ДЭЛГҮҮРҮҮДИЙН ЦАГИЙГ БАГАСГАСНААР ШАГЧИДЫН АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ДАМЛАН БОРЛУУЛАХ БИЗНЕС ЭРЧЭЭ АВЧ БАЙНА

2020-06-09 180

Хорио цээрийн хугацаанд баар, цэнгээний газрууд хаалттай ч шагчдын гар харсан залуусын бөөгнөрөл их хотын шөнийн бас нэгэн эмгэнэлт дүр зураг болжээ. Архи, пиво борлуулах зөвшөөрөлтэй дэлгүүрүүд 22:00 цагт хаалгаа барьсны дараа нууцаар архи дамлан борлуулах бизнес эрчээ авдаг.

Хөлчүү залуус ч бас ганц шил архи, пиво шагчдаас авснаа олз гэж олзуурхаад хэчнээн төгрөгөөр нугалж зарсныг нь гар таталгүй авч, шалавхан цүнхлэх нь түгээмэл.

Энд тэндэхийн буланд хэнд ч мэдэгдэхгүй зогсч, согтуу хүмүүсийг ажиглах, автомашинтайгаа хүргэж өгөх, таксинд зарах, фэйсбүүк, утсаар захиалга авах зэргээр шагийн наймаа цэцэглэхийн хэрээр бизнес эрхлэгчдийн арга нарийсч, гэмт хэргийн бүлэглэл болтлоо хөгжжээ.

Зөвшөөрөлгүй архи худалдан борлуулж байгаа хүмүүсийг танихад ч амаргүй. Шууд очоод архи, пиво авах боломжгүй. Гэхдээ олны хөл холхидог тодорхой  автобусны буудлын орчимд болон зочид буудлын өмнө хүмүүсийг ажиглаж, нууцаар зардаг аж.

ШАГИЙН НАЙМААЧИД ХАМГИЙН БАГАДАА 50-100 МЯНГАН ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ 

22:30 ЦАГ:

Баянгол дүүргийн нутаг олны нэрлэж заншиснаар Энхбаярын зам дагуу “Тайнсын хөтөл” хүнсний дэлгүүр, “RICH”, “Гэгээ” зэрэг дэн буудлын харалдаа шагийн архи борлуулдаг цэг бий болжээ. Энд  замд таарсан хүмүүс, таксины жолоочид шагийн архи зардгийг ч андахгүй болж. Гэхдээ төдийлөн хүнд анзаарагдахааргүй нуугдмал. Хашир зарим нь өөрсдөөсөө зайлуулж “энэ хэсэгт шагийн архи зардаггүй” гэж хэлэхтэй ч таарсан. Удаан анзаарвал зөвшөөрөлгүй архи борлуулагчид хэсэг бүлгээрээ энд тэнд зай барьж бөөгнөрч зогсох аж. Тэд хөл дээрээ тогтож ядсан бас олноороо нийлж дарвисан залуусыг  онилж “Байна шүү, байна шүү” гэж аяархан хэлнэ. Үүнийг нь ч залуус андахгүй.

Таксины жолооч 2.5 литрийн пиво шагийн наймаачдаас хямд үнээр буюу 10.000 төгрөгөөр зарна гэж 20 орчим насны хоёр охины мөнгийг нь аваад пивоо ч өгөлгүй зугтсан тохиолдол ч гарав. Охидуудын хэлснээр нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэхдээ архи, пивоо багадуулсан тул ийнхүү утсаар захиалга өгсөн гэнэ. Гэтэл өнөөх архи, пивоны машинтай хүргэлтийн үйлчилгээ нь бараагаа  өгөлгүй мөнгийг нь аваад зугтсан гэнэ. Харин тэднийг пиво хайж явааг анзаарсан 30 орчим насны эмэгтэй “Байна шүү, байна” гэх санал болгосон юм.

Мөнгөө, пивотойгоо хулхидуулсан охидтой хамт шагчныг дагалаа. Тэр эмэгтэй автобусны буудлаас байрны дундуур дагуулж явсаар “Өргөө” орчмын наана нэгэн байрны гадаа ирснээ охидоос эхэлж мөнгөө шилжүүлэхийг шаардаж, авсныхаа дараа нэгэн байрны орц руу ороод алга боллоо. Харин өнөөх хоёр пивоны мөнгө гэж 30 орчим мянган төгрөгөө өгсөн 20 орчим насны охин бас л гадаа нь тээнэгэлзсээр үлдэв. Уг нь охид хаширлаж дагаж орохыг хүссэн ч орцныхоо хаалгыг гялс хаагаад орчихов. Дагаж ороё гэвэл хаалга нь кодтой. Таван минутын дараа өнөөх эмэгтэй пиво барьсаар гарч ирснийг өнөөх охин хүний нүд хариулсаар шалавхан цүнхэлж одсон.

Харин гар дээрээс архи, пиво борлуулдаг тэр эмэгтэйг Оюун гэх бөгөөд нэгдүгээр сараас хойш ажилгүй болсны улмаас шагийн наймаанд “хүч сорих” болсон гэнэ. Шөнө 2-3 цаг зогсоход хамгийн багадаа 50 мянган төгрөгийн орлоготой гэрэтэ харьдаг байна. Түүний хувьд архи, пиво зэрэг согтууруулах ундааг гэртээ бөөндөж, авах хүмүүст нь гэрийнхээ гаднаас өгөөд буцдаг бололтой.

Сэнгүр, Боргио, Нийслэл 2.5 литрийн савлагаа пиво 15 мянга, EX 35 мянга, Соёрхол 45 мянган төгрөгөөр тус тус зарж байлаа.

