Ц.САНДУЙГИЙН НЭР ДЭВШИХ ЭРХИЙГ СЭРГЭЭЖЭЭ

2020-06-15 88

НИТХ-ын даргаар ажилласан байсан Ц.Сандуйг “60 тэрбум”-ын хэрэгт яллагдагчаар татаж, шүүхээс дөрвөн жилийн ял оноосон билээ. Гэвч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Улмаар яллагдагч Ц.Сандуйг хорих ангиас суллаж, батлан даалтад гаргасан юм.

Харин батлан даалтад гарсан Ц.Сандуй УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болж, хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн ч түүний нэр дэвших эрхийг хязгаарласан юм.

Тэгвэл нэр дэвших эрхээ хязгаарлуулсан Ц.Сандуй Сонгуулийн ерөнхий хороог шүүхэд өгсөн байна. Өөрөөр хэлбэл, түүний нэхэмжлэлтэй, “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ц.Сандуйг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр хүлээж авчээ. Шүүх бүрэлдэхүүн Ц.Сандуугийн нэр дэвших эрхийг сэргээсэн байна. 

Энэ талаар өнөөдөр /2020.06.15/ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ. Тэд “Ц.Сандуйгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн” гэх тайлбарыг өглөө.

Холбоотой мэдээ