ШҮҮХЭЭС НЭР ДЭВШИГЧ Ж.ЭРДЭНЭБАТЫГ ЦАГДАН ХОРИХ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

2020-06-11 139

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорих захирамжийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.

Мөн шүүх хурал энэ сарын 16-ныг хүртэл хойшиллоо. Тодруулбал, шүүгдэгч Б.Отгонбаатар өмгөөлөгч авна гэсэн хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хангасан байна.

Ж.Эрдэнэбатын хувьд сүүлийн хоёр удаагийн шүүхэд өөрийн биеэр ирээгүй бөгөөд түүнийг энэ сарын 9-ны өдөр шүүхийн тусгай дансанд 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахаар шийдвэрлэсэн.

Гэвч тэрбээр уг мөнгийг байршуулаагүй учир шүүх хурлаас түүнд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ сарын 16-ныг хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргасан аж.

Хэргийг эргэн сануулбал, Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм.

Ийнхүү нэр дэвшигч, сонгуулийн сурталчилгаагаа Сэлэнгэ аймагтаа хийж яваа Ж.Эрдэнэбатыг өнөөдөр цагдан хорихоор болов. Магадгүй сонгууль дуустал цагдан хорьж, хорих ангиас сонгуульд ялалт байгуулаад гараад ирэх болов уу гэсэн найдлагыг төрүүлж эхлэв.

Холбоотой мэдээ