Шагийн наймаачдын ихэнх нь зам дагуу зогсч үйлчлүүлэгчээ олсныхоо дараа байрны дундуур дагуулж явсаар “Өргөө” кинотеатр, “Гэмтлийн эмнэлгийн автобусны буудал, Ахуй үйлчилгээний ордон хүртэл дагуулан явдаг байна. Харин Оюун гэх тэр эмэгтэйгийн хэлснээр хамгийн ойрхондоо зарж байгаа нь л  өөрийнх нь гэр “Өргөө” кинотеатрын орчим дахь орон сууцны хороолол аж. Шагийн наймаачдыг холоос ажиглавал хэсэг бүлгээрээ бөөгнөрч зогсох бөгөөд тэдэнд мэдээлэл дамжуулдаг хүн ч цөөнгүй бололтой. Нууцаар зураг авах, ажиглаж зогсохыг анзаарсан даруйдаа л өнөөдүүлдээ хэл хүргэдэг нас тогтсон эмэгтэйчүүдтэй ч таарсан юм.

ФЭЙСБҮҮКЭЭР АРХИ, ПИВОНЫ ЗАХИАЛГА АВАХ, АВТОМАШИНТАЙ ХҮРГЭЖ ӨГДӨГ ШИНЭ “ҮЙЛЧИЛГЭЭ” БИЙ БОЛЖЭЭ

Шагийн архи худалдаалагчид 22:00 цагаас хойш дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй архи, пивоны үнийг амандаа орсон үнээрээ зарж бас фэйсбүүк, утсаар захиалга авч хүргэж өгдөг шинэ төрлийн бизнес ч бас эрчээ авч цэцэглэжээ. Түүгээр зогсохгүй архи өндөр үнээр шаглана, дээрээс нь машиндаа суулгаж архи уулгадаг үйлчилгээ гарсныг нь хэлэх хүмүүс байна.

Фэйсбүүкт “Архи пиво хүргэлтийн үйлчилгээ”, “Архи пиво захиалгаар хүргэж өгнө”, “Архи, пиво тамхи хүргэлт” гэх мэт пэйж, группүүд мөн л дэлгүүрүүд хаалгаа барьсны дараа идэвхждэг нь анзаарагдсан. Энэ төрлийн бизнес эрхлэгчид өөрсдийн байгаа хаяг байршлаа нууцлах бөгөөд аль болох хүргэж өгөхийг илүүд үзэх аж.

Фэйсбүүк болон утсаар холбогдож үнийн мэдээлэл лавлахад архинаас илүүтэй пиво их байгааг хэлж байв. Үнийн хувьд Сэнгүр, Боргио, Нийслэл зэрэг 2.5 литрийн савлагаатай “үнээ” гэх пиво 15.000 мянган төгрөг. Харин дэлгүүрийн лангуун дээр Сэнгүр 8200-8500, Боргио, Нийслэл пиво 7500 төгрөгийн үнэтэй. Мөн шагийн наймаачид  Eden архи 0.75 нь 45.000, Соёрхол 0.75 нь 45.000, 500  EX 0.75 нь 35.000 төгрөгийн ханш тогтоожээ. Энэ нь мэдээж ердийн үеийнхээс хэд дахин “нугалсан” үнээр борлуулдаг нь тодорхой. Дэлгүүр, худалдааны төвүүдэд “Соёрхол” 0.75 литр нь 21.500, 0.5 литр нь 19.500, ЕX 0.75 литр нь 17.500, 0.5 литр нь 13.500, Chingis 0.75 литр нь 23.800  төгрөгийн үнэтэй.

Мөн бусад нэр төрлийн архи “Хараа” 0.75 нь 13.500, 0.5 литр нь 9200, Алтантүрүү 0.75 литр нь 15.000, Тайга 12.500 төгрөгийн үнэтэй байгаа юм. Хэдийгээр зөвшөөрөлгүй архи, худалдан борлуулдаг үйлчилгээ олон жил амь бөхтэй тогтож ирсэн ч хорио цээр тогтоосноос хойш улам “цэцэглэж” фэйсбүүк, утсаар захилга авч машинаар хүргэдэг үйлчилгээ шинээр бий болсныг цагдаагийн байгууллагаас хэлж байв. Фэйсбүүкээр хөврөх архи, пивоны захилга авч байна гэх утга бүхий зар, мэдээлэлд цагдаагийн алба хаагчид хатуу хяналт тавьж, илэрсэн зөрчилд хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа гэнэ.

“ШАГЛАХ”-ТАЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧЛҮҮД НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас харъяа дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдын хамтаар өдөр бүр “Эмцэг цэг”, “Шуурхай бүлэг” нэгдсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна. Уг хяналт шалгалтын хүрээнд хоногт дунджаар гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулж буй 8-15 орчим зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу шалгаж хариуцлага тооцдог байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.НЯМСҮРЭН: 

-Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим аж ахуйн нэгж байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт орсон. Архи, пиво зөвшөөрөлтэй худалдан борлуулдаг дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбоотой иргэд архи согтууруулах ундааг гар дээрээс худалдан борлуулах буюу “Шаглах”-тай холбоотой зөрчлүүд нэмэгдэх хандагатай байна. Ялангуяа архи согтууруулах ундааг facebook буюу олон нийтийн цахим хуудсуудаар дамжуулан, тээврийн хэрэгслээр хүргэж худалдах зэрэг зөрчил түгээмэл илэрдэг.

Эх сурвалж: news.mn

Холбоотой мэдээ