ХУУЛИЙН ЦАХИУР

2020-06-17 53

-Та хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, салбарын яам хүртэл толгойлж үзсэн. Энэ зам тийм хялбар байгаагүй. УИХ-д дахин нэрээ дэвшүүлсэн нь хэний, юуны төлөө вэ?
-Хуульт ёсны төлөө… 

Эгц урдаас огтын хувиралгүй ширтэх энэ харц, түүний эзнийг нь таних болсоор арав гаруй жил өнгөрчээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд битгий хэл, УИХ-ын гишүүн болохоос ч бүр өмнө гэсэн үг.

Ардчиллын алдаа, оноог өнөөдрийнх шиг хараахан эрчимтэй ярьж эхлээгүй байсан цаг үе. Харин хүний эрх, эрх чөлөөний төлөөх либерал онолыг бараг л бурханчлан шүтдэг МУИС-ийн багш нарын хүрээлэл дундаас нэг нь “Үгс” гэх нийтлэлийн номоо хэвлүүлсэн нь хуульч Хишигдэмбэрэлийн Тэмүүжин. 2000-аад оны дундуур буюу Х.Тэмүүжин гэдэг хүний тухайд хувь хүний эрх чөлөө, хуульт ёсоор өвчилсөн “ХУУЛИЙН РОМАНТИЗМ”-ын үе байлаа, одоо эргээд харахад.

Дандаа л гоё сайхан ирээдүйн тухай ярина. “Хууль ийм хүчтэй”, “Шударга ёс ийм гоё”, “Эрх чөлөө бол агаар”, “Хүн бол нийгмийн капитал”… гэх мэтчилэн. Яриан дундаа хуулийн диваажинг байгуулж, тэр диваажинд нь итгэн үнэмшигч, үлгэрлэн дагагчид нь амьдрах маягтай. Энэ үедээ тэр илүү их инээмсэглэдэг байсан ч байж магадгүй. Энэ тухай түр завсарлаад ХУУЛИЙН ТУХАЙ сэтгэгдлээ үргэлжлүүлье.

Хууль бол оршихуй. Хүн төрөлхтөн галыг нээж, галтай болсон нь хүн амьтнаас ялгарах анхны том дэвшил болсон гэдэг. Харин хууль бол хүнийг хүн болгох хамгийн эрхэм ололт. Гэмт хэрэгтэнг гэм зэмгүй хүнээс ялгах, шударга бусыг шударга ёсоор халах, худлыг үнэнээс ялгаж салгах нь хүн бидний аюулгүй амьдрах арга зам, баталгаа юм. Хууль бол эрх чөлөөт нийгмийн үнэт зүйл төдийгүй энэ эрх чөлөөг бий болгох бидний “зэвсэг” гэж болно. Шөнө болохоор унтаж, өглөө болохоор сэрж, өлсөхөөрөө хооллож, өвдөхөөрөө эм уудагтай адил анхдагч хэрэгцээ, мөн.

Харамсалтай нь, сүүлийн үеийн улстөрчид, баян чинээлэг цөөнх, албан тушаалтай, танил талтай хэсэг нь эрх ашиг, эд баялгаа хамгаалах, үнэнийг худал, худлыг үнэн болгохын тулд хуулийг худалдаж авдаг болсон. Худал хуурмагаа нуухын тулд мөрдөгчид төлнө, прокурорт төлнө, шүүгчид бүр ихийг төлнө. Хууль хэрэглэж байгаа нөхдөд төлөөд зогсохгүй эцэст нь хууль тогтоогч нарт төлдөг болсон.

Ийм аргаар өөрийгөө “цагаатгасан” эрх мэдэлтэн эргээд гэмт хэргийн ертөнцдөө тавтай морилно. Хаалган дээр нь үл үзэгдэх бэхээр “Авлига хээл хахуул, албан тушаалын гэмт хэргийн үүр уурхайд тавтай морил” хэмээн бичсэн байдаг байх. Тэд ингэж хуулийг гууль болгодог. Эрх чөлөөг “мөнгөтэй хүмүүсийн л худалдаж авч болох зүйл” гэж итгэдэг. Эрүүл мэндийг ч гэсэн “худалдаж авах ёстой” гэж үздэг. Халаасандаа хуультай, хажуудаа банктай явдаг. Ийм нийгэмд та бид хэнд гомдлоо хэлж, хэнээс шударга ёсыг нэхэх вэ?

