НЭР ДЭВШИГЧ Х.БАТ-ЯЛАЛТ ХОРИХ АНГИАС ИЛ ЗАХИДАЛ ИЛГЭЭЛЭЭ

2020-06-21 77

Монголд хуулийн засаглал, шударга ёсыг тогтоож, эрх мэдэлтэн иргэн хоёрт ялгавартай ханддаг хоёр нүүртэй хонгилын шүүхийг нураахын төлөө би тэмцэж ирсэн. Гэвч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан тэмцлээс минь айсан шинэ хонгилын гар хөлүүд  “хов зөөж” дахин намайг хууль бусаар хориуллаа.

Бүр УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогчидтойгоо уулзалт хийхийг минь хүчээр зогсоож хар гэрт хорьлоо. Би ялж явсан. Сонгогчид намайг дэмжиж байсан. Судлагаа ч нотлоно. Нэр дэвшигч Х.Бат-Ялалтыг хорьсон биш 28 дугаар тойргийн сонгогчдын сонголтыг ч,иргэнийхээ  үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг нь ч хуулийн шинэ хонгилынхон хамт хорьж байгаа юм.

Сонгогчид маань ар гэрээр минь дамжуулж хамт байгаа шүү, Таныг сонгоно хэмээн хэлүүлжээ. Шоронгийн хүйтэн, харанхуй өрөөнд түгжигдэн суух надад энэ үгс нарны дулаан элч, халуун хоол мэт санагдав. Тиймээ, сонгогчдын зөв. Нэгэнт эхлэсэн шинэчлэлийн давалгааг зогсоох хүч эрх баригч нарт, шинэ хонгилын шүүгч нарт байхгүй. Хуулийн дагуу би нэр дэвшигч хэвээрээ. Сонгинохайрханчууд маань 06 сарын 24 нд надад саналаа өгөх эрх хэвээрээ байгаа шүү. Энэ өдөр би хуулийн эздийн “хар гэрээс” гарч, сонгогчидын маань надтай хамт “хоригдсон” сонгох эрх чөлөө хамт чөлөөлөгдөх ёстой.  Сайн цаг ирнэ. Шударга ёс ялна.

Би ядарсан иргэд, зовсон түмнийхээ өмнөөс хэнийг ч үл ялган хуулийн ч, улс төрийн ч өмгөөлөл явуулж ирсэн. Энэ бүхэнд талархах, дэмжих олон мянган хүн монгол орны минь өнцөг булан бүрт бий. Энэ ил захидлаараа Чингэлтэй дүүргийн сонгогчид, дэмжигчиддээ үгээ дамжуулий. АН-аас нэр дэвшигч, Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх гэх “шар” Г.Уянгааг бүү сонгоорой. Түүний хар матаасаар миний эрх чөлөө боогдож, эхнэр хүүхдээсээ хол харанхуй шоронгийн өрөөнд сууж байна. Г.Уянга өмнө нь найз Ц.Эрдэнэчимэгийнхээ бичлэгийг задлаж сонгуульд унагасан. Өнөөдөр мөн л тэр хэргээр намайг сонгуулийн үед гүтгэж хар гэрт суулгаж байна. Маргааш Чингэлтэйн иргэн таныг ч гүтгэж шоронд суулгана. Тэгээд ярьдаг цаазын ялаар монгол ах дүү нараа хядахыг санаархах бизээ. Бид муу хүмүүст итгэж, эрх мэдэл олгох нь галзуу хүнд хутга бариулаад явуулсантай адил болно.

Би хэзээ ч монголын үндэсний эрх ашгаас урваж, эх орноо харийнханд зарж байгаагүй. Би хэзээ ч эрх мэдэлтнүүдийн бөгс долоож албан тушаалын шатаар дамжиж байгаагүй. Би үргэлж жирийн иргэдтэйгээ хамтж байж айсан үед нь атгах гар нь, дайрсан үед нь хатгах жад нь болж явсаар ирсэн билээ. Энэ бол Х.Бат-Ялалтын амьдрал, зарчим юм. Ухрахгүй, няцахгүй.

Шударга ёсны цагаан гэрэл

худал хуурмагийн харанхуйг үлдээн хөөх болтугай.

УИХ-ын 28 дугаар  тойрогт нэр дэвшигч, өмгөөлөгч Х.Бат-Ялалт

461 дүгээр  ангийн хорих ангиас бичвээ.

Холбоотой мэдээ