ГЭМТЛИЙН ЦОНХООР ҮСЭРСЭН ӨВЧТӨН, ӨМНӨ НЬ АМИА ХОРЛОХЫГ ЗАВДАЖ БАЙЖЭЭ

2020-06-16 165

Өнгөрөгч амралтын өдөр ГССҮТ-д эмчлүүлж байсан иргэн өндрөөс унаж амиа алджээ.

Дээрх хэрэг зургаадугаар сарын 14-ний ням гарагт гарсан бөгөөд тухайн өдөр юу болсон талаар тодруулахаар ГССҮТ-ийг зорилоо. Биднийг хэргийн газарт очих үед тус эмнэлэгт хөл хөдөлгөөн ихтэй өвчтөнүүд олноор ирсэн байв. Хүний амь нас эрсэдсэн тухай мэдээллийг тодруулахаар явж байгаагаа хэлэхэд, эмнэлгийн ажилтнуудын зүгээс хэвлэлд тодорхой хариулт өгөхөөс татгалзаж байлаа.

Бидэнд олдсон мэдээллээр, талийгаачийг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч нар өдрийн 13.00 цагийн орчимд ГССҮТ-д хүлээлгэн өгчээ. Өвчтөний гэмтлээс хамаарч, түүнийг ГССҮТ-ийн Гар сарвууны гэмтэл согогийн тасагт хэвтүүлсэн байна. Тус тасаг нь эмнэлгийн зургаадугаар давхарт байрладаг бөгөөд өвчтөн ихтэй байгаа учир хөнгөн гэмтсэн иргэдийг эмнэлгийн хонгилд байрлуулж байжээ.

Талийгаач нь Баянзүрх дүүргийн харьяат 43 настай эрэгтэй бөгөөд тэрээр ГССҮТ-д ирэхээсээ өмнө хоёр гарынхаа бугуйг зүсэж, шөрмөсөө тасалсан байжээ. Улмаар талийгаачийн гэрийнхэн 103 дугаарт дуудлага өгч эмнэлэгт хүргэсэн байна.

Ингээд өвчтөнийг ГССҮТ-д хүлээн авч даралт дэмжих эмчилгээ хийж, цусны бүлгийг тодорхойлох шинжилгээ авчээ. Талийгаачийн гарын шөрмөс тасарсан тул өвчтөнийг шөрмөс залгах хагалгаанд оруулахаар болоод байжээ. Түүнийг хагалгаанд оруулахаас өмнө бэлтгэл болгож, хүчилтөрөгчтэй өрөөнд оруулаад гаргасан байжээ. Тухайн үед талийгаачийг түүний гэр бүлийн хүн сахиж байсан бөгөөд талийгаачийг хүчилтөрөгчийн өрөө рүү эмчийн зөвшөөрөлгүйгээр дахин оруулсан байна.

Тус тасагт маш хүнд өвчтэй хоёр хүн байсан гэх ба тэд мөн сахиуруудтай байжээ. Гэтэл талийгаач өрөөнд орж ирмэгцээ эхнэртээ “Ус уумаар байна” гэж хэлсэн байна.

Ингээд талийгаачийн эхнэр ус авч ирэхээр өрөөнөөс гарах үед цонхоор үсэрсэн ажээ. Өрөөнд байсан гэрчүүд “Түүнийг аврах ямар ч боломж байгаагүй. Агаар амьсгалж байна гэж бодсоноос, үсэрчихнэ гэж огт бодоогүй, ийм зүйл болсонд цочирдсон” хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлжээ.

Талийгаачийн цогцост олон тооны шарх сорви үүссэн байсан ба тэрээр ГССҮТ-д хүргэгдэж ирэхээсээ өмнө хоёр гарын бугуйнаасаа гадна хоолой гүрээний хэсэг, хөлийн шилбэ зэргээ хутгаар зүсэж гэмтээсэн байжээ. Талийгаач сэтгэцийн хувьд эрүүл хүн байсан гэх боловч өмнө нь удаа дараа амиа хорлох үйлдэл хийж байсан гэдэг нь шалгалтын явцад тогтоогджээ. Энэхүү хэргийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Холбоотой мэдээ