийн дагуу би нэр дэвшигч хэвээрээ. Сонгинохайрханчууд маань 06 сарын 24-нд надад саналаа өгөх эрх хэвээрээ байгаа шүү. Энэ өдөр би хуулийн эздийн “хар гэр”-ээс гарч, сонгогчдын маань надтай хамт “хоригдсон” сонгох эрх чөлөө хамт чөлөөлөгдөх ёстой. Сайн цаг ирнэ. Шударга ёс ялна.

 

Би ядарсан иргэд зовсон түмнийхээ өмнөөс  хэнийг ч үл ялган хуулийн ч, улстөрийн ч өмгөөлөл явуулж ирсэн. Энэ бүхэнд талархах, дэмжих олон мянган хүн Монгол орны минь өнцөг булан бүрт бий. Энэ ил захидлаараа Чингэлтэй дүүргийн сонгогчид, дэмжигчиддээ үгээ дамжуулъя. АН-аас нэр дэвшигч, Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх гэх “Шар” Г.Уянгааг бүү сонгоорой. Түүний хар  матаасаар миний эрх чөлөө боогдож, эхнэр хүүхдээсээ хол, харанхуй шоронгийн өрөөнд сууж байна. Г.Уянга өмнө нь найз Ц.Эрдэнэчимэгийнхээ бичлэгийг задалж сонгуульд унагасан. Өнөөдөр мөн л тэр хэргээр намайг сонгуулийн үед гүтгэж, хар гэрт суулгаж байна. Маргааш Чингэлтэйн иргэн таныг ч гүтгэж, горонд суулгана. Тэгээд ярьдаг цаазын ялаар Монгол ах дүү нараа хядахыг санаархах биз ээ. Бид муу хүмүүст итгэж, эрх мэдэл олгох нь галзуу хүнд хутга бариулаад явуулсантай адил болно.

 

Би хэзээ ч Монголын үндэсний эрх ашгаас урваж, эх орноо харийнханд зарж байгаагүй. Би хэзээ ч эрх мэдэлтнүүдийн бөгсийг долоож албан тушаалын шатаар дамжиж байгаагүй. Би үргэлж эгэл жирийн иргэдтэйгаа хамт байж, айсан үед нь хатгах жад нь болж явсаар ирсэн билээ. Энэ бол Х.Бат-Ялалтын амьдрал, зарчим юм. ухрахгүй, няцахгүй.

Шударга ёсны цагаан гэрэл худал хуурмагийн харанхуйг үлдэн хөөх болтугай. УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшигч, өмгөөлөгч Х.Бат-Ялалт

 

461 дүгээр хорих ангиас бичвээ.

Холбоотой мэдээ