У.Хүрэлсүх: Ж.Ганбаатар аа, чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй

2020-06-11 309

Дэлхий тэр аяараа айдаст автаж, улс гүрнүүдийн удирдагчид коронавирустэй дайн зарлаад тулалдаж байхад манай эрх баригчид л сонгуулиас өөр юм бодох тэнхэлгүй явна. “Оргил”-ын хэмээн олон түмнээ нэршигдсэн Ж.Ганбаатар Баянголчуудын сонголтоор төрийн түшээ болж, УИХ-ын гишүүн гэсэн нэрийг зүүгээд дөрвөн жилийн нүүр үзэж байна. Тэрбээр эдүгээ УИХ-ын сонгуульд дахин өрсөлдөхөөр Баянголчууд руу ирээд байгаа. Дирол, стимирол гэдэг бохиноос эхлээд “Алпен голд” шоколадыг Монголд анхлан оруулж ирсэн гэдэг Ж.Ганбаатар “Оргил” нэртэй дэлгүүрийг ч анх босгосон байдаг. Одоо “Оргил” 10 гаруй салбар дэлгүүртэй болж өргөжөөд байна. Харин өөрийнхөө энэ бизнесийн өргөжин тэлэлтийг өнгөрөгч сонгуулийн үеэр ард иргэдийнхээ төлөө хийсэн бүтээн байгуулалт хэмээн өргөмжилж байсан удаатай. Налайхын наана “Оргил”-ын шинэ салбар цогцолбор нээснээ ийнхүү нэрлэж байхыг нь сонсоод “Энэ хүний дэлгүүр өргөжиж, дахин нэг салбартай болж байгаа нь яагаад иргэдийн төлөө хийсэн бүтээн байгуулалт болдог билээ. Монголд ганцхан “Оргил” гэдэг худалдааны төв л байдаг бил үү. Аль эсвэл өөр нэрлэчих зүйлгүй болоод ингэж байна уу” гэж бодоод өнгөрсөн удаатай. Зөвхөн “Оргил” нэртэй салбарласан худалдааны төвөөр энэ хүний бизнес хязгаарлагдахгүй.

Монгол Улсын эдийн засаг 2010 оноос бизнесийн салбарынханд ээлтэй байсан үед “Оргил”-ын Ганбаатар орон сууцны бизнест хүч үзэж, “Камдер” нэртэй барилга угсралтын компанитай болж, “Энканто-1”, “Энканто-2” хотхоныг барьсан байдаг.

Түүнийхээр бол энэ нь бас ард түмний төлөө хийсэн бүтээн байгуулалт нь байх. Тэгэхдээ мэдээж, “Оргил”-оос мөнгөө төлж худалдан авалт хийнэ, орон сууцанд нь ч мөнгөө төлөөд орно. Бүгд л тэгдэг номтой. Гэтэл Ж.Ганбаатар яагаад өөрийнхөө төлөө хийж байгаа бизнесээ “Ард түмэн та нарынхаа төлөө энэ бүхнийг хийлээ” гэж рекламддаг нь ойлгомжгүй.

Х.Нямбаатарын хуулийг тухайн үед нь эсэргүүцэхгүй яасан юм бэ, Ж.Ганбаатар аа!

Сонгуулийн суртал­чилгааны хүрээнд Ж.Ган­баатар тэргүүтэй МАН-ын төлөөлөл БГД-ийн хороодоор явж байгаа. Хоёр хоногийн өмнө гэхэд бидний нэрлэж заншсанаар X хорооллын иргэдтэй уулзалт хийжээ. Тэр үеэр уулзалтад оролцсон иргэд янз бүрийн л хүсэлт гаргаж. Ихэнх нь оршин суугаа байрныхаа ойр орчмын тохижилтын талаарх асуудлыг хөндөхөд нэр дэвшигчид “Энэ бүхэн бол танай хороо, дүүргийн хэмжээнд шийдэх асуудал байна. УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүст төрийн хэмжээний, хууль боловсруулах хэмжээний асуудал тавих хэрэгтэй” гэж номложээ. Тэгмэгц нэг эмэгтэй Ж.Ганбаатарт хандаж, “Өсвөрийн насны охидын асуудлыг хөндмөөр байна. Бага насны охидыг бузарлагчдад оноох ял хөнгөдөж байна. 14 нас хүрсэн охиныг бараг насанд хүрсэнд тооцохоор заалт Эрүүгийн хуульд оруулчхаад байгааг эсэргүүцэж байна. Үүнийг өөрчлөх боломж бий юү” гэж асуухад Ж.Ганбаатар “Би ч гэсэн өөрөө гурван охинтой хүн. Энэ асуудал дээр сэтгэл зовнидог. Х.Нямбаатарын тэр хуулийг өөрчлөх боломж байгаа” гэсэн хариулт өгчээ. Үүнийг юу гэж ойлгох ёстой вэ. Иргэдийг хуурч, санал авах гэсэн ээлжит тоглолт уу. Яагаад ингэж хэлэх болов гэхээр Х.Нямбаатарын оруулж ирсэн тэр хуулийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан хоёр эсэргүүцэхгүй яасан юм бэ. Үнэхээр л охиддоо хайртай эцэг, бусдын төлөө үг хэлэх эрхтэй болсон төрийн түшээ юм бол охин үрийг чинь доромжилсон шийдвэр гаргах үед хаана байсан хэрэг вэ. Одоо нэгэнт хууль нь гарсан хойно “Залруулж болно” гэж хэлэх чинь “Орсон борооны хойноос цув нөмрөхтэй” адил бус уу.

