ТОГОНД ЦОХИУЛЖ АМИА АЛДСАН ГУРВАН ХҮҮХДИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ

2020-06-13 96

Он гарсаар хүний амь эрстсэн сэтгэл өвтгөм хэд хэдэн хэргүүд гарсан. Хэдийгээр коронавирусийн улмаас тогтоосон хөл хорионы үеэр гэмт хэргийн статистик үзүүлэлт буурсан ч бага насны хүүхдүүд золгүйгээр амиа алдах тохиолдол цөөнгүй байсан. Хоёрхон хоногийн өмнө л гэхэд бага насны хүүхэд арван давхраас унаж хорвоог орхисон харамсалтай хэрэг гарсан билээ.

Үүний адил олон бяцхан зүрх хэн нэгний санаатай эсвэл санамсар болгомжгүй үйлдэл, хариуцлагагүй байдал магадгүй нийгмийн буруу тогтолцооноос үүдэж хорвоог орхисоор байна. Олныг цочроож, нийгэмд маш том анхааруулга болоод л мартагдчихдаг хэргүүд одоо хэрхэж байгаа хэрэг үүссэн бол явц, шийдвэр нь яаж шийдвэрлэгдсэн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа.

-ӨНДРӨӨС УНАЖ АМИА АЛДСАН ХҮҮХЭД АСРАН
ХАМГААЛАГЧТАЙГАА БАЙЖЭЭ-

Тэрээр “Зургадугаар сарын 11-нд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байсан 10 настай хүүхэд 10 давхраас унаж, нас барсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллага хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Хүүхэд тухайн үед гэр бүлийнхэнтэйгээ буюу аав, ах, дүү нартайгаа байсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон. Хүүхдэд тавих хараа хяналт, ямар шалтгааны улмаас өндрөөс унасныг шалгаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Энэ нөхцөлд шууд гэр бүлийг буруутгах боломжгүйг тэрээр онцоллоо. Иргэд хэрвээ орон сууцанд амьдардаг бол цонхны хамгаалалт бэхэлгээг сайжруулж, гэр хороололд амьдардаг бол хаалга, цоож, гал гарах эрсдэлээ давхар тооцож, хүүхдүүдээ хамгаалах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа алдалгүй, оршин суугаа газрынхаа эрсдэлийг сайтар тооцоолох шаардлагатайг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

-ЖИВЖ НАС БАРСАН ДӨРВӨН ХҮҮХДИЙН ШҮҮХИЙН
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА-

Өнгөрсөн сарын 27-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хүүхдүүд хөөсөнцөр дээр гарч тоглож байгаад живж нас барсан бөгөөд Г 11 настай эрэгтэй, Б 15 настай эрэгтэй, О 12 настай эрэгтэй, Б 15 настай эрэгтэй хүүхэд байжээ. Тэд арвуулаа цуглаж гэрээсээ хол тоглох гэж яваад дөрөв нь осолдсон нь тэр юм. Энэхүү харамсалтай хэргийг БЗД-ийн хэрэг бүртгэлд уг хэрэг шалгагдаж байгаа аж.  Амиа алдсан хүүхдүүдийн шүүхийн шинжилгээний хариу нас барснаас 21 хоногийн дараа буюу энэ сарын 17-нд эцсийн байдлаар гарна. Хэрэгт “Хан талст” ХХК болон холбогдох хүмүүсийг шалгаж байгаа аж.

-ТОГОНД ЦОХИУЛЖ АМИА АЛДСАН ГУРВАН ХҮҮХДИЙН
ХЭРЭГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН-

Хоёрдугаар сарын сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн нутагт харгалзах хүнгүй байсан 1-5 насны 3 хүүхэд тогонд цохиулж нас барсан хэрэг гарсан.  Ээж нь үйлчлэгч хийдэг байсан цэцэрлэгийнхээ 50 жилийн ойн бэлтгэл ажилд дуудагдсан хойно гэрийнх нь угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж /шалнаас 2.5 см/ гоожсон байдалтай. Хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай байснаас дээрх хэрэг үүдсэн байдаг. Тус аймгийн цагдаагийн байгууллагаас дээрх хэрэгт эрүү үүсгэн, мөрдөн шалгах ажил хийсэн ч хэрэгсэхгүй болгожээ. Учир нь энэ хэрэг “гаднын нөлөөгүй” буюу эзэн холбогдогч байхгүй учир ийнхүү хаагдсан байна.

-ХОЁР НАСТАЙ ХҮҮГИЙН ХООЛОЙГ БООСОН ХОЙД ЭЦЭГ НЬ
АРХИНЫ ХАМААРАЛТАЙ БАЙЖ-

Сүүлд гарсан бас нэгэн аймшигт хэрэг бол 1999 онд төрсөн хойд эцэг нь нэг нас 11 сартай хүүг хоолойг нь боосон хэрэг Увс аймагт гарсан. Энэ талаар тус аймгийн Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хохирогч хүүгийн ээжийн гаргасан гомдлын дагуу хэргийг шалгаж байгаа. Шүүх эмнэлэг томилж шинжилгээ явуулахад гэмтлийн зэрэг гараагүй. Хүүхдийн ээж, хойд эцэг хоёр хувийн байдал муу буюу архины хамааралтай, амьжиргааны төвшин доогуур иргэд байсан. Одоогоор хүүхдийг аюулгүй байранд тусгаарлалтад авсан байгаа. Гэмт этгээдэд зохих ёсны арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэнэ” гэв.

Энэ мэт сонссон хүний зүрх шимширч, чихэндээ ч итгэмгүй аймшигт хэргүүд ар араасаа гарсаар байна. Нэг хэрэг гарахад иргэд шуугьж орхичхоод мартах биш үргэлж санаж анхаарч ойр дотнынхондоо анхаарал тавих нь чухал билээ. Мөн гэм буруутай этгээдүүдэд зохих ёсны ял, шийтгэлийг хуулийн дагуу шийдвэрлэгдсэн эсэх мэдээллийг олон нийтэд хүргэхээр дээрх тодруулгыг бэлтгэлээ.

Холбоотой мэдээ