С.БАЯРЦОГТ, ДА.ГАНБОЛД, Б.БЯМБАСАЙХАН НАРЫГ ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2020-06-18 103

Шүүгдэгч нарын хувьд 5-10 тэрбум төгрөгийн барьцааг хоёр хоногийн дотор байршуулж чадаагүй байна.

НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Баяр, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт  холбогдох эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх өнгөрсөн гуравдугаар сард хүлээн авчээ.

Оюутолгойн гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотой нийт 461 хавтас хэрэг ирсэн байна.

Ингээд 2020.04.06-ны өдөр Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан. 2020.04.29-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2020.05.05-ны өдөр тогтоож, шүүх хуралдаан 2020.05.11-ний өдөр хүртэл хойшилж, 2020.05.11-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, 2020.05.25-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон. Тавдугаар сарын  25-ны өдөр шүүх хуралдаан тус тус хойшилсон.

Хоёр хоногийн өмнө тэдэнд холбогдох шүүх хурал болсон ч мөн өнөөдрийг хүртэл хойшилсон юм.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ганболд нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Өөрөөр хэлбэл, Хөвсгөл аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийгээд явж байжээ.

Мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан тул тус тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүгдэгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулж, өнөөдрийн 09:00 цагт товлосон байна.

Шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй буюу “Оюутолгойн” гэрээг байгуулахад ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус өөрчилж, тэдгээрийг тус бүрийг 10 тэрбум төгрөгийн барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,  шүүгдэгч С.Баярт урьд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 5 тэрбум төгрөгийн барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Бямбасайхан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан байна.

Харин шүүгдэгч Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн шийдвэрлэсэн байгаа юм.

Холбоотой мэдээ