Ер нь Ж.Ганбаатар УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөөр ам муруйж байсан удаатай. Тэгэхдээ “Төрийн байгууллагуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, зөвхөн төсвийн мөнгөөр торгох арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгасан мөртлөө хувийн хэвшилд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хорих арга хэмжээ авахаар тусгасан нь учир дутагдалтай” гэж шүүмжилж байснаас бус охидын эрх ашгийн төлөө оройлон манлайлсныг нь санахгүй байх юм.

Мөнгөөр бүхнийг шийддэг хүн өндөг шиг өөгүй “харагддаг”

Нэгэн цагт “Нэвтрүүлэг голдоггүй Ж.Ганбаатар” гэж нэрлэгдэж явсан хүн өнөөдөр тэс өөр болсон. Ганзгын наймаанаас бизнес­ээ цэцэглүүлж, өдгөө Монголын толгой баячуудын тоонд хэдийнэ багтсан түүний тухай ямар нэг сөрөг мэдээллийг олж авна гэдэг бараг үлгэр. Дурын нэг улстөрч, улстөрч болохоор горилогчийн тухай “Гүүгл” хайлт хийхэд өчнөөн мэдээлэл гарч ирдэг. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын тухай “Гүүгл” хайлтад мань эрийг “өөлсөн” нийтлэл нэгийг ч харагдуулахгүй байж чадаж байгаагаас үзвэл овоо “мөнгө”-тэй эр бололтой. Улс төрд зүрх сэтгэлээ өгсөн хүн бол хэрийн юмыг даагаад гарах дархлаатай байхгүй бол болохгүй гэдгийг өнөөгийн бодит байдал бэлхнээ харуулдаг. Тэгвэл Ж.Ганбаатар “Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч, амжилттай бизнесмен” гэх имижийг өнгөрсөн хугацаанд бүрдүүлэхийн төлөө зүтгэж байсан бол одоо зүтгэлтэй улстөрч гэсэн хэв маяг бүтээхийн төлөө “зүтгэж” байна. Аливаа хүн өндөг шиг өөгүй байна гэж үгүй. Тэр тусмаа улстөрчдөд ямар нэг өөлөх зүйл заавал гардаг. Тэд ам.доллар биш, хүн болохоор алдаа оноо байж л байдаг. Огт цэвэрхэн хүн байна гэдэг өөрөө асуудал юм. Ер нь бол мөнгөөр бүхнийг шийддэг хүн л өнгөн дээрээ өндөг мэт өөгүй харагддаг юм шүү дээ.

У.Хүрэлсүх: Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй шүү

Ж.Ганбаатарыг 10 гаруй жил Баянголчуудыг тойглож байж УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэж ярих хүмүүс бий. Юутай ч тэр, хувиасаа нэг км зам тавьж, сонгогчдодоо гурил, будаа тарааж байж, УИХ-ын танхимд орж ирсэн нь нууц биш. Гэсэн ч парламентын танхимд заларсныхаа дараа “Хойноос ирээд хот минийх, Хотонд ороод хонь минийх” гэх араншинг гаргаж, Ерөнхий сайдтайгаа ам мурийгаад авсан удаатай. Энэ бол УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байх үеэр болсон явдал. Эргэн сануулъя. 2018-10-30

У.Хүрэлсүх: С.Чинзориг сайд Ж.Ганбаатар хоёр УИХ-ын чуулганы хуралдаанд ЖДҮ-тэй холбоотой асуудлаар маргалдсанаас хамаг хэрэг үүслээ.

Ж.Ганбаатар: Би чуулганы танхимд хүнтэй хэрэлдээгүй.

У.Хүрэлсүх: Дарга чинь үг хэлж байна. Чи дуугүй сонсч сур.

Ж.Ганбаатар: Би худал зүйл сонсохгүй.

