Шүүхээс С.Баярыг 5, С.Баярцогтыг 10, Б.Бямбасайханыг 2 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахыг шаардлаа

2020-06-15 209

Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ганболд нь УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн, Хөвсгөл аймагт ажиллаж байгаа, мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхцсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус гаргасан байна. Шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдаанд ирээгүй нь шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэл болох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.

Гэвч шүүгдэгч шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болох тул гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны энэ сарын 18-ны өдрийн 09:00 цагт товлолоо.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй буюу “Оюутолгойн” гэрээг байгуулахад ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус тус 10 тэрбум, шүүгдэгч С.Баярт авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 5 тэрбум төгрөгийн барьцаа гаргах, шүүгдэгч Б.Бямбасайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Мөн шүүгдэгч Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн шийдвэрлэсэн байна.

Ийнхүү шүүхэд 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах нэг шинэ үзэгдэл бий болов уу. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг мөн 10 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулахыг шаардав. Хүнд битгий хэл банкинд ч байх боломжгүй их хэмжээний мөнгө нэхдэг болов. Хэрвээ энэ мөнгөө хугацаандаа байршуулахгүй бол шүүгч захирамж гаргаж шууд хорьдог болов.

Одоо тэгвэл Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй долоон хүнийг цагдан хорих нь.

ЭХ СУРВАЛЖ: asu.mn

Холбоотой мэдээ