СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД: ТА РЕГИСТРИЙН ДУГААРАА “ХУДАЛДВАЛ” ХУЙВАЛДААНЫ ОРОЛЦОГЧ БОЛНО

2020-06-18 88

УИХ-ын 2020 оны сонгууль болоход цөөхөн хоног үлдлээ. Сонгуулийн сурталчилгаа үргэлжилж буй энэ өдрүүдэд иргэдийн иргэний үнэмлэх, регистрийн дугаар сурагласан нөхдүүд хороо хориноос холбогдож, тав, арван цаас амлах нь ихэслээ, ямар учиртай юм бол гэх иргэд маш их байна. Тодруулбал, иргэд сонгогчдын регистрийн дугаар, хаягийг орой үдэшгүй утасдаж цуглуулж, мөнгө амлаж буй явдал хэрээс хэтэрч байна.

Зарим  нь бүр нэг хүний гегистрийн дугаарыг 70 мянган төгрөгөөр худалдаж авна гэсэн байх юм. Шударга сонгууь явагдах л юм бол хүний гегистрийн дугаар цуглуулах ямар хэрэг байх вэ.

Үүний цаана төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаархал агуулагдаж байж мэднэ. Хуулийн хэллэгээр ярих юм бол Сонгууль хууль бусаар явуулах, хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг юм байна.

Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйл.Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх

1.Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд; сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд зориуд саад учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж;

2.2.хууран мэхэлж;

2.3.сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

14.6 дугаар зүйл.Сонгууль, ард нийтийн санал асуулгад илүү санал өгөх

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгад нэгээс илүү удаа санал өгсөн; нэгээс илүү удаа санал өгөхийг зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Сонгуулийн саналын хуудас, ард нийтийн санал асуулгын хуудсыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

14.7 дугаар зүйл.Сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах

1.Сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах хорооны дарга, гишүүн, эсхүл бусад албан тушаалтан улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулсан; сонгогчийн санал өгөх, санал хураах, тоолох ажилд зориуд саад хийсэн; бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац, битүүмжлэлийг зориуд гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авахыг зохион байгуулсан; хатгасан; дэмжсэн; санал хураалтын дүнг өөрчилсөн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

14.9 дүгээр зүйл.Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах

1.Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн 14.5, 14.6, 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Иймд иргэд сонгогчид та бүхэн тав, арван мянган төгрөгт хууртаж иргэний үнэмлэх, регистрийн дугаараа “зарах” нь Сонгуулийг хууль бусаар явуулах зорилгоор хийгдэж буй хуйвалдаанд оролцож буй хэрэг юм шүү.

Холбоотой мэдээ