
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 257 иргэн энэ сарын 17-нд эх орондоо ирсэн бол өчигдөр дахин 266 иргэн эх орондоо ирэх юм. БНСУ-д байгаа иргэдээ татан авчирч байгаа энэ үед тусгай нислэгт багтаж чадаагүй иргэд “бүртгэл шударга бус явагдлаа” хэмээн Инчён нисэх онгоцны буудалд суулт зарласан байна.
БНСУ өмнө нь Монгол Улсын иргэдийг транзитаар хүлээж авахгүй шийдвэр гаргаад байсан. Үүний дагуу Гадаад хэргийн яам Солонгосын Элчийн сайдын яам, Солонгосын Хууль зүйн яамтай дипломат шугамаар харилцаад, яриа хэлэлцээр хийсний үр дүнд Солонгосын тал албан ёсны зөвшөөрөл ирүүлсэн.
Энэ яриа хэлэлцээний үеэр Солонгосын талаас Монгол иргэд Инчён онгоцны буудал дээр тусгай үүргийн нислэг хийх тохиолдолд замбараагүй байдал гаргаж, жагсаал цуглаан хийж байна гэсэн гомдол ирсэн. Энэ асуудлыг иргэддээ анхааруулахыг хүсэж, хэрвээ энэ байдал үргэлжлэх аваас дараа дараагийн тусгай үүргийн нислэг хийхэд хүндрэлтэй байна гэдгийг онцолсон. Солонгост байгаа иргэд иймэрхүү үйлдэл гаргахгүй байхыг ГХЯ-наас өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн.
Тэгвэл эх орондоо ирж чадахгүй байгаа иргэд Инчён онгоцны буудал дээр суулт зарлаад байгаа бөгөөд таван шаардлагад нийцсэн иргэдээ татаж авахгүй байгаад гомдолтой байгаагаа илэрхийлжээ.
Манай улсын хувьд энэ сарын 20-нд Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ Сөүлээс транзит нислэгээр татан авчирна. Иргэд суулт зарласантай холбоотойгор Солонгосын тал маргаашийн транзит нислэгийг хэрхэн хүлээж авах талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.
0 cэтгэгдэлтэй