У.Хүрэлсүх: Чи дүүргийн намын хорооны дарга. Танай дүүргийн намын хорооны гишүүн чиний өөдөөс ингэж хэдэрлээд байвал яах вэ. Чи хүний үгийг сонсч сур.

Ж.Ганбаатар: Би чуулганы танхимд хэрэлдээгүй гэдгээ танд хэлж байна.

У.Хүрэлсүх: Чи анх удаа УИХ-д сонгогдсон хэр нь их пээдэлзээд байгаа шүү. Намайг УИХ-ын гишүүн байгаагүй гэж бодоо юу. Би хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож, наад танхимд чинь сууж байсан юм. Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй шүү” хэмээн нэлээн ширүүн маргалдсан байна.

Намын даргынх нь энэ үг голд нь орсон уу, яасан аль эсвэл дараачийн нүүдлээ бодсон уу, Ж.Ганбаатар гишүүн түүнээс хойш У.Хүрэлсүх даргынхаа үгийг дагадаг болж, одоо өөрийн сонгуулийн сурталчилгаандаа намын даргаа дагуулаад намирч яваа. Бизнесмен хүний алсын хараатай амьдарна гэдэг чухамдаа энэ л бололтой.

Бэлэг өгөх арга хэмжээндээ У.Хүрэлсүхийг урьсан байв

Цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо ахмадуудад гарын бэлэг гэж ул боов, өөрийнхөө зурагтай цаг тооны бичиг, аяга, чихэр жимс зэргийг тарааж, сонгогч түмэндээ мэнд сайн байгаагаа мэдрүүлдэг уламжлал тогтоод удаж байгаа. Түрүү жилийн Сар шинийн баярын өмнөхөн Монгол хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсэн нэгэн хэрэг гарсныг одоо санах хүн цөөн биз. Тэр үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн настан буурлуудыг Улаанбаатар паласын танхимд цуглуулж, өөрийнхөө хийсэн ажлыг тайлагнан өвгөд хөгшдийг олон цаг суулгасан байдаг. Эцэст нь цагаан сарын бэлэг хэмээн улаан торонд хийсэн сувинер, хоёр килограмм гурил, нэг килограмм чихэр, нэг килограмм будаа тараасан бөгөөд энэ үеэр 83 настай иргэн олны хөлд гишгэгдэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хөөрхий настан тэнд 53-тай хүүгийн хамт очсон байжээ. Тэр үеэр дүүргийнхээ 3200 гаруй ахмад настанд урилга тарааж, 4000 гаруй хүн цугларсан байна. Урилга авсан хүмүүс дундаас 300.000-1.000.000 төгрөгийн хооронд сугалаа явуулж, азтанг тодруулаад азтаны шагналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж өгч байсан ажээ. Уулзалтынхаа дараа бэлгээ тараахдаа зохион байгуулалтаа сайн хийгээгүйн улмаас 83 настай ахмад олны хөлд дарагдан ухаан алдаж унасан. Яаралтай түргэн тусламж ирсэн ч аль хэдийнэ амьсгал хураасан байсан нь тогтоогдсон билээ. Энэ хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Золгүй явдал байсан” гэсэн хариу өгөөд өнгөрсөн. Үнэхээр золгүй явдал нь үнэн. Гэвч эрхэм гишүүн Ж.Ганбаатар тэрхүү арга хэмжээгээ эхнээс нь зохион байгуулалт сайтай хийж чадсан бол эрдэнэт хүний амь эрсдээ ч үү, үгүй ч үү. Хамгийн эмгэнэлтэй нь энэ хэрэгт өдгөө хэн ч хариуцлага хүлээгээгүй байгаа явдал юм. Цагдаагийн байгууллага “Золгүй явдал” гэдгийг нь тогтоосон бол хууль тогтоогчид маань Ж.Ганбаатарт ядаж ёс зүйн хариуцлага тооцохын оронд албан тушаал ахиулж Эдийн засгийн байнгын хорооны дарга болгож дэвшүүлсэн нь ёстой монгол төрийн эмгэнэл гэлтэй.

