БАРИМТ-2: Г.Амартүвшин Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ 2008, 2013 онд гаргасан уу

2020-06-18 249

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт буюу Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшин 2007 оны нэгдүгээр сард Голланд буюу Нидерландын Вант улсын иргэний харьяалалтай болсон байж болзошгүй баримтыг бид саяхан мэдээлсэн.

-Г.АМАРТҮВШИН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГЭДГЭЭ НОТЛОХ ГЭЖ ХӨӨЦӨЛДӨНӨ ГЭЖ БОДОЖ БАЙГААГҮЙ. ИНЭЭДТЭЙ Ч ЮМ ШИГ-

Харин тус мэдээллийн дараа тэрээр өчигдөр /2020.06.17/ нэр бүхий зарим, ямар нэг хэвлэл мэдээллийн сэтгүүлчгүйгээр өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын тодорхойлолт, Гадаадын иргэн харьяатын газар /ГИХГ/, Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-ын Монгол Улсын иргэн гэсэн тодорхойлолт байна. Би өөрийгөө Монгол Улсын иргэн гэдгээ нотлох гэж хөөцөлдөж, ийм олон албан ёсны баримт авна гэж бодож байгаагүй. Инээдтэй ч юм шиг” гээд “Бээжинд суугаа Монгол улсыг хамаардаг Нидерландын Вант улсын элчин сайдын яамнаас Ганибалын Амартүвшин Нидерландын вант улсын иргэн биш гэсэн” талаар мэдэгдсэн юм.

-Г.АМАРТҮВШИН 2007 ОНД ГОЛЛАНД УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛТАЙ БОЛООД 2008 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТААС ГАРАХ БИЧИГ БАРИМТАА ХӨӨЦӨЛДӨЖ БАЙСАН УУ?-

Бидэнд ирсэн мэдээлэлд, Голланд улсын Цог Жавхлант Хатан хаан Голландын иргэний харьяаллыг 2007 оны нэгдүгээр сарын 15 ны өдөр Г.Амартүвшинд олгосон байж болзошгүй байгаа юм. Мөн тус зарлигийн Монгол хэл дээрх орчуулгын доод булан Болдын Оюунтүлхүүр /Oyountulkhuur Bold/ 2008.09.05 гэжээ.Харин манай улсын харьяатаас гарахыг хүссэн иргэн “10. Шүүх, цагдаа, татвар, боловсролын байгууллагад иргэний өр төлбөр, нэхэмжлэл байгаа эсэх тухай тодорхойлолт”-ыг зохих байгууллагуудаас гаргуулдаг байна. Тэгвэл Г.Амартүвшин 2008 оны зургадугаар сард “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба”, “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс”, “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам сургалтын төрийн сан”-гаас тодорхойлолт гаргуулж байсан байж болзошгүй байна.Хачирхалтай нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс Г.Амартүвшинг тодорхойлсон байж болзошгүй баримтаа Монгол Улсын элчин сайдын яаманд хаяглажээ.

Хэрэвзээ эдгээр баримтууд үнэн бол, Г.Амартүвшин 2007 онд Голландын иргэний харьяалалтай болсныхоо дараа буюу 2008 онд Монгол улсын харьяатаас гарах бичиг, баримтаа хөөцөлдөж эхэлсэн үү гэсэн асуулт гарч байна.

-БЕЛГИД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД Г.АМАРТҮВШИНГИЙН ТУХАЙ ТОДОРХОЙЛОЛТ ГАРГАЖ ӨГЧ БАЙСАН УУ-

Монгол Улсын харьяатаас гарахыг хүссэн иргэн “4. Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт”-г гаргуулдаг байна. Үүнд оршин суугаа газрын хаяг ч хамаарч магадгүй юм. Тэгвэл бидэнд ирсэн мэдээлэлд Г.Амартүвшингийн Улаанбаатар хотод оршин суудаг хаягийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны засаг дарга 2013 оны арван нэгдүгээр сарын 01-ны өдөр тодорхойлж, Монгол Улсаас Белги Улсад суух элчин сайдын яаманд илгээж байсан байж болзошгүй байна. Учир нь тус тодорхойлолтыг “Белгид суугаа ЭСЯ-нд” гэж хаяглажээ.

Тодруулбал, Монгол Улсаас Белги улсад суугаа элчин сайдын яам нь Голланд буюу Нидерландын Вант улсыг хамаардаг юм.

-2013 ОНД Г.АМАРТҮВШИН НИДЕРЛАНД УЛСЫН ХАРЬЯАТ ГЭЖ МЭДҮҮЛЖ БАЙСАН УУ?-

Тэгвэл тэрээр “Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчийн анкет”-ыг 2013 оны арван нэгдүгээр сарын 06 ны өдөр бөглөх үедээ тэрээр Нидерланд улсын иргэн байсан байж болзошгүй байгаа юм. Учир нь, энэхүү баримтад “5. Одоо аль улсын харьяат гэсний доор Нидерланд” гэсэн байдаг. Улмаар, “13. Монгол Улсын харьяатаас гарахыг эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд зөвшөөрч байгаа эсэх гэсэнд Тийм” хэмээгээд, цаашлаад “14. Одоо байнга оршин суугаа улс, хотын нэр, хаяг, утас, факсын дугаар, и-мэйл хаяг гэсний доор Amsterdam Herengracht 445c, 1017 BR …” гэж бичсэн байгаа юм.

-Г.АМАРТҮВШИН 2011 ОНД АНУ-ЫН ИРГЭНШЛЭЭС ТАТГАЛЗАЖ БАЙСАН УУ-

Мөн Монгол Улсын харьяатаас гарах иргэн “Гурван үеийн намтар”-аа бичиж өгдөг байна. Харин бидэнд олдсон мэдээлэлд Г.Амартүвшин нь “Гэр бүлийн байдал”-аа 2001 онд АНУ-ын иргэн Елизбат Гессонтай гэр бүр болсон. Эхнэр маань 1971 онд төрсөн. … Бид хоёр 2006 онд төрсөн хоёр охинтой” гэж мэдүүлсэн байж болзошгүй байгаа юм. Тэгвэл өчигдөр /2020.06.17/ тэрээр иргэншлийнхээ талаар мэдээлэл хийсний дараа сошиал орчинд зарим иргэд түүнийг 2011 онд АНУ-ын иргэншлээс хасагдсан байж болзошгүй баримтуудыг нийтэлж эхэлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ ISEE.MN

Холбоотой мэдээ