Б.АНУРА: БАЙГАЛД 40 ЖИЛ ЗАДАРДАГГҮЙ ХАДГАНД ШУВУУД АМЬТАНД ХАДГАНД ОРООЦОЛДОЖ ҮХЭХ ТОХИОЛДОЛ ИХ БИЙ

2020-06-15 111

ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд – Хогоор Бүү Хорло” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны талаар ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Б.Ануратай ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ энэ өдрийн мэнд хүргэе. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба байгуулагдаад удаагүй байна. Албаа танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны А/09 дүгээр тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий “Экологийн цагдаагийн алба”–ыг байгуулсан.

Манай алба Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Зөрчил шалган шийдвэрлэх, Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа гэсэн дөрвөн хэлтэстэй.  21 аймаг, 64 суманд экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, мөрдөгч, байцаагч нийт 170 алба хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн экологийн болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Экологийн цагдаагийн албыг байгуулсан гэж хэлж болно.

-Экологийн Цагдаагийн алба байгуулагдсанаас хойш олон нийт рүү чиглэсэн шат дараалалтай үйл ажиллагааг явуулж байгаа нь нийгэмд мэдрэгдэж, хүрээлэн байгаа орчны эсрэг аливаа зөрчил гэмт хэргийн тухайд анхаарал тавьдаг болжээ. Одоогоор ямар нөлөөллийн ажлыг явуулж байгаа вэ?

-ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх” тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн “Хотын болон аяллын дүрэм, Хог хаягдлын алтан дүрэм” сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлууд хийгдэж байна.

Тодруулбал, энгийн аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын талаарх мэдээллийг олон нийтэд өгөх, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор “Хогоор бүү хорло” хэсэгчилсэн арга хэмжээг ирэх сарын 10-ны хооронд сарын хугацаанд ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн, “Монкон” группийн хэрэгжүүлж буй Мандала Гарден төсөл, “М-Си-Эс Кока-Кола” компанитай хамтран хэрэгжүүлж байна.

-Монгол Улс хог хаягдлын асуудал ямар байдалтай байгаа вэ?

-2000 оноос өмнө хүмүүсийн хэрэглээнээс үүсэх хог хаягдлын бүтэц бараг тодорхой байлаа. Үүнээс хойш хүмүүсийн хэрэглээний соёл, бүтээгдэхүүний нэр төрөл, эрэлт хэрэгцээ хурдтай өөрчлөгдөн, үйлдвэр, ААН-ийн тоо ч эрс нэмэгдсэн. Тэр хэрээрээ хог хаягдлын хэмжээ ч эрс ихэсчихлээ.
Жишээ нь, бид жижигхэн бэлэг өгөхийн тулд хэдэн давхар уут сав хэрэглэдэг болсон. Ялангуяа сүүлийн дөрвөн жилд хог хаягдлын хэмжээ огцом өссөн.

Улсын хэмжээнд хог хаягдлын хэмжээ жил бүр 500 мянган тонноор нэмэгдэж байна гэсэн БОАЖЯ-ны албан ёсны тоо бий.

Нэг иргэн өдөрт дунджаар 270-900 грамм хог хаядаг гэсэн судалгаа ч гарсан. Энэ их ахуйн хог хаягдлын 40 гаруй хувийг дахин боловсруулах боломжтой цаас, хуванцар сав, хөнгөн цагаан лааз, шил гэх мэт бүтээгдэхүүн эзэлдэг.

Хэрэв анзаарвал дугуй худалдаалах цэг дээр 2-3 сарын дотор хаягдал дугуй уул, овоорчихдог. Нэг үеэ бодвол дахин боловсруулах үйлдвэр хуучин дугуйг задлан шинэ бүтээгдэхүүн хийж байгаа ч үйлдвэрлэлийн хүчин чадал нь гарч байгаа хогоо дийлэхгүй байна.

Манай улсын хувьд хог хаягдлын бүтэц нь улирлаас шалтгаалан өөр өөр. Тухайлбал, өвлийн улиралд бараг 60 хувь нь үнс байдаг бол хавар намрын улиралд МАА-н гаралтай хог хаягдал ихэсдэг.
Намар оройхон сум болгонд бойн цэгүүдийн био хаягдал, хавар үхсэн малын сэг зэм энд тэндгүй ихэсдэг. Тэр болгонд тохирсон тусгай хог хаягдлын менежмент дутагдаж байна.

-Хог гэдэг холын зүйл биш. Амьсгалах агаар, уух усаар дамжаад бидний эрүүл мэндэд яаж ч сөргөөр нөлөөлж болох нь ээ?

-Сүүлийн үед өсөлтгүй ураг, элдэв төрлийн хорт хавдрын өвчлөл нэмэгдсэн. Нүдэнд харагдаж байгаагаар нь бид агаарын бохирдол, утаа руу л чихдэг. Яг үнэндээ агаарын бохирдол өвөл зунгүй л байгаа. Нүдэнд харагдахгүй ч гэсэн машины утаа, хогны тоос тоосонцорт бохирдсон агаараар өвөл зунгүй амьсгалдаг. Агаар, орчны бохирдлын үндэс нь юм шүү дээ.