Яг энэ замаар хуульч Х.Тэмүүжин нэг удаа алхаад, “алгадуулаад” буцсан. Хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудын хуйвалдааныг олонд ил зарласан. Ерөнхий прокурор нь өөрөө хуулиа худалдан бэлжиж, Ерөнхийлөгч нь өөгшүүлээд сууж байгааг илчилсэн. Цагдаагийн цол зэрэг нь авлига, хээл хахуулын бат нот авдар сав болсныг дэлгэсэн… Гэсэн ч тэр буруудсан. “Намаа хамгаалсангүй, найзаа хайрласангүй” гэдэг зэмд унасан. Хууль яриад хуульгүй гүтгүүлсэн, ганцаараа бус гэр бүлээрээ элэглүүлсэн сүүлчийн бус эхний хүн болсон. Ажлаараа, амьдралаараа яллуулсан.

Гэхдээ тэр ялагдаагүй. Харин түүний гэгээхнээр мөрөөдөж явсан “ХУУЛИЙН РОМАНТИЗМ” дуусгавар болсон байж мэдэх юм. Учир нь, тэрбээр одоо хуулийн тухай ярихдаа инээмсэглэх нь бага болсон байна билээ. Хувь улстөрчийн хатуу чанд чанараа хамтад нь илэрхийлж дадсан байна лээ. Хуультай нийгмийн хуульгүй харилцааг хэрхэн цэгцлэх, хуульт ёсыг хэрхэн тогтоох тухай, нийтийн хуулиас илүү хувь хүний хууль байхгүй гэдгийг ойлгуулахын төлөө ганцаараа чармайх бус олуулаа ярьдаг, илүү чангаар дуугардаг болсон нь анзаарагддаг.

Сонгуультай зэрэгцэн амь орж, зурагтын булан тохой эзлэн саналын гуйлга хийдэг орчин цагийн улстөрчдийн хожуу ухаарал, оройтсон сэхээрэл лав түүнийх биш. Дөрвөн жил хуулиа ярьсан, улс төрөө хийсэн, хууль яагаад хууль биш болж, хэн хуулийг хууль биш болгож байгааг харсан. Хууль хулгайлагчдыг чичилсээр, хуульт ёсны төлөө тэмцсээр байсан.

Энэ бол амь бөхтэй үнэт зүйл. Алдаа оноотой бичигдсэн амьд улс төр. Хуулийн салбарт ч, хууль тогтоох засаглалд ч ямар орон зай эзлэх нь хамаагүй, яаж ийгээд байж л байх ёстой, дуугарч л байх учиртай тийм нэг дуу хоолой. Хуулийн салбарын хатуу хөтүүг илэрхийлэхүйц “цахиур чулуу” юм.

Алт мөнгөний амтанд орохоос нь өмнө хүн төрөлхтөний амьдралд хамгийн их тусыг хүргэсэн чулуу бол цахиур. Бүр чулуун зэвсгийн үеэс бидэнтэй хамт явж ирсэн. Яаж ч нүдэж, сэтэлж, шидэлж байсан ирмэгээсээ элэгдэнэ үү гэхээс эвдэрч сүйрэх нь үгүй. Гал гаргана, ус цэвэрлэнэ… Байгаль эхийн дахин давтагдашгүй үнэ цэнэтэй бүтээл. Хууль, хуульт ёсыг зүгээр л арилжааны хэрэгсэл болгож, худалдаад авчихдаг болсон энэ цаг үед хууль тогтоох засаглал өөрөө цахиуртай байх ёстой.

Алгадаж явсан, алгадуулж үзсэн, “РОМАНТИЗМ”-аа гээгээд АРХИРЧ СУРСАН, алдаа онооных нь түүх ав адилхан ил тод бичигдсэн тийм ЦАХИУР…
Тэр цахиур итгэл үнэмшилтэй, хатуужилтай, хашгираан дунд тэсэж үлдэх тэнхээтэй байх ёстой. Тийм шалтгаанаар бага инээмсэглэдэг болсон байж ч мэднэ. Шударга ёсыг дээл шиг нөмөрсөн, иргэнээ алагчилдаггүй хуультай нийгэмд хүүхдүүд маань инээмсэглэж яваасай гэсэндээ…

Сэтгүүлч Г.Отгонжаргал

ЭХ СУРВАЛЖ: WWW.INEWS.MN

Холбоотой мэдээ