НААДМААС ӨМНӨ ИХ ДЭЛГҮҮРИЙГ НЭЭНЭ

2020-06-13 163

Улсын их дэлгүүрт гал гарсантай холбоотойгоор тус дэлгүүрт байсан 13 тонн буюу 162 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зургадугаар сарын 10-нд устгасан байна. Харин бусад бараа, бүтээгдэхүүнийг түрээслэгчдэд буцаан олгож байна.

Тус дэлгүүрт өчигдөр /2020.6.11/ очиход дэлгүүрийг тойруулан тууз, хашлага татсан харагдав. Дэлгүүрийн чанх ард ачааны олон машин эгнэн зогссон байлаа. Галд өртөөгүй хайрцагтай зүйлсийг ачааны машинд ачиж байсан юм.  Хүмүүчийн ачуулж байгаа бараа бүтээгдэхүүнийг харахад цахилгаан бараа, ариун цэврийн цаас байлаа. Маск зүүж, бээлий өмссөн тооллогын ажилчид дэлгүүрээс орж гарч, зарим нь түр амсхийн сууж байв.

Түймрийн дараах эмх замбараагүй байдлыг цэгцлэхээр ажилчид нь зав чөлөөгүй ажиллаж байна. Учир нь, баяр наадмаас өмнө Их дэлгүүрийн нэг, хоёрдугаар давхрыг нээхээр төлөвлөж байгаа гэнэ.

БАРААГАА АВААРАЙ ГЭЭД БИДЭН РҮҮ ЗАЛГАСАН

Хашлагын гадна зогсох түрээслэгчдээс энэ талаар лавлахад “Биднийг мэдээлэл өгч болохгүй гэсэн. Мэдээлэл өгчихвөл дараа нь асуудал гарах байх. Галаас болж бүх түрээслэгчдэд их бага хэмжээний хохирол учирсан. Хохирлоо барагдуулахын тулд эргээд “Номин”-гийнхонтой холбогдох байх. Дэлгүүрийн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулсан. Бусад зүйлсийг нь түрээслэгчдэд эргүүлэн олгож байгаа. Нэгдүгээр давхарт хүнс, гоо сайхан, үнэт эдлэл, үнэртэй ус зэрэг олон төрлийн барааны тасаг байсан. УИД-ээс бараагаа аваарай гээд бидэн рүү залгасан. Нэгдүгээр давхрын түрээслэгчид бүтэн үлдсэн бараагаа өнөөдөр авч байна. Бусад давхрыг сайн мэдэхгүй байна. Хэдийгээр түрээслэгчид гэрээ байгуулахдаа даатгал төлсөн ч хохирол их хэмжээтэй гарвал асуудлыг яаж шийдэх бол гэж айж л байна” гэх тайлбарыг өгсөн юм.

БҮХ БОЛОМЖИЙГ АШИГЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Харин энэ талаар тус дэлгүүрийн менежерээс тодруулахад “Тооллого бүрэн дуусч байгаа хэдий ч хохирлын хэмжээ эцэслэн гараагүй байна. Бид асуудлыг аль болох түргэн шийдэхээр бүх нөөц боломжийг ашиглан, хичээнгүй ажиллаж байна. Мэдээлэл эцсийн байдлаар гарсны дараа хэвлэлийнхэнд нэгдсэн журмаар мэдээлэл хүргэх болно” гэсэн юм.

ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Дариймаагаас галд өртөөгүй, хүнснийхээс бусад бүтээгдэхүүнийг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулсан юм.

-Танайхаас УИД-т гарсан галтай холбоотойгоор хүнсний 13 тонн бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна. Бусад бүтээгдэхүүн нь аюулгүй гэсэн үг үү?

-Улсын их дэлгүүрийн барилгад гал гарсантай холбоотойгоор хүнс, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны барааны чанар аюулгүй байдлыг тогтоохоор хяналт шалгалт хийгдэж байна. Гал гарснаас шалтгаалж, чанарын шаардлага хангахгүй болсон 13 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулсан. Тухайлбал, шалгалтын явцад нийт 2388 нэр төрлийн 485 мянга 737 ширхэг, 11676.254 кг, 224.27 литр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд улсын ахлах байцаагчийн 35 акт тогтоолоо. Шалгалтаар 92 нэр төрлийн 130 бүтээгдэхүүнээс дээж авч 28 үзүүлэлтээр шинжлүүлэн, шаардлага хангаагүй таван дүгнэлт үйлдэгдээд байна. Улсын байцаагчийн актыг үндэслэн зургадугаар сарын 10-нд хогийн цэгт нийт 162 сая төгрөгийн үнэ бүхий 13 тонн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, барааг  нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид Цагдаагийн байгууллага, “Номин Тав трейд” ХХК-ийн албан тушаалтныг байлцуулан устгал хийлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

-Түрээслэгчид бараа бүтээгдэхүүнийг буцаан олгосноор өөр салбаруудаар эсвэл өөр дэлгүүрт тухайн бүтээгдэхүүнийг худалдаалах магадлалтай. Тухайн бүтээгдэхүүн нь иргэдэд аюулгүй юу?

-Тоггүй болоод удсан учраас хөргүүрт хадгалах ёстой, хадгалалтын горим зөрчигдсөн сүү, сүүн бүтээгдэхүүн, ил худалдаалагдаж байсан утаа тортог болж, үнэр шингэсэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, торт гэх мэт түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн, үнэр, угаар нэвчиж болох хүнсний ууттай түүхий эд бүтээгдэхүүнийг устгалд оруулсан. Бусад хүнсний бүтээгдэхүүнийг “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн дагуу “Номин тав трейд” компани өөрийн дотоод хяналтаараа итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж аюулгүй байдлыг хариуцна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнөөдөр долдугаар давхарын хоолны газарт ажиллаж байна. Хяналт шалгалт дуусах болоогүй байна. Мэргэжлийн хяналтын зүгээс аюултай гэж үзсэн бүтээгдэхүүнийг устгасан. УИД-ын зүгээс устгалд оруулаагүй, галд өртөөгүй бүтээгдэхүүнүүдийг түрээслэгчдэд буцаан олгох гэж байгаа юм билээ.

Эх сурвалж: news.mn

Холбоотой мэдээ