ТУУЛ ГОЛ ХАВИАР ХОГГҮЙ, ЦЭВЭРХЭН ГАЗАР ХАЙГААД ОЛСОНГҮЙ

2020-06-20 91

“Бид өнгөрөгч амралтын хоёр өдөр энэ газар гэр бүлээрээ амарч байна. Бид дор бүрнээ хогоо цэвэрлээд явж байгаа болохоор ойр хавь хоггүй байгаа. Цаашаа мод руугаа орвол битүү баас, шээс үнэртэнэ. Бид амрах газар хайж, энэ хавиар бүтэн тойрч явлаа. Хог хаягдал их байна. Уг нь нэг үеэ бодвол иргэдийн ухамсар дээшилсэн шүү дээ. Бүгд л хогоо хогийн уутанд хийж харагдах юм. Амралт зугаалгын бүсэд нийтийн бие засах газар, хогийн сав заавал байх хэрэгтэй байна. Бид хоосон хайрцагтай ирээд дүүрэн хогтой буцдаг. Гол дагуу архи, пивоны лааз, нойлын цаас, гялгар уут, ариун цэврийн хэрэглэл хүртэл ил задгай хаясан нь сэтгэл эмзэглүүлэх юм” хэмээн гэр бүлээрээ амарч явсан А.Тэгшжаргал учирлаж байв.

Зарим иргэд голын эрэг дээр архи, пивоны лааз, бэлэн гоймонгийн саваа тэр чигээр нь үлдээгээд явж байхдаа тааралдав. Шаардлага тавихад хүлээж авахгүй, дургүйцэх хандлага гаргаж байлаа. Бид Баянзүрхийн товчооны гүүр дагуу амарч, зугаалж буй иргэдийг зорин очлоо. Голын эрэг дагуу машинтай иргэд олон байв.

Майхангаа хурааж, хог хаягдлаа түүж байсан Н.Алтантуяа гэх эмэгтэй “Хүмүүс хөл хориотой байгаа үед гэр бүлээрээ салхинд гарч, амрахыг боддог болсон байна. Ажиглаад байхад хүмүүс дор дорноо хогоо цэвэрлээд явж харагдах юм. Бид ч гэсэн ийм жишгээр л салхинд гараад явж байна. Өнөө өглөө голын эрэг дагуу ирэхэд хог хаягдал ихтэй байсан. Зарим иргэдэд шаардлага тавихаар огт хүлээж авдаггүй. Голын эргээс жаахан холдоод л тортой хогоо ил задгай хаячихдаг. Тухайн хүний ухамсрын л асуудал. Өмнө энэ орчимд хогийн цэг байгуулсан байсан чинь одоо байхгүй болсон байна. Цаашдаа байнгын хогийн цэгтэй болчихвол хог хаягдал багасахад багахан ч гэсэн нөлөөлөх болов уу” гэдгийг хэлж байв.

“ХОГГҮЙ, ЦЭВЭРХЭН ГАЗАР ХАЙГААД ОЛСОНГҮЙ”

Ойр орчимд хогийн цэг хайж, хэсэг явсны эцэст хоёр цэгтэй тааралдав. Гурав, дөрвөн төмөр пошик нүхэлж, будгаар хогийн сав гэж бичжээ. Хуванцар сав, цаасан хог хаягдал гэж бичсэн боловч саванд багтахааргүй хог үүсч, гадна талд нь бөөгнөрсөн байлаа. Харин ил задгай хог хаяж буй иргэдтэй таарсангүй.

“Найзуудаараа голын эрэг дээр амарч, зугаалж байна. Бид хоггүй, цэвэрхэн газар хайгаад олсонгүй” хэмээн Б.Батчимэг гэх бүсгүй учирлаж байв. Модны сүүдэрт гэр бүлээрээ тухлан суух Б.Эрдэнэбатынх амралтаараа хүүхдүүдээ салхилуулж яваа гэдгээ хэлж байлаа.

Тэрбээр “Гэр бүлээрээ амраад явж байна. Хөл хорионы үеэр хүүхдүүдээ хэсэгхэн ч гэсэн салхинд гаргаж, гол ус үзүүлэх санаатай. Гэвч, энд тэндгүй машин холхилдож, давхилдаад тухгүй юм. Дээрээс нь хоггүй цэвэрхэн газар хайгаад олдохгүй болжээ. Бид жижиг уутандаа хогоо хийгээд л сууж байна. Хүн бүр л дороо хог хаяхгүй болчихвол эрүүл аюулгүй орчинд иргэд амрах бүрэн боломж байна” гэдгийг хэлж байв.

“ХҮҮХДИЙН ЖИВХ АРИУН ЗҮЙЛ ГЭЖ МУХАР СҮСГЭЭР ХАНДАХ НЬ БУРУУ”

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Туул голын доод хэсэгт цугларсан хүүхдийн живхийг хүмүүс цэвэрлэж буй зураг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ зургийн хувьд одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө авсан бодит зураг ажээ. Туул голын сав орчим иргэд хүүхдийн шингэнтэй живхийг олноор хаясан байсныг мэргэжлийн байгууллагынхан цэвэрлэсэн гэдгийг Экологийн цагдаагийн албаныхан хэлж байв.

“Иргэдийн зүгээс хүүхдийн зүйл ариун учраас өөр бусад хогтой нийлүүлж хаяж болохгүй, байгальд ил байх ёстой гэж мухар сүсгээр ханддаг. Энэ бол маш буруу ойлголт. ДЭМБ-аас хүүхдийн живхийг хэрэглэхгүй байхыг уриалж, дахин хэрэглэх даавуун живхийг хэрэглэхийг уриалж байгаа. Үүнээс гадна иргэд амралт зугаалгын бүсэд согтууруулах ундааны сав, шил, гялгар уут, цаасны хог хаягдлаа ил задгай хаячихдаг. Тиймээс “Хогоор бүү хорло” аяны хүрээнд сошиалд олон дагагчтай хэд хэдэн групптай Экологийн цагдаагийн албанаас хамтран ажиллаж байгаа. Эдгээр группээр дамжуулан хог хаягдал ихээр хаясан зөрчлийн талаарх зургийг постлуулж, иргэдэд нөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа” талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Б.Анура яриандаа дурдаж байлаа.

Хүүхдийн живх хөрсөнд шингэх хугацаа ойролцоогоор 100 жилээр хэмжигддэг аж. Нэг хүүхэд хоёр нас хүртлээ ойролцоогоор 2000-8000 живх хэрэглэдэг гэх судалгаа бий. Үндэсний статистикийн газрын мэдээлснээр жилд дунджаар 52 мянган хүүхэд шинээр төрсөн гэвэл жилд ойролцоогоор 200-400 сая живх хог хаягдал болж гарч байна гэсэн үг.

“МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН ХЭМЖЭЭ ДӨРӨВ ДАХИН НЭМЭГДСЭН”

Тэрбээр “Хог хаягдлын асуудал байнга яригддаг сэдвийн нэг. Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын хог хаягдлын хэмжээ дөрөв дахин нэмэгдсэн. Учир нь бидний өдөр тутмын хэрэглээ ихэсч, ахуйн хог хаягдлууд нэмэгдэх болсонтой холбоотой юм. Тиймээс өрх, байгууллагын хүрээнд хог хаягдлын менежментийг зайлшгүй хэрэгжүүлж, хог хаягдал бага гаргах нь чухал. Жишээлбэл, Экологийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж буй “Хогоор бүү хорло”  хэсэгчилсэн арга хэмжээг хэрэгжүүлж, ажиллаж байна. Иргэдийн нүдэнд хог хаягдал хэдийнэ дасал болжээ. Иргэд цар тахлын улмаас гадаадад аялж зугаалж чадахгүй байгаа учраас Монгол орондоо аялж байна. Урин дулааны улиралд гэр бүлээрээ аялж, хоол хүнсний зүйлсээ голын эрэг дагуу хаяж байна. Экологийн цагдаагийн албанаас өнгөрөгч долоо хоногт нийслэлийн нутаг дэвсгэр дэх Туул, Улиастай, Сэлбэ гол орчимд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой шалгалтуудыг хийсэн. Уг шалгалтаар голын эрэг дагуу ил задгай машин угаах, усны нөөцийг бохирдуулсан, хог хаях зөрчлүүд зэрэг тав, зургаан зөрчил илэрснийг баримтжуулж, Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажлыг явуулсан.

Хэрвээ усны сан бүхий газрыг бохирдуулж, машин техник угаасан, бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулна. Ингэхдээ хувь хүнийг 100 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно гэж хуульд заасан байдаг. Алба хаагчдын зүгээс хүрээлэн буй орчиндоо ээлтэй, хог хаягдлаа зориулалтын газар хаяхыг уриалж байгаа. Насанд хүрсэн иргэдийн ухамсар, үйлдэл, дадал зуршлыг өөрчлөхөд хэцүү. Өнөөдөр зарим иргэд “Нэгэнт хүн хог хаягдлаа ил задгай хаясан байгаа газарт би хог хаячихъя” гэдэг сэтгэлгээгээ больчих хэрэгтэй. “Хогоор бүү хорло” аяны хүрээнд аяллын хогийн уутыг автомашин хэрэглэгчдийн группуудтай хамтран зайлшгүй уут авч явахыг уриалж байгаа юм” гэв.

Холбоотой мэдээ