Д.Цогтбаатар сайд аа, дипломат алба чинь хар тамхи, визний наймаачдаар дүүрчихлээ

2020-06-13 89

Хотын дарга асан Су.Батболд Ц.Сандуйд хандан “Шаах хүнээ л шаа” гэж билээ. Түүнтэй адилхан Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарыг “Шаах хүнээ л шаа” гэмээр байх юм. Эх орноо төлөөлөн гадаад улсад суугаа манай дипломат ажилтнуудтай холбоотой дуулиан дуу дуугаа авалцсаар.

Урьд нь ч, одоо ч Болгар, Унгар, Латви, ОХУ, Герман, Франц гээд олон улсад суух дипломатууд хар тамхи зөөдөг, зөөсөөр ч байна. Тамхи зөөсөн Элчин сайдын яамны ажилтан “Цалин хөлс хүрэлцдэггүй учраас бүгдээрээ шахам тамхи зөөдөг. Мөнгөө нийлүүлж нэгэндээ өгөөд хүлээдэг” гэсэн ярилцлага өгч байсан удаатай.

Тэгэхээр бараг бүх улсад суугаа Элчин сайдын яам, консулын газрууд ямар нэг бизнес эрхэлдэг болж таарч байна.

Визний наймаа, контрабант, далайн дээрэмчдэд туг далбаагаа ашиглуулдаг (Н.Энхбаярын дүү ашгийг нь хүртдэг байв) гэх мэдээлэл ч дуулдаж байсан. Та бүхний мэдэж байгаачлан, Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ гэх залуу “Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо дипломат төлөөлөгчдийн булхайг хайр найргүй олон нийтэд дэлгэсэн билээ.

Эргэн сануулахад Д.Мөнх-Эрдэнэ, “Ний нуугүй хэлэхэд, Элчин сайд, Ерөнхий консул, дипломат төлөөлөгчид нь улс төрийн томилгоо байдаг шүү дээ. Гадаад яам дарга, сайд нарын хүүхдүүдээр дүүрсэн. Хөх хотын дэд консулаар томилогдсон Ж.Батзандангийн ах Ж.Баатарчулуун өмнө нь Эрээнд дэд консул хийж байхдаа Замын-Үүдээс Монгол руу будаа нууцаар ачиж ордог. Буцаж Монголоос Эрээн рүү гарахдаа мах ачиж ордог байсан гэнэ. “Махны” Баатарчулуун гээд алдартай нөхөр гэж байна шүү. Хөх хотын консулд одоо виз наймаалах сонирхолтой хүмүүс үлдсэн. Чононд хонь хадгалуулсан юм шиг зүйл болсон” гэж ярьсан байдаг.

Тэгвэл хамгийн сүүлд, БНТУ-ын Истанбул хотод суугаа манай Ерөнхий консулын газрынхантай холбоотой дахин нэг дуулиан дэгдээд байна. Тодруулбал, өнгөрөгч сарын 17-нд Турк улсын холбогдох байгууллагаас манай Гадаад харилцааны яаманд нот ирүүлжээ. Нотод Истанбулын прокурорын газраас тус хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газрын дэд Консул Б.Энхмөнх, техникийн ажилтан асан Б.Алтансүх нарыг мансууруулах бодис хууль бусаар худалддаг гэмт бүлгийн гишүүнээр элссэн байж болзошгүй гэх мэдээлэл ирүүлсэн талаар дурджээ.

Түүнчлэн, Монгол Улс, БНТУ-ын хооронд Иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу Б.Энхмөнх, Б.Алтансүх нараас Истанбулын прокурорын газрынхан байцаалт авах гэж буйг дурдаад зөвшөөрөл хүсчээ. Тус хотын прокурорын газраас дээрх хэрэг явдалтай холбогдуулан хавтаст хэрэг нээсэн аж. Туркээс Европын бусад улс руу хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлдэг гэмт бүлгийг тус улсын цагдаагийн ажилтнууд илрүүлэн шалгаж буй юм байна.

Үүгээр зогсохгүй, Б.Энхмөнх, Б.Алтансүх нарын хэрэг нь өнгөрсөн жил дипломат дугаартай автомашинаараа 70 кг хар тамхи тээвэрлэж, ХБНГУ-ын хилээр нэвтрүүлэх гэж байгаад баривчлагдсан тус газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын гэмт бүлэглэлийн үйлдсэн хэргийн үргэлжлэл байх магадлалтай гэх таамаг байгаа аж. Эх орныхоо болон Монголын дипломат албаны нэр хүндийг шавартай хутгасан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар өдгөө тус улсад яллагдахаар хоригдож байгаа юм.

Харин техникийн ажилтан Б.Алтансүх нь дээрх Ерөнхий консулын газарт ажиллаж байжээ. Түүний ажиллах эрхийг цуцалсан ч эх орондоо ирэлгүй тус улсад амьдарч байсан гэнэ. Түүнчлэн сэжигтнүүд тус улсад суугаа Монгол Улсын дипломат ажилтнуудаас илүү тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдарч байгаа, тийм байр хөлслөх хөрөнгийн эх үүсвэрийг шалгана гэжээ.

Энэ хэргийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруу­лахад “Монгол Улсын иргэн шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ тухайн иргэн нь тус улсад байнгын оршин суудаг. Түүнийг шалгах явцад манай улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудаас хуулийн байгууллага тайлбар авч байгаа юм билээ. Дипломат ажилтнууд ч гэсэн тайлбараа өгөөд явж байгаа. Бид энэ тохиолдолд Хууль зүйн яамтай холбогдож, хуулийн зөвлөгөө, туслалцаа хүсээд хамтран ажиллаад явж байгаа. Дипломат ажилтнууд гэдэг нь ташаа мэдээлэл байна” гэсэн тайлбарыг өгчээ.

Үнэн хэрэгтээ Д.Цогт­баатар сайд нэгэнтээ “Улсынхаа нэрийг бодоод хууль бус асуудалд холбогдсон дипломатуудыг зарладаггүй” гэж ам алдсан удаатай. Энэ бол маш буруу жишиг, ажлын алдаа дутагдал гэж болно. Гадаад хэргийн сайд өөрөө хар тамхины наймаа, хууль бус тээвэрлэлтийг өөгшүүлсэн, мэдээлэл нуун дарагдуулж байна гэсэн үг. Д.Цогтбаатар хар тамхины наймаачдыг илчлэх, ёсзүйн хариуцлага хүлээхийн оронд “Тэднийг ажлаас нь халсан” гээд сууж байх. Энэ мэтээр хар тамхины зохион байгуулалттай гэмт хэргийг эрх баригчид өөгшүүлсний үрээр манай улс хар тамхи дамжин өнгөрүүлэгч орноос хар тамхи хэрэглэгч орны статуст шилжсэн.

Дунд сургуулийн сурагчдын 50 хувь нь хар тамхи хэрэглэж үзсэн, хар тамхи хэрэглэгчдийн 80 хувь нь 18-35 насныхан байна гэдэг судалгааг Хар тамхитай тэмцэх газар онцолж байна. Өнөөдөр энэ асуудалд цэг тавьж, хариуцлага тооцохгүй бол ирээдүй биднээс хэд дахин өндөр үнэтэй төлөөс нэхэхийг таахын аргагүй.

Чухамдаа, Д.Цогтбаатар сайд та, энэ бүхнийг цэгцлэх, ном журамд нь оруулах гэж Гадаад хэргийн сайд болоогүй юм уу. Үгүй бол, ам дүүрэн шударга ёс, хариуцлага ярьдаг У.Хүрэлсүхийн кабинетад яаж багтсан хэрэг вэ. У.Хүрэлсүх нь ч бай, Д.Цогтбаатар нь ч бай энэ мэт эх орныхоо нэрийг баастсан дипломатууддаа хариуцлага тооцохгүй юм бол, ирэх сонгуулийн тухай дэврүүн мөрөөдлөөсөө эртхэн салсан нь дээр болов уу.

Эх сурвалж: “Ардчилал таймс” сонин

 

Холбоотой мэдээ