Ж.Ганбаатар гишүүний хадгаламж есөн тэрбумаар нэмэгджээ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувьд 2018 онд жилийн 217 сая төгрөгийн орлого олсон гэдгээ мэдүүлжээ. Харин хадгаламж нь гурван тэрбум төгрөгөөр өссөн байна. Жилийн орлогоосоо хэд дахин илүү мөнгийг хадгалсан гэсэн үг. Ер нь Ж.Ганбаатар гишүүн болсноосоо хойш хадгаламжаа есөн тэрбум төгрөгөөр өсгөж чаджээ. Тухайлбал, 2015 онд 13 тэрбум төгрөг, 2016 онд 18 тэрбум төгрөг, 2017 онд 19 тэрбум төгрөг, 2018 онд 22 тэрбум төгрөгийн хадгаламжтай болсон байна. Жилд олох орлого нь буурсан ч орлогоосоо хэд дахин илүү мөнгийг хадгаламжийн дансандаа байршуулсан байгаа нь сонирхол татах асуудал биш гэж үү. Түүний ХОМ-ээс анхаарал татаж байгаа бас нэг зүйл түүний нэр дээрх газрууд. Ж.Ганбаатар гишүүний хувьд эзэмших болоод өмчлөх зориулалтаар 10 гаруй газартай. Эдгээр нь 520 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

Мөн Ж.Ганбаатар гишүүнийх нэг тэрбум 116 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван орон сууцтай хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ. Түүний гэр бүлийн гишүүд нь жилдээ тэрбум гаруй төгрөгийн орлоготой. Тэднийх 530 сая төгрөгийн үнэлгээ бүхий Lexus-570, Mercedes Benz-S350L маркийн машинтай. Тэрбээр Моннидер ХХК, Голденсвит ХХК, Нордлайн ХХК, Камдер ХХК, Сээкл ХХК-иудаас хувь эзэмшдэг. Ийнхүү Ж.Ганбаатар УИХ-д сууснаар түүний хадгаламж нэмэгдэж, бизнесээ ч өргөжүүлж авсан байна.

Тэр ЖДҮ-тэй нэр холбогдсон уу?

ЖДҮХС-гийн зээлийн асуудлаас мултарч, “цагаадсан” гишүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын нэр багтжээ. УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдсон. Тэгвэл АТГ-аас “ЖДҮ”-г шалгах явцад тойргийнхоо жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн зарим УИХ-ын гишүүнтэй холбогдох хэргийг хаах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлсэн байна.

ЖДҮХС-ийн зээлийн асуудлаас мултарч, ЦАГААДАГСАД:

Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн дэмжсэн иргэн Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ гишүүний дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” компани, Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп”, С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай”, М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах”, Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат”, Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон”, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан”, М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм”, Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус”, Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу”, Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл”, Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд”, Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс”, Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” компанитай тус тус холбогдох хэргийг хаах санал гаргажээ.

Бизнесийн гүйлгээ ухаан нь улс төрд нөлөөлж байна

Тэр уг нь сайн бизнесмен. Чихрийн наймаанаас эхэлсэн түүний бизнес “Энканто” гэх хорооллууд сүндэрлүүлэх хүртлээ юм, юм руу орсноос нь үүнийг харж болно. Хамгийн л ашигтай гэх байрлал бүрд тэр сүлжээ дэлгүүрээ байгуулсан сүйхээтэй эр. Би “Оргил”-ын Ганбаатар гэж дуудуулах дуртай гэж өөрөө ярьдаг хүн. Тэгвэл дуртай нэрээрээ дуудуулаад, дадаж сурсан ажлаа хийвэл ямар вэ. Тэрбээр бас “Төрийн албанд орж байгаа хүн төсвийн мөнгийг иднэ гэсэн зорилготой биш, гагцхүү төрийн ажлыг чин шударгаар хийх ёстой гэдэг ухамсрыг нэгдүгээрт бий болгох ёстой” гэж хэлсэн нь бий. УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын даргын амнаас унасан эл үг төрийн албанд орж байгаа хүн эн түрүүнд төсвийн мөнгөнөөс идэх зорилготой байдаг юм байна гэх ойлголтыг өөрийн эрхгүй төрүүлээд байгаа юм. Тиймдээ ч бүхнийг мөнгөөр шийднэ гэсэн Ж.Ганбаатар гишүүн Баянгол дүүргийн МАН-ын даргын албан тушаалыг хэрхэн авсан тухай МУСГЗ, сэтгүүлч Г.Жамъян гуайн баримтад түшиглэн бичсэн нийтлэлийг анхаарахгүй орхиж боломгүй санагдана. Тэрбээр “Их мөнгөтэй баян тансаг хүн олон болжээ. Гэхдээ өдий хүртэл би Ж.Ганбаатар гэж хүн шиг “буруу сэхэж” байгаа хүнийг даанч үзсэнгүй дээ. Ард түмэн минь, аль ч намын гишүүн байсан та дараа дараачийн сонгуульд хэдэн төгрөг, борлуулалтгүй бараа материал, гурил будаанд хууртаж Ж.Ганбаатар мэтийн хүмүүсийг төрд гаргаж ирэв дээ” гэж захисан байсан.

“Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг үг байдаг даа.

Холбоотой мэдээ