Жишээ нь, хаана ч хамаагүй хаяад байгаа хог хаягдал болон сум суурин газар, уул уурхайн болон бусад үйлдвэрүүдийн бий болгож байгаа хогийн цэг хонхорт агуулагдаж буй хог хаягдал нь хөрс, газрын гүний усанд аажимдаа нөлөөлнө. Эргээд бид гүний ус буюу худгийн усаараа ундаалдаг шүү дээ. Бас тэр усаараа хүнсний ногоогоо усалдаг ч байж болох юм.

Мэдээж тэр хөрс дээр ургасан ургамал дээр мал сүрэг бэлчинэ. Гэтэл махыг нь бид иддэг. Ийм учраас хог гэдэг бол шинжлэх ухааны үндэстэй хандахаас аргагүй зүйл.

-Бидний дунд хог хаягдалтай мухар сүсгийн ойлголтууд бий энэ тухайд та ямар бодолтой байдаг вэ?

-Тийм шүү, Анзаараад харвал бидний эргэн тойронд мухар сүсэг гэхээсээ гадна хэвшмэл явцуу дадал хандлага олон байна. Жишээ нь нялх хүүхдийн шингэнтэй живхийг бусад хогтой нийлүүлж хаядаггүй, цэвэр ариун зүйл учир байгальд ил задгай тавих ёстой гэсэн хандлага түгээмэл байна. Бид өнөөдөр уран, цөмийн хаягдал гэхээр сэртэс хийх хэрнээ байгаль орчинд маш сөрөг нөлөөтэй, түүгээр ч зогсохгүй үр удмыг маань аажмаар бөхөөх аюул биднийг аль хэдийнэ нөмөрснийг анзаарахгүй байна.

Хор хөнөөлийг нь бодвол “Чимээгүй тахал” гэж нэрлэж ч болохоор энэ аюул бидний өдөр тутмын хэрэглээ болсон, ялангуяа залуу ээж, аавуудын хамгийн үнэнч туслагч болдог живх. Нэг хүүхэд өсөж том болтлоо дунджаар 4,000 ширхэг живх /памперс/ хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг байна. Европ тивийн нийт хог хаягдлын 2 хувийг нэг удаагийн живх эзэлдэг бол АНУ жилд 28 тэрбум ширхгийг хэрэглэдэг.

Хэрэглэсэн живхийг булж устгасан тохиолдолд хөрсөнд 300-500 жил хадгалагдах чадвартай бөгөөд энэ нь байгаль орчинд онцгой аюултай гэсэн үг юм. Иймээс дахин хэрэглэгдэж болох байгальд ээлтэй живх хэрэглэхийг уриалж байна. Хүүхдийнхээ эрүүл мэнд мөн байгаль орчинд үүсэх хор хөнөөлийг бодож хэрэглээгээ өөрчлөх зайлшгүй шаардлага бий.

Мөн нийлэг хадаг байгальд 40 жил орчим хугацаанд задралд орохгүй мөн биологийн төрөл зүйл болох мэрэгч амьтад, шувууд хадганд орооцолдож эндэх нь бий.

-Экологийн Цагдаагийн албанаас зохион байгуулж буй “Хогоо бүү хорло” аянд иргэд хэрхэн нэгдэж оролцоогоо нэмэгдүүлэх вэ?

-Маш энгийн зүйлд бид уриалж байгаа боловч өргөн агуулгаараа иргэдийн буруу дадал хандлага ирээдүй хойч үед үлдэх байгалийг хэрхэн доройтуулж байгааг ойлгуулах ухамсарлуулах зорилготой. Эх орончийн халаасанд чихрийн цаас бий гэдэг үг бий. Нүдэнд харагдахгүй намайг хүн харахгүй бол гэдэг хандлагаар хогоо ил задгай хаях бус зориулалтын саванд хаядаг, хэрэглээгээ багасгаж татгалзаж чаддаг, хогоо ангилдаг, байгальд ил задгай хог хаяхгүй байхад л асуудал маш энгийнээр өндөр үр дүнтэй шийдэгдэж болно. Аянд маань идэвхтэй оролцож яг одоо та гартаа байгаа хогоо хогийн саванд хийгээрэй, ахин ашиглаж болох  хог байна уу гэдгийг бас анзаарч бодоорой.

-Бидэнтэй цаг гарган ярилцсанд баярлалаа эх орноо хамгаалах тэр дундаа байгаль орчноо хайрлан хамгаалж буй танай албаны алба хаагчдад хувиасаа болон редакцын зүгээс амжилт хүсье.

-Танд болон цаг гаргаж ярилцлага уншсан уншигчиддаа баярлалаа. Амжилт хүсье Бидний ирээдүй та бидний хандлага жижиг өөрчлөлтүүдээс бүрдэнэ шүү. Эх орноо хайрлая.

Холбоотой мэдээ