Монголыг 160 тэрбумаар хохироосон “Жаст”-ын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарыг ХОЁР ЖИЛЭЭР яллах дүгнэлт үйлджээ

2020-06-18 92

“ЖАСТ” группийн захирал Ш.Батхүү 2009-2010 онуудад Өмнөд Африк дахь “Стандарт” банканд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж улмаар 2012 оныг хүртэлх хугацаанд 160.1 гаруй сая ам.долларын зээл авсан байдаг. Үүнтэй холбогдуулан түүнтэй хамт Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг нарыг эл хэрэгт буруутган АТГ-аас шүүхэд шилжүүлсэн. Ш.Батхүүд холбогдох шүүх хурал 2019 оны аравдугаар сарын 07-нд Улсын дээд шүүхэд болж байв. Энэ үед тэрбээр шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзсан учраас шүүх хуралдах үндэслэл бүрдсэнгүй хэмээх шалтгаанаар ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААГААД БАЙСАН.


“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦАЖ, ПРОКУРОРТ ХЯНАГДАЖ БУЙ

Харин өнгөрсөн сарын 8-нд Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат олны анхаарал татсан эрүүгийн хэргүүд, тэр дундаа Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдох хэргийн шийдвэрлэлт, явц байдлын тухай мэдээлэл өгөх үеэрээ:

Жаст группийн захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг залилсан хэргээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт илгээжээ.

ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ГЭДЭГ НЬ: Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшихыг хэлэх аж. Хэрэв эл хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хоёроос найман жил хүртэл хорих ялаар шийтгэхээр хуульчилсан.


Ш.БАТХҮҮ, Ч.ГАНЗОРИГ НАРТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭЖ, ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ

Бид Нийслэлийн прокурорын газартай холбогдож хэргийн шийдвэрлэлтийн явцын тухай тодруулахад:

“Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын хувьд залилан, мэхлэх хэрэгт буруутгагдаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт ирүүлсэн. Одоогоор хэргийг шүүхэд шилжүүлээгүй. Яллагдаж буй зүйл ангийг нь тодорхой хэлэх боломжгүй. Учир нь шүүх хурал болохоос өмнө зүйл анги өөрчлөгдөж болно. Тиймээс хэргийг яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжсэний дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой” гэх хариултыг өглөө.

Ш.Батхүү Өмнөд Африк дахь “Стандарт” банканд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж авсан 160.1 гаруй сая ам.долларын зээлээ хугацаанд нь бүрэн төлж чадаагүй. Улмаар “Стандарт” банк Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд хандаж, “Эрдэнэт” үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн. Иймд Монгол Улсын Засгийн газраас 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргаж банкны өрийг нь дарсан түүхтэй.


“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮ 98 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 185 ОБЪЕКТЫГ ЭЗЭМШДЭГ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны долдугаар сарын 3-нд “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн нэр дээр байгаа эд хөрөнгийн жагсаалтыг баримтаар нотлон ил болгож байсан.

Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас “Стандарт” банканд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг “Жаст” группийн захирал Ш.Батхүүгээс гаргуулж, төрийг хохиролгүй болгох бүрэн боломжтой. Ш.Батхүүгийн нэр дээр 185 объект /эд хөрөнгө/ буюу нийт 98 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгө байдгийг хэлсэн юм.


Юутай ч “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж “Стандарт” банкнаас авсан зээлийг “Эрсдэлийн сан”-гаас, татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн хэрэг удахгүй шийдэгдэх нь. Энэ мэт томчуулын залилангийн хэргүүд наагуураа сүртэй ч, цаагуураа ХҮҮХДИЙН ТОГЛООМ МЭТ ХӨНГӨХӨН ШИЙДЭГДДЭГ НЬ ХАРАМСАЛТАЙ.

Холбоотой мэдээ