Хотын дарга аа, нүцгэлтэл нь моод биш тэмцэл юмаа

2019-12-10 141

Хотын удирдлагууд дээрх эсэргүүцлийг үл ойшоож, авто зам ашигласны татварыг тав дахин нэмсэн хэвээр сонгуультай золговол өнөөгийн эрх барьж байх үе нь түүхэнд бичигдэж, 2020 онд ялагдал хүлээх нь гарцаагүй

Хотын дарга аа, иргэдээ нүцгэлтэл нь бүү зовоогооч гэж хотын удирдлагуудад энэхүү үгийг хэлмээр байна. Учир нь тэд ямар ч тооцоо судалгаа хийлгүй зөвхөн тооны машин дээр олон оронтой тоо бодож ирэх онд авто зам ашигласны татварыг тав дахин нэмэхээр хотын төсөвт суулгасан нь ард олны эсэргүүцэлтэй тулж жагсаал цуглаан хийлгэхэд хүрсэн билээ. Уг нь анх энэхүү шийдвэр хотын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж НИТХ-руу саналаа өгөх үед нь НИТХ дахь АН-ын бүлгээс ямар үндэслэлээр нэмж байгаа шалтгаанаа тодорхой тайлбарла хэмээн олонтаа учирласан ч МАН-ынхан олонхоороо хүч түрж “Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр эргээд бидний зорчиж байгаа замыг засахад зарцуулагдана” гэдэг үгээр халхавч хийж нэмчихсэн. Тухайлбал энэ талаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “Авто зам ашигласны төлбөр нэмэгдүүлэхдээ тооцоо судалгаагүй, иргэдийн нуруун дээр дарамт үзүүлэх шийдвэр байна гэдгийг чуулган дээр хэлж байр сууриа илэрхийлж байсан. Аливаа асуудлыг ардчиллын зарчмаар олонхоороо шийдэх ёстой гэж үздэг хүний хувьд НИТХ-ын чуулганаар дахин хэлэлцэгдсэн тохиолдолд цуцлах байр суурьтай байгаа. НИТХ-ын тогтоолыг зөвхөн НИТХ өөрөө хүчингүй болгох эрхтэй” хэмээх тайлбарыг өгч байв.

Ийнхүү ямар ч тооцоо судалгаагүй агаарын тоо бодсон хотын удирдлагуудын энэхүү балгаас болж бүтэн өдрийн турш нийслэлд түгжрэл үүсч, жагсаалын үеэр бухимдсан нэгэн иргэн  хувцсаа тайчин, бухимдлаа илэрхийлж байсан нь эмгэнэлтэй. Ийн бухимдал дагуулсан асуудлаас болж Ерөнхий сайд, хотын дарга С.Амарсайханыг дуудаж, уулзан дахин тооцоо, судалгаатайгаар, олон нийтийн саналыг тусгаж  асуудлыг шийдвэрлүүлэх үүрэг өгсөн юм. Ямартай ч Ерөнхий сайдын өгсөн энэхүү үүрэг чиглэлийн дагуу хотын дарга НИТХ-ын тогтоолыг өөрчилж нийслэлийн төсөвт тодотгол хийж, дахин шийдвэр гаргуулна гэдгийг зарим төлөөлөгч хэлж байна.

Эхнээсээ иргэдийг өвлийн хүйтэнд жагсаал зохион байгуулж, нүцгэлэх хүртэл ингэж бухимдуулахгүй байх боломж хотын удирдлагуудад байсан ч тэд зарим нэг НИТХ-ын төлөөлөгчдийнхөө үгийг үл тоож олонхоороо хүч түрж нийгэмд МАН-ыг муухай харагдуулах ажлыг хийсэн нь хачирхалтай.

Харин өчигдөр үүссэн энэхүү нөхцөл байдал нь ирэх оны сонгуульд МАН-ын ялалт, ялагдлын өнгийг тодорхойлох томоохон акц байсан тул Ерөнхий сайдын оролцоотойгоор нөхцөл байдлыг түр харзнахаар болов. Хэрэв хотын удирдлагууд дээрх эсэргүүцлийг үл ойшоож, авто зам ашигласны татварыг тав дахин нэмсэн хэвээр сонгуультай золговол өнөөгийн эрх барьж байх үе нь түүхэнд бичигдэж, 2020 онд ялагдал хүлээх нь гарцаагүй. Тиймээс л Ерөнхий сайд иргэдийн бухимдлыг бага ч атугай дарж, татварын дарамт гэх “гал”-ыг бага ч болтугай намжаахын тулд С.Амарсайханыг шийдвэрээ эргэн харахыг үүрэгдсэн болов уу.

Эцэст нь хотын удирдлагуудаа дүн өвлийн хүйтэн болсон энэ үед дахиж иргэдээ нүцгэлэх үйлдэл бүү гаргаарай. Өчигдэр нэг иргэн нүцгэлсэн бол дараагийн удаад олноороо нүцгэлэх вий.

 

Холбоотой